Уншигч та бүхэнд 2023 оны төсвийн төслийн онцлох тоо, төсвүүдийг цувралаар хүргэж байна. 2023 онд төсвийн нийт урсгал зардлыг 15 их наяд төгрөгт хүрэхээр байна.
Үүнээс:
- 61 хувийг төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, болон эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс
- 15 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал
- 12 хувийг бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал
- Найман хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр
- Дөрвөн хувийг төрөөс иргэн, аж ахуй нэгжид олгох хөнгөлөлт татаас тус тус эзэлж байна.
Цар тахал болон хөрш улсад үүссэн геополитикийн хямралт нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий дахинд хүнс, эрчим хүчний үнэ огцом өсөж, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал бий болсноор улс орнуудын инфляц сүүлийн жилүүдэд дээд хэмжээнд хүртэл өссөн. Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа юм.
Энэ үед төр бүсээ чангалахаар 2023 онд төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой зардлыг бууруулалгүйгээр, төрийн байгууллагуудын хэмнэх боломжтой үйл ажиллагааны зардлыг бууруулахаар тооцжээ.
Түүнчлэн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, бүтээмжтэй уялдсан, уян хатан цалин хөлсний тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх юм.
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
- Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог нэвтрүүлнэ
Төсвийн шинэчлэлийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчийг ажлын бүтээмжээр нь урамшуулдаг тогтолцоог бий болгохыг зорьж байна.
Одоогийн цалин хөлсний тогтолцоо нь төрийн байгууллага, албан хаагчийг зорилго зорилтоо оновчтой тодорхойлох, төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлэх хүчин чармайлт гаргах, үр дүнд хүрэх хүсэл эрмэлзлийг төрүүлэх, өөрийгөө хөгжүүлж бүтээлч хандлага, сэтгэлгээтэй ажиллуулах замаар төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг бий болгоход чиглэгдэхгүй байна. Тиймээс төрийн албан хаагчийн ажлын үр дүнг үнэлэх, биелэлтийг дүгнэх замаар урамшуулдаг, хариуцсан ажил, үүргийн гүйцэтгэлээ сайжруулахад нь түлхэц өгдөг байхаар төрийн албаны цалин хөлсний тогтолцоог шинэчилнэ.
- Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай болгоно
Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг нэг шатлал бүхий суурь цалинтай /Суурь цалин гэдэг нь ажилчинд тодорхой хугацааны туршид төлөх мөнгөний хэмжээ/ болгосон. Ингэхдээ төрийн албан хаагчдын үндсэн цалинг тухайн шатлалын хамгийн дээд түвшин буюу 5 дугаар шатлалд хүргэж ахиулсан бөгөөд үүний үр дүнд үндсэн цалин дунджаар 8.5 хувиар нэмэгдсэн.
2023 онд дээрх зарчмын дагуу цалин хөлсний бүтцийг хялбар энгийн болгож ажлын бүтээмж, үр дүн, гүйцэтгэлийг нь харгалздаг болно. Үндсэн цалинг дээд шатлалаар нь тогтоож, суурь цалинтай болгох арга хэмжээг үргэлжлүүлнэ.
- Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгоно.
Төрийн захиргааны албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгоно.
Мөн тухайн орон нутаг эдийн засгийн нөөцөө боломжит дээд хэмжээгээр ашигласан, орлогоо давуулан биелүүлсэн бол орон нутгийн удирдлага нь төрийн албан хаагчдынхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэн олгох эрх зүйн орчныг бий болгоно.
- Төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцон олгодог болно.
Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувийн давтамжтай 25 хүртэл хувиар олгодог одоогийн зохицуулалтыг шинэчилж, ажилласан жил бүрээр нь тооцон нэмэгдүүлнэ. Ингэснээр төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол нэг хувь, хоёр дахь жилдээ ажиллавал хоёр хувь гэсэн зарчмаар 25 жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл авах ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авдаг болно.