УИХ-ын чуулганаар ирэх оны улсын төсвийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын төсөвтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.
Эрүүл мэндийн төсөв яг одоо энэ онын төсвөөр 2023 онд орж ирж байна. Гэтэл эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн үнэ 40-60 хувийн нэмэгдэлтэй байна Төсвийг нэмж өгөхгүй бол Даатгалын сангаас квот тогтоож эхэлнэ. Квот гэдэг нь та сардаа 100 хүн эмчилнэ, түүнээс хэтрүүлж эмчилж болохгүй гэсэн шаардлагыг эмч авна гэсэн үг. Энэ нь тухайн эмнэлгийн өвчтөн үзэх дарааллыг хойшлуулах, оочир дарааллыг нэмэгдүүлэх, иргэдэд төвөгтэй байдлыг бий болгоно.
ТӨСВИЙГ НЭМЖ ӨГӨХГҮЙ БОЛ ДААТГАЛЫН САНГААС КВОТ ТОГТООЖ ЭХЭЛНЭ
Ялангуяа 2020 онд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эрчимтэй хийж, үүний үр дүнгээр цар тахлыг бага хохиролтой давсан улсын нэг болж чадсан нь эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог зөв болгосонтой холбоотой. Гэтэл тодорхой амжилтад хүрчхээд буцаад түүнийгээ дэмжихгүй байгаа нь буруу.
Мөн “Элэг бүтэн монгол” аянаа үргэлжлүүлэх ёстой. Тухайлбал элэгний Д вирустэй 100,000 иргэн Монгол Улсад элэгний Д вирусийн эсрэг эм орж ирэхийг, эрүүл саруул болохоо хүлээж байна.Тэр дотор нь нэн ялангуяа 40 гаруй мянган нь Д вирусийн эмчилгээ зайлшгүй хийлгэхгүй бол амь нас нь эрсдэлтэй нөхцөлд байна.
Д ВИРУСТЭЙ 100,000 ИРГЭН МОНГОЛ УЛСАД ЭЛЭГНИЙ Д ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМ ОРЖ ИРЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаад буй Д вирусийн эмчилгээний асуудлыг төсөвт суулгаж өгөхгүй бол ирэх онд хэрэгжихгүй.
2016-2020 оны хооронд хийгдсэн “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөр нь 40 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгаж 1.2 сая иргэнд B,C вирус байгаа эсэхийг шалгасан. Үүний үр дүнд C вирустэй иргэдээ бүрэн эмчлээд байсан. Тиймээс энэ хөтөлбөрийг ирэх оны төсөвт суулган эрүүл мэндийн санхүүжилтэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна" гэлээ.