Манай улс ирэх оны төсвөө батлахдаа шинээр нэмж өр тавихгүй, өмнөх жилүүдийн өр төлбөрүүдээ хагаслаж, мөн шинээр бүтээн байгуулалт эхлүүлэхгүй, өмнө эхэлсэн ажлуудаа дуусгах чиглэл барьж байна. Төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд монгол улсын гадаад өр зээлтэй холбоотой асуудал яригддаг. Энэ асуудалтай холбогдуулан ҮСХ-оос тодрууллаа.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа:
Төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд "Монгол Улсын гадаад өр замаа алдлаа, хүүхэд төрөнгүүтээ өрөнд орж байна, өрхөд ноогдох өр 30 сая төгрөг давлаа" гэж шагшрах хүмүүс олон боллоо. Үүнийг тодорхой тайлбарлах нь зүйтэй.
1. Манай улсын гадаад өрийн хэмжээ 33.3 тэрбум ам.долларт хүрсэн нь санаа зовох хэмжээнд хүрсэн өндөр дүн үү гэвэл тийм. Учир нь гадаад өрийг эдийн засагтай харьцуулахад 2.2 дахин том болсон байгаа. Энэ нь ижил төстэй орнууд дунд бид хамгийн өндөртөө орж байгаа хэрэг.
2. Тэгэхдээ гадаад өрийн бүтцийг бид харах хэрэгтэй. Одоо байгаа 33.3 тэрбум ам.долларын өрийн 9.2+2.5 тэрбум нь буюу 11.7 тэрбум ам.доллар нь Засгийн газар, Төв банкны буюу Монголын төр/татвар төлөгчдийн хариуцах хэсэг. Харин хамгийн том хэсэг нь буюу 12.1 тэрбум нь хөрөнгө оруулагчийн зээл буюу Оюутолгой ХХК, Энержи Ресурс гэх мэт компаниудын гадаадад байдаг толгой компаниасаа авсан зээл байгаа юм. Харин 8.1 тэрбум нь бусад Монголын аж ахуйн нэгжүүдийн зээл. Өөрөөр хэлбэл Засгийн газар, Төв банкнаас бусад гадаад өрийг тухайн төсөл, аж ахуйн нэгж хариуцна гэсэн үг.
3. Эцэст нь хэлэхэд бидэнд валютын хуримтлал байдаггүй, иймд аливаа том төсөл хөтөлбөр хийхэд гадаадын зээл зайлшгүй хэрэгтэй болно. Тэгэхээр өр зээлээ бид зөв зарцуулж байна уу, энэ нь эргээд улсын эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж чадаж байна уу гэдэг л хамгийн чухал үзүүлэлт. Дээрээс нь цаашид орж ирж байгаа зээлийн доллар болгоноос аль болохоор олон центийг дотооддоо үлдээхийн тулд яах ёстой вэ гэдгээ зөв тооцоолох ёстой гэсэн үг. Үүнд татвар, төсөв, мөнгө, ханш, хүү, хөрөнгө оруулалтын цогц бодлого хэрэгтэй болно” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.