Үндэсний аудитын газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хийсэн аудитын шалгалтын үр дүнгээ танилцууллаа. Тус сангийн санхүүжилтийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулж байгаа эсэхийг шалгахад нийт 165 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тодруулбал, ХЭДС-аас 2016-2021 онд 51 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 44,5 тэрбум буюу 86 хувийг нь зориулалтыг дагуу зарцуулж, 7,2 тэрбум буюу 14 хувийг нь буцаан төвлөрүүлж, 165,5 сая төгрөгийг хяналтгүйгээр буюу зориулалтын бусаар зарцуулсныг аудит тогтоолоо.
АЖИЛД ЗУУЧЛАХ МӨНГӨНИЙ 14 САЯЫГ НЬ ХЭЛТСИЙН ДАРГА НЬ АВЧ, АВТОМАШИНДАА ШАТАХУУН ХИЙЖЭЭ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэг гол чиглэл нь ажилд зуучлах байдаг. 2021 онд Нийсэл болон дүүргүүдийн хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас 961 сая төгрөг төсөвлөж, улмаар 72608 иргэнийг хамруулан нийт 761 сая төгрөг зарцуулжээ. Ингэхдээ төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах зөрчил гарсныг аудит тайландаа онцоллоо. 2016-2021 онд ажилд зуучлах үйлчилгээнд 91,3 сая төгрөгийг баталсан байна. Үүнээс 84,1 сая төгрөгийг нь зарцуулжээ. Гэтэл зарцуулсан энэ мөнгөний 84,1 сая нь зориулалтын бус зүйлд урсчээ. Тухайлбал, 2016 онд л гэхэд иргэдийг ажилд зуучлах ёстой мөнгөнөөс авч, 14,7 сая төгрөгөөр Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хэлтсийн дарга автомашиндаа шатахуун хийхэд зарцуулжээ. Энэ мэтээр ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн мөнгө буруу замаар орж байгааг аудит тогтоож “Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилд зуучлах арга хэмжээний хэрэгжилт үр дүнгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргаад байна.
ХӨДӨЛМӨР ЭРХЭЛТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЧИГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДААГҮЙ Ч УРАМШУУЛЛЫН МӨНГӨӨ АВСААР БАЙНА
2016-2021 онуудад хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл 108 удаагийн хурал хийж,165 сая төгрөгий үйл ажиллагаандаа зарцуулжээ. Уг нь ирц бүрдсэн тохиолдолд хурлаа хийсэнд тооцож, зөвлөлийн гишүүд урамшуулал авах нөхцөл бүрддэг байна. Гэвч үүнийгээ зөрчиж, зөвлөл санхүүжилтээ бүрэн авч ирснийг аудит шалгалтаараа тогтоогоод байна. Тухайлбал, 2018 онд хуралдааныг гишүүдийн ирц бүрдээгүй байхад ХЭСЗ-ийг хуралдуулан 1 сая 80 мянган төгрөгийн урамшуулал олгожээ. Энэ нь дүрмийн 3.4-т заасан “зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдааныг гурван тал тус бүрээс 2 гишүүн, нийт 6-аас доошгүй гишүүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ мэт байдлыг харгалзан үзээд “Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл нь хууль, дүрэмд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна” гэсэн дүгнэлтийг аудит гаргалаа.
Ийнхүү төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого төдийлөн үр дүнгүй байгааг Үндэсний аудитын газраас тогтоогоод байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын баримт бичиг боловсруулахад бүх талын оролцоо бүрэн хангагдаагүй, Нийслэл, дүүргүүдийн ХЭСЗ нь дүрмээр хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, НХЭГ, салбарын түвшиний харилцаа, хамтын ажиллагаа хангалтгүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээ орон нутгийн онцлогт тохирсон зохицуулалт, хяналтын арга хэмжээг авч ажиллаагүй, шалгарсан төслийн хэрэгжилт, үр дүн муутай” гэсэн дүгнэлт гаргаж, холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлээд байна.
Дараагийн удаад бид гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгүүдийн талаар хүргэх болно.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.