“Зуун жилийн өмнөх хааны ордонд очоод ирлээ. Гурван тогооч 500 литрийн тогоонд хоол хийж байх юм. Тэд бүтэн хонины мах тогоо руугаа хийж орхилоо. 30 кг будаа араас нь нэмэв. 300-400 хүнд хүрэлцэхүйц хоол хийж байгаа нь энэ ажээ. Тогооч нар Богд хаант Монгол улсын хааны ордны хоол унд, идээ шүүсний соёлыг харуулж байгаа нь энэ”.
Богд хааны ордон музей уламжлал ёсоор “Хаан ордны намар” нээлттэй өдөрлөгөө өчигдрөөс эхлүүллээ. Өдөрлөгийн үеэр Богд хаант Монгол улсын үеийн хувцас, хоол, идээ ундны соёл төдийгүй, бусад зан заншил өвөрмөц онцлогийн талаар олон нийтэд өдөр бүр танилцуулах юм. Иргэд хүүхдүүдээ дагуулан ирж, музей үзүүлэнгээ, хааны ордны гадаа талбайд болж буй соёл урлагийн үзүүлбэрийг сонирхож, 100 жилийн өмнөх Монголын түүхээр аялах боломжийг олгож байна.
БҮТЭН ХОНИНЫ МАХААР 500 ЛИТРИЙН ТОГООНД ХИЙСЭН ӨДРИЙН ЗООГ
Хаан ордны намар өдөрлөгийн эхний өдрийн сонирхол татам соёлын арга хэмжээ нь хоол ундны соёл байв. Бүтэн хонины мах буюу 30 кг махыг 500 литрийн тогоонд хийж, 300-400 хүний хоол хийв. 30 кг будаа, гурван кг сонгино хийж байх жишээтэй. Тогооч нарын бэлтгэсэн хоолыг өдөрлөгт ирсэн зуу зуун хүн хүртэж, 100 жилийн өмнөх Хааны ордны хоолны соёлтой танилцах боломж бүрдсэн юм. Хоол болсны дараа “Нэмүүлээрэй. Нэрэлхэлгүй идээрэй” гэж дуудах нь аргагүй л элбэг хангалуун, том тогооны хоол гэдэг нь мэдэгдэнэ.
МОНГОЛ УЛСЫН МАСТЕР ТОГООЧ Ж.ОТГОНПҮРЭВ: 1924 ОНООС ХОЙШ АНХ УДАА ХААНЫ ОРДОНД ҮЗҮҮЛБЭР СОНИРХУУЛЛАА
Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт газруудад том хэмжээтэй тогоонууд байдаг. Энэ тогоон дээр тухайн үедээ хэдэн мянган хүнийг хооллодог байсан түүхтэй. Том тогооны тогооч нараа “Зам “гэж нэрлэнэ. Энэ дотроо “их зам, бага зам” гэж ангилна. Их зам нь одоогийн хэллэгээр ахлах тогооч гэсэн үг. Богд хааны хэрэглэдэг байсан хаш аяга, мөнгөн аяга гэх мэтээр гал тогооны хэрэгслүүд нь музейн үзмэр болон хадгалагдаж байдаг.
Эндээс “100 жилийн өмнөх хааны ордны идээ ундны соёл өвөрмөц байжээ” гэдгийг харж болно. Өнөөдөр Мастер тогооч нарын холбоо, Итали тогооч нарын холбоо хамтраад хоол хийлээ. 1924 оноос хойш идээ ундны соёлыг харуулсан ийм үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулж, энд зохион байгуулж байгаагүй юм билээ. 100 жилийн өмнөх түүхийг музей, түүх сонирхогчдодоо харуулсандаа баяртай байна.
СОНИУЧ БОГД ХААНЫ ЦУГЛУУЛГА: ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР, ОРОСООС ИРСЭН ЗААН
Богд хааны ордон музейг зорин ирсэн хүмүүсийн үзэх гол зүйл нь мэдээж музейн үзмэрүүд. Үзмэрүүдийг нарийвчлан харуулахыг хориглодог тул бид ганц нэг сонирхолтой үзмэрийг тайлбарлуулж, бичлэг хийх, зураг дарах зөвшөөрөл хүссэн юм. Ингээд музейн тайлбарлагч Э.Бүрэнбаяр Богд хааны ордон музей дахь зарим үзмэрийн тайлбар тайлбарлаж өгсөн юм.
ГАДААД ХУДАЛДААНЫ ХӨГЖЛИЙН ТҮҮХ – ИРВЭСИЙН АРЬСАН ГЭР
Музейн тайлбарлагч Э.Бүрэнбаяр хэлэхдээ “Музейд 8000 гаруй үзмэр бий. Үүнээс онцлох нэгэн үзмэр бол Тугдан буюу Богд хааны хүндэтгэлийн өргөө. Энэхүү тугданг 1893 онд буюу 8-р богд гэгээнийг 25 нас хүрэхэд насны ойн бэлэг болгож бэлэглэсэн байдаг. Тухайн үеийн Сэцэн Хан аймаг буюу одоогийн Хэнтий аймгийн Сангилаг Дорж хэмээх Бэйс ноён ноёноос Богд гэгээнд бэлэг болгож ирүүлсэн түүхтэй. Ирвэсийн арьсан гэрийг 150 орчим ирвэсийн арьсаар бүтээсэн. Арьсаа халуун орноос авчирсан тухай мэдээ сэлт бий. Гэрийг Намар өвлийн сэрүүн цагт гадаа бороо хургүй үед 10 хоногоор барьж, бясалгал хийдэг байсан. Луу ороосон баганатай, хорол тоонотой, халуун орны ирвэсийн арьсаар хийсэн таван ханатай гэр гэдгээрээ ихээхэн онцлогтой. Үүнээс харахад одоогоос 100 жилийн өмнө ирвэсийн арьсыг гадаадаас худалдаагаар авч байсан гэж үзэхээр худалдаа арилжаа өндөр хөгжиж байсан гэдгийг эндээс харж болохоор байна.
“ОРОСООС АВЧИРСАН ЦИРКИЙН ЗААН БОГД ХААНТАЙ 26 ЖИЛ НАЙЗАЛЖЭЭ”
Богд хааны ордон музейд байдаг бас нэгэн онцлох үзмэр нь Богд хааны зааны яс. Түүх сөхвөл 1912-1913 онд Богд Хаант Монгол улсын Гадад хэргийн сайд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Орос Улсад айлчлахдаа хаанд зориулж бага хэмжээтэй бор зааныг авчирсан байдаг. Үнэ нь тухайн үеийн ханшаар 22 мянган рубль байж. Заан ОХУ-ын Краснаярск хотын циркэд тоглодог байсан тул авчрахын тулд улирал дамжиж, хэдэн сарын хугацаа зарцуулжээ. Өвөл вагоноор Хиагтад авчирж, улмаар хавар нь Хүрээнд тууж авчирсан түүхтэй. Энэ заан хааны ордонд 13 жил амьдраад, 1926 онд үхсэн байдаг. Циркийн заан байсан тул шууд ирээд Богд хааны өмнө сөгдсөн байдаг. Учир нь, тухайн үед заан ирлээ гэх мэдээгээр олон хүн энд цуглаж, харж байсан гэдэг. Богд хаан ордны урчуудаараа заандаа зориулж, хувцас өмсгөл хүртэл хийж өмсгөсөн тухай түүхий бий. Одоогоор зааны сарвуу яс музейд хадгалагдаж байна.
Хааны ордон 100 жилийн өмнөх хэв янзаараа хадгалагдаад үлдсэн нь маш гайхамшигтай. Богд хаан маш сониуч хүн байсан. Тийм ч учраас тухайн үед Монгол байдаггүй амьтдын чихмэлийг хүртэл захиалж авчруулдаг байсан. Энэ дунд дэлхий дээр одоо байдаггүй амьтан хүртэл бий” гэсэн юм.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЗАХИРАЛ Л.ЭРДЭНЭБААТАР: МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХААНЫ ОРДОН БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ГАЛ ГОЛОМТ
Энэ бол хааны ордон. Аливаа орны хааны ордонд хамгийн чухал зүйлс нь хадгалагдаж байдаг. Богд хаан бол Монголын сүүлчийн хаан учраас Богд хаанаас өөр ямар ч хааны ордон одоо байхгүй шүү дээ. Энэ өөрөө Монгол төрийн гал голомт газар. Богд хаан 1911 оны 12 сарын 29-нд Монгол улсыг тусгаар тогтнуулж, дэлхийн газрын зурагт бичигдэх эрхийг олгохдоо “Улсын нэрийг Монгол. Оны цолыг олноо өргөгдсөн гэж нэрлээд, “Би эзэн Чингис хааны байгуулсан язгуурын төр улсыг сэргээн мандуулна” гэж бичсэн байдаг. Эзэн Чингисийн байгуулсан язгуурын төр улс гэдэг бол даяар Монгол юм. Монгол туургатнууд юм. Богд хаан үүнийг нэгтгэхийг хүсэж байсан. Тэр ч битгий хэл 1895 онд Шанзав Бадамдоржийг Оросын цагаан хаан руу зарсан бичиг нь архивт байна. Түүн дээр таван зүйлийг хэлсэн байдаг. “…Монгол улс Манж Чин улсаас тусгаарлах гэж байна. Танайх тусалж өгөөч. Хоёрдугаарт манай Монгол улс руу Манжийн их цэрэг халдан довтлох юм бол зэр зэвсгээр туслах уу? Манай Монгол улс тусгаар тогтнох юм бол хуучин цагаан хэрмээр цагаан хэрмээр зах хязгаараа болгон хуучин Монгол улсыг сэргээн мандуулна гэсэн байдаг. Энэ бол түүний Чин хүсэл байсан”. Энэ мэт олон соёлын өвийг эндээс танин мэдэх боломжтой. Бид ордон музейнхаа хадгалалт хамгаалалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарч байна” гэж ярилаа.
Гадаа нар шарж, хүүхэд багачууд багшдаа хөтлүүлэн ирцгээнэ. Шуугилдан, шулганан, хөөрч баярлаж байгаа нь илт. Тэд юм бүхнийг сониучирхан асууж, хааны ордны намартай танилцаж байна. Настан буурлууд, залуус гээд хэн хүнгүй зорин ирж, баяр хөөр болцгоож байна. Тэднийг хараад, эндхийн орчныг эргүүлж ажихад цаг хугацаагаар аялж буй мэт мэдрэмж төрж байлаа. 100 жилийн өмнөх түүхийг танин мэдүүлэх “Хаан ордны намар өдөр” өдөрлөг ирэх ням гараг хүртэл үргэлжилнэ.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.