“Айх, инээх, шар үс нь босох, ичих зэрэг маш олон мэдрэмжийг хүн циркээс авдаг. Ийм сайхан урлаг үгүй болчихлоо. Өр өвдөм байгаа биз” гээд халаглаж сууна, тэр. Өнөө цагийн Монголын циркийн нүүр царай болж, дэлхийд тахалж яваа тэрбээр үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг тархан, яах, ийх учраа олж ядан яваа олон, олон циркчдийн төлөөлөл. Үнэндээ халаглаж, харамсаж суугаа нь тэр ганцаараа бус.
Монголын циркчид өнөөдөр циркгүй, бэлтгэлийн байргүй, тогтмол тоглолтгүй, харьяалагдах байгууллагагүй, хандах хүнгүй, тогтмол цалин, нийгмийн даатгалгүй болсон. Амьдрахын эрхэнд циркчид бүгдээрээ шахам гадаадын орныг зорьсон. Эх орондоо үлдсэн хуруу дарам циркчдийн нэг нь Э.Лхагва-Очир. Улсынхаа иргэн болгох, удаан хугацаанд гэрээ байгууллаад ажиллуулах хүсэлтэй олон орны саналаас татгалзан, эх орондоо л ажиллаж, амьдрах хүсэл эрмэлзэл дүүрэн яваагаар нь бахархахгүй байхын аргагүй.
Эрэгтэй байтугай эмэгтэй хүн 35 насандаа уран нугарч, бие хаа, ур чадвараа хадгалж үлдэх амаргүй. Э.Лхагва-Очир өдгөө ч уран нугарч, Монголынхоо төдийгүй дэлхийн үзэгчдийг баясгаж, шар үсийг нь босгож яваа хэр авьяастай, ур чадвартайгийнх нь илрэл.
Соёлын тэргүүний ажилтан тэрбээр уран нугарахын зэрэгцээ цөөнгүй салбарт хүч сориод буй авьяаслаг нэгэн. Дөрвөн ч кинонд тоглохын сацуу ганцхан жил бэлтгэл хийгээд бодибилдинг, фитнесийн дэлхийн аваргад түрүүлж, “Монголын мистер”, хотын аварга болсон нь супер амжилт. Дэлхийн аваргын дараа түүнийг хүмүүс “Монгол Aquaman” гэж тодотгосон. Э.Лхагва-Очирыг “Хөрөг”-т онцоллоо.
Түүний ярилцлагын онцлох хэсгүүдээс хүргэж байна.
-Би олон улсад 2004 оноос хойш 18 дахь жилдээ тоглож байна. Энэ гайхамшигтай ховор мэргэжлээр ажиллаж тэр тусмаа эрэгтэй хүн нугарах дэлхийд бүр цөөхөн. 7-8 метрийн өндөр сандал дээр, мөсөн дээр тоглож байгаа үзүүлбэрүүд маань дэлхийд ганц. Тэгэхээр энэ бол хэн хүнд тохиохгүй хувь заяа. 100-д нэг, 1000-д нэг, саяд нэг олдох боломж байхгүй юу.
-Сандлын номерын хувьд төмөр сандал дээр, мөсөн дээр тоглосноороо онцлог. Тавьж буй үзүүлбэрүүд, сандлын өрөлтүүд өөр болсноороо дэлхийд анхдагч. Жишээ нь, сандал дээр зогсож байгаад хөлөөрөө эргүүлээд, дөрвөн хөлний нэгийг нь гаргаад, буцаж оруулах гэх мэт бүх хэсэг нарийн ур чадвар шаардсан үзүүлбэр. Хүний дээд зэргийн потенциал, мэдрэхүйг ажиллуулсан ажил.
-Мөсөн дээр, 7-8 метрийн өндөрт төмөр сандал дээр үзүүлбэр үзүүлж, нугарахад олон жилийн хөдөлмөр, 10-аад жил олон улсад тоглосон туршлага нөлөөлсөн.
-Сандлын үзүүлбэрийг үзүүлэх үед хүмүүс сууж байгаа сандлаа тас атгаад, гарнаас нь хөлс гардаг. Намайг номероо дуусган дуусгатал бүрэн амьсгаа авч чаддаггүй гэсэн.
“Биений хамаг шар үс босчихлоо. Бүтэн амьсгаа авахад хэцүү байлаа. Үнэхээр гайхамшигтай байлаа. Чам шиг хүн дэлхий дээр хэд байдаг бол” гээд баяр хүргэдэг.
-For every one гэгчээр хүссэн хүн бүхэн хийх боломжүй үзүүлсэр. Би юугаараа бусдаас илүү, өөр байгаа вэ гэвэл, сэтгэл зүйгээрээ.
-Тавхан минутийн үзүүлбэрийг тоглож сурахад таван жилийн хөдөлмөр шаарддаг. Их, дээд сургууль төгсөхтэй ижил хугацаа зарцуулдаг.
-Циркийн урлаг хүнээс асар их тэвчээр, хатуужил, эр зориг шаарддаг. Тэрийг давж гарсан хүнл хамгийн шилдэг болдог, циркийн манежанд, циркийн ертөнцөд.
-2011 онд кинонд тоглож байх үедээ эхнэртэйгээ анх танилцаж байлаа. Манай эхнэр фото модель хийдэг. Бид хоёр дөрвөн охинтой. Эхнэртэйгээ хамт байхдаа аль болох хөгжилтэй байхыг хичээдэг. Тэгж байж амьдрал гэр бүлдээ, ханьдаа аз жаргалыг мэдрүүлж чадна. Үүнийг нэлээд урьдатгал болгодог. Цаг хугацааг аз жаргалтай гээд хамт болзохдоо заавал кино үзэх албагүй. Гэртээ ч гэсэн аз жаргалтай байж болно шүү дээ.
-Канадын циркийн сургуулиас манайд хамтарч ажиллаач гэсэн санал ирсэн. Мөн Итали, Швейцарь зэрэг зөндөө олон орноос циркчнээ болгох санал ирдэг. Удаан хугацаагаар ажиллах, иргэншлээ солиод, өөр улсын циркчин болох асуудал ч сөхөгддөг. Би “Одоохондоо үгүй” гэсэн хариу өгдөг.
-Циркчид бид гадаадынханд цирк заахдаа брэндээр брэндээр бол А copy гэдэг шиг тиймэрхүү байдлаар, зууны 60-70 хувийг л заадаг. Тодорхой хэмжээний өөрсдийн нарийн, нандин школь, арга зүйгээ 100 хувь зааж болохгүй. Хамгийн гол нь тэр 100 хувь мэдэх учиртай нарийн, нандин зүйлсээ монголчууддаа, ах дүү нартаа заая гэсэн үндсэрхэг бодол үргэлж тээж явдаг.
-Циркчин хүний карьер маш богинохон. Хэдийгээр гадаад улс сайхан ч цаг хугацаа алдалгүй, гайхамшигтай урлагаа Монголдоо, монголчууддаа яг энэ цаг үед нь үзүүлэх ёстой.
-Монгол Улс хэзээ цирктэй болох нь тодорхойгүй байна. Бэлтгэлийн байртай хэзээ болох нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр уран бүтээлчдээ түр статустай болгооч ээ. Цалин өгөхгүй юм гэхэд нийгмийн даатгал, нийгмийн халамжийг нь улсаас өгөх боломж байдаггүй юм уу. Монголд циркийн 1000 гаруй уран бүтээлч байна. Тэдний тал нь бидэнтэй адил залуучууд. Яг ид ажиллаж, хөдөлмөрлөн, амьдралаа босгох гээд хөдөлмөрлөж яваа. Нийгмийн даатгалаа хувиараа төлдөг. Циркгүй болсон циркчид таксинд явж талхныхаа мөнгийг олдог уран бүтээлчид байна. Өөр яах юм бэ. Яг л тийм болчихоод байгаа байхгүй юу. Яг үнэн нь ийм.
-Циркчид маань яагаад гадаад руу явж байна гэхээр, мэдээж байнгын тоглолт. Байнгын тоглолт гэдэг бол байнгын цалин. Амьдрахын эрхэнд, тоглолтод оролцох, өөрийгөө хөгжүүлэхийн тулд явж байгаа. Үүнийг нь буруутгахад хэцүү.
-Монголын циркийн асуудлыг хариуцсан сайд, дарга нар, эрх бүхий албан тушаалтнууд эрс шийдвэр гаргаад, шийдэхгүй бол бидний үе золиос боллоо. Бүх амьдралынхаа турш хохирч байгаа. Сүүлдээ нэг их гуйлга гуйгаад ч байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байдаг болчихлоо. Тэглээ гээд Монголын циркчид итгэлээ алдаагүй. Магадгүй энэ цаг үе Монголын циркийн нэг сорилт болов уу гэж бодож байна.
-Гол зарчим маань өнөөдрийн Лхагва-Очироос маргаашийн Лхагва-Очир арай дээр байхыг хичээдэг гэх юм уу. Өнөөдөр би юу хийж чадаж байна. Тэр бүхнээ тултал нь ашиглая гэсэн бодолтой явдаг. Цаг хугацаа биднийг хэзээ ч хүлээхгүй. Залуу нас богинохон. Яг энэ цаг үедээ асвал ассан шиг асъя. Чадвал чадсан шиг чадъя гэж боддог.