Улсын инфляц 2022 оны эцэст 12.0 хувь орчимд байх төлөвтэй байна. Мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр зээлийн хүү өсөж, зээл олголт буурч эхэлсэн, мөн өмнөх оны суурь үнэ өндөр байсан зэргээс шалтгаалан инфляц энэ оны сүүлээр буурах хүлээлттэй байгаа юм.
Харин импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээвэр логистикийн шалтгаантай үнийн нэмэгдэл, төгрөгийн ханшийн сулрал зэрэг хүчин зүйлс инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна.
Дэлхий даяар цар тахал намжаагүй, олон улс оронд инфляц зорилтот түвшнээсээ давсан, Украйнд болж буй нөхцөл байдал хурцадсан хэвээр байгаа нь 2023 оны дэлхийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж байгаа. Улмаар олон улсын байгууллагууд ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж байна. Тухайлбал, Олон улсын валютын сан энэ оны долоо дугаар сард нийтэлсэн тайландаа 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.9 хувь болгож, дөрөв дүгээр сард зарласан төсөөллөөсөө 0.7 нэгж хувиар бууруулсан байна.
Цаашид Украйнд болж буй нөхцөл байдал улам хурцдаж, геополитикийн тогтворгүй байдал удаан үргэлжлэх, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын мутацид орсон шинэ хувилбарууд дахин тархах, тээвэр логистикийн хүндрэл удаан үргэлжлэх, инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлүүд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж болзошгүй гол хүчин зүйлс болж буй.
Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2022 онд 3.3 хувь, 2023 онд 4.6 хувь байна гэж ОУВС тооцоолж байна. БНХАУ-ын “Тэг-КОВИД” бодлогын хүрээнд тогтоож буй хөл хорио нь дотоодын үйлдвэрлэл, хэрэглээг хязгаарлахын зэрэгцээ тээвэр, логистикийн үйл ажиллагааг сааруулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний доголдолд нөлөөлж байгаа. БНХАУ-ын зүгээс эдийн засгийн идэвхжилийг дэмжих, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг сааруулах зорилгоор нэг их наяд юань буюу 146 тэрбум ам.долларын багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр зарласан. Гэсэн хэдий ч эдгээр бодлогын арга хэмжээний үр дүн нь БНХАУ-ын “Тэг-КОВИД” бодлогын үргэлжлэх хугацаа, цар хүрээнээс ихээхэн хамаарна.