-Хурдлаарай. Бэлтгэлдээ гялс оръё.
-Одоохоон. Бэлтгэлийн цаг ашгүй болчихлоо. Чи өчигдөр ёстой гоё гоол оруулсан шүү. Ёстой мундаг байсан.
-Бөмбөг миний хажууд дуугарангуут нь хөлөөрөө мэдрээд, өшиглөсөн юм. Хаалгаа яг оносон гэж багш хэлсэн.
-Өнөөдөр би гоол оруулмаар байна. Найз аа, над руу бөмбөгөө дамжуулаарай.
-Тэгнэ ээ, миний найз өөртөө битгий эргэлзээрэй. Бөмбөг очингуут хаалга руу шууд довтлоорой.
-За.
Бэлтгэлдээ хурдан орох сон гэж яарсаар цэцэрлэгийн багшдаа хөтлүүлэн алхаж буй тэднийг Анхтэргэл, Тэмүүжин гэдэг. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөлбөмбөгийн дугуйланд хичээллэдэг, хичээллэхийг хүсэж буй хүүхдүүдийн төлөөлөл. Тэд бэлтгэлээ хийхээр яарч, догдолж яваа нь энэ.
Хөлбөмбөгийн спорттой амьдралаа холбоод олон жил болж буй Б.Даваасүрэн Монголын хараагүйчүүдийн хөлбөмбөгийн холбоог 2019 онд байгуулсан нь бүхий л насны хүмүүс энэ спортоор хичээллэх нөхцөл, боломжийг бүрдүүлжээ. Тэрбээр дасгалжуулагч Г.Сүх-Эрдэнийн хамт харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөлбөмбөгийн сургалтаа МХҮХ-ны зааланд явуулж байна.
Б.ДАВААСҮРЭН: 2032 ОНЫ ПАРАЛИМПЭД БАГ БҮРДҮҮЛЭЭД ОРОЛЦОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Энэ спортыг Монголд хөгжүүлэх санаа хэрхэн төрсөн талаар Б.Даваасүрэнгээс тодруулахад “2019 онд миний хараа гэнэт муудсан. Бүр 14 хоногийн дотор юу ч харахаа больсон. Яг тийм тохиолдол өмнө нь Монголд бүртгэгдэж байгаагүй юм билээ. Эмч нарын ачаар хараа маань эргээд сэргэсэн. Өмнөхөө бодвол муу л даа.
Тэгээд би судаллаа, бодлоо. Ер нь хараагүй хүмүүс яаж амьдарч, өөрийгөө хөгжүүлж, ямар спортоор хичээллэж байна гээд судаллаа. Харааны бэрхшээлтэй хүн хичээллэх боломжтой олон спорт байсан. Хамгийн түрүүнд шахам “Хөлбөмбөг байна уу” гээд цахим ертөнцөөс хайлаа. Байдаг юм даа. Би бүр гайхсан. Монголд хараагүй хүмүүст зориулсан хөлбөмбөгийн спорт хэр хөгсөн юм бол, хичээллэх боломж бий юү гээд судаллаа. Байгаагүй. Цахим ертөнцөөс ч ямар нэгэн мэдээлэл олдоогүй. Тэр үед “За, энийг яг Монголдоо хөгжүүлье. Яг миний хийх ёстой ажил байна” гэж бодсон. Ямар ч эргэлзээгүйгээр 2021 оны нэгдүгээр сард холбоогоо байгуулсан.
Монголын хөлбөмбөгийн холбоо биднийг хамгийн түрүүнд дэмжсэн. Дараа нь Австралийн Элчин сайдын яамныхан дэмжин, хоёр ч төсөл хэрэгжүүлж байгаа. МХҮХ дахь энэ заал талбайг Австралийн Элчийн сайдын яам, Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр тохижуулсан. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөлбөмбөгийн хувцас, хэрэгсэл, бөмбөг, энд хэрэглэж буй зүйлсийг ч мөн өгсөн. Сүүлд манай холбоог үндэсний үйлдвэрлэгч “TG sport” , мэдээлэл дээр “HumanZ” сайтын шижигнэсэн охидууд дэмжин, хамтарч байгаа.
Ерөнхийдөө манайд бүртгэлтэй 20-иод хүүхэд байгаа. Хүн хичээх юм бол харахгүй ч гэсэн хөлбөмбөг тоглож, өөрийгөө хөгжүүлж, тэр ч битгий хэл амжилт гаргах боломжтой гэсэн мессежийг өгөх, харуулах орилготой. Харааны бэрхшээлтэй хүмүүс энэ спортоор хичээллээд паралимпийн наадамд оролцох, амжилт гаргах боломжтой. 2032 оны паралимпийн наадамд баг бүрдүүлээд оролцох зорилготой” гэлээ.
Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөлбөмбөгийн бөмбөг дотроо хонхтой. Бөмбөг хаана өнхөрч буйг чимээгээр сонсоод олох боломж бүрдүүлэхийн тулд ийн дотор нь хонх хийжээ. Тамирчид нүдэндээ хаалт хийгээд тоглодог. 20х40 метрийн талбайтай, 3,66х2,14 мертийн хэмжээтэй хаалгатай.
Г.ТЭМҮҮЖИН: БӨМБӨГ ХААНА БАЙГААГ НЬ СОНСООД МЭДДЭГ
Сургалтад хамрагдаж буй Г.Тэмүүжин “Би таван настай. Би өдөр бүр цэцэрлэгтээ явдаг. Өдөр нь цэцэрлэг дээрээ унтдаг. Босож ирээд хөлбөмбөгийн бэлтгэлдээ явдаг. Би энд бэлтгэл хийх дуртай. Бөмбөг хаана байгааг нь сонсоод мэддэг. Чимээ гарахаар нь “Бөмбөг нь тэнд байгаа юм байна” гэж боддог.
-Хөлбөмбөг тоглохын юу нь гоё байна вэ?
-Гоол оруулах.
-Бөмбөг нь сонсогдонгуут өшиглөе, гоол оруулъё гэж боддог уу?
-Тэгдэг.
-Бөмбөг өөрт чинь ирэнгүүт довтолъё, өшиглөе гэж боддог уу. Найзууд руугаа дамжуулъя гэж боддог уу?
-Найзууд руугаа дамжуулъя гэж боддог. Найзуудаа, бүгдээрээ хөлбөмбөг тоглоцгооё оо. Энэ сургалтад хамрагдаарай.
Г.СҮХ-ЭРДЭНЭ: ЭНЭ ОНД 50 ХҮН ХАМРУУЛАХ ЗОРИЛГОДОО ХҮРВЭЛ ИРЭХ ЖИЛ АНХНЫ ТЭМЦЭЭНЭЭ ХИЙНЭ
Одоогоор тус сургалтад цэцэрлэгийн насны зургаан хүүхэд явж байна. Харааны бэрхшээлтэй, бага насны хүүхдүүдэд хөлбөмбөг заахын онцлог, тулгарч буй хүнд бэрхшээлийнхээ талаар дасгалжуулагч Г.Сүх-Эрдэнэ “Харааны бэрхшээлтэй, таван настай хүүхдүүдийг дасгалжуулна гэхэд анх хэцүү санагдаж байсан. Хүүхдүүд минь авьяастай, өндөр мэдрэмжтэй. Заасан зүйлийг маань төвөггүй сурч, ур чадвар нь өдрөөс өдөрт ахиж буйд урамтай байна. Надад сайхан санагдаж байгаа.
Манай холбоо Mongolian blind foothball federation гэдэг пэйж хуудастай. Тэр хуудсан дээр бүх мэдээллээ тавьдаг. Тэндээ манай холбооны, энэ спортын, сургалтын талаарх бүх мэдээллийг авах боломжтой.
Хүн нүдээ боогоод хэсэгхэн алхахад ямар байдаг билээ. Баримжаагаа алддаг, ойр орчиндоо юу байгааг мэдэхэд, мэдрэхэд хүндрэлтэй байдаг. Гэтэл харахгүйгээр хөлбөмбөг тоглоно, хоорондоо өрсөлдөнө гээд төсөөлөхөд ч бэрх. Зургаан шавь минь заасан зүйлс, техникийн хурдан сурч байгаа. Бөмбөгөө супер мэдэрдэг болсон. Энэ спорт Монголд хөгжих боломжтойг харуулж байгаа.
Гоол оруулж, бөмбөг өшиглөн, алдаж байгаа тэр болгон дээр нь “Зүгээр ээ” гээд урам өгөхийг хичээдэг. Гоол оруулбал “Маш сайн байна” гээд. Алдвал “Зүгээр ээ, чи дараагийн удаа чадна” гэсэн итгэлийг төрүүлээд явах чухал.
Зөвхөн бага насны гэлтгүй бүхий л насны, хүссэн хүн бүхэн манай сургалтад хамрагдан, энэ спортоор хичээллэх боломжтой. Үнэ төлбөргүй.
2022 онд багтаад 50 хүн бүртгэж аваад, бэлтгэлд байнга хамруулаад, хөлбөмбөг тоглодог болгочихъё гэсэн зорилготой байна. Хэрвээ энэ зорилгодоо хүрчихвэл 2023 онд анхны тэмцээнээ зохионо” гэлээ.