Анги болгондоо төгөлдөр хууртай онцлог нэгэн сургуулиас сурвалжилгаа бэлтгэлээ. Монгол улсын Консерваторийн төгөлдөр хуурын 1а ангийнхан үсэг, тоогоо үзэхийн хажуугаар хөгжмөө хичээнгүйлэн сурч байна. Энэ сургуулийн сурагчид шалгалт өгч тэнцсэн тохиолдолд ангидаа элсэх эрхтэй болдог. “Багш аа аа, би тоогоо бодож чадахгүй байна. Үсгээ бичмээр байна. Энэ намайг балаараа хатгаад суулгахгүй байна. Би 00 ормоор байна. Би хөгжмөө тоглож болох уу” гээд л хүүхдүүд зай завсаргүй багшаа асууж шалгаана. “Багш нь ярилцлага өгч байна” чимээгүй сууж байгаарай” гэхийг тоож байгаа хүн тун цөөхөн. “Энэ хэд маань сониучирхан асуудаг, эргэцүүлдэг насандаа яваа учир аргагүй ээ” гэж залуухан багш ярив.
Сонгодог хөгжмийн ангийнхныг энгийн сургуультай харьцуулахад ачаалал ихтэй. Тэд үндсэн буюу ерөнхий эрдмийн хичээлээ үзэхээс гадна хөгжмийн онолын хичээлүүдээ үздэг байна. Урлагийн мэдрэмжтэй болоод ч тэр үү, сэтгэл хөдлөл өндөртэй мэт санагдав. Тэд “Би дуулж чадна. Бүжиглэж чадна. Би тоглоод үзүүлчих үү” гээд уралдана. Хоёр хүүхдийг сонгож хөгжим тоглуулъя гэтэл бүгд гараа өргөөд “маргаан болцгоов”. Энэ их шуугианд багш нь ядардаг болов уу гэж эрхгүй бодогдохоор. Хүүхдүүдийн шуугиан, дээр нь хөгжмийн дуу гээд энэ ангид ямар нэгэн баяр болж буй мэт чанга чимээтэй. Коридоор яваад, хаалганд нь дөхөж байхад л хүүхдүүдийн шуугиан сонсогдоно.
3-5 насандаа төгөлдөр хуурын багштай болж, шалгалт өгч тэнцсэн сурагчид хөгжимдөө хайртай гэж ярих нь өхөөрдмөөр. Сэргэлэн нь дэндсэн гэмээр бяцхануудын дунд залуухан багш нь завсаргүй гүйсээр өдрийг өнгөрөөнө. Тэрбээр 2013 онд МУБИС-ийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн байна. Түүний удирдаж буй хоёр дахь анги нь энэ аж.
СУРАГЧИД: ДО, РЕ, МИ, ФА ГЭЭД СОНСОГДОХООР НЬ ГОЁ САНАГДДАГ
Төгөлдөр хуур тоглохоор гоё байдаг уу?
Гоё байдаг. Хэцүү биш. Гэхдээ гар жаахан чилээд байдаг.
Чамд хэн зааж өгсөн бэ?
Өөрөөр явж байгаад сурчихсан.
Сурах хэцүү юу?
Жаахан хэцүү хэцүү.
Төгөлдөр хуур тоглохын юу нь гоё вэ?
Хөгжим до,ре, ми гээд дуугарахаар гоё санагдаад байдаг юм.
Хүүхдүүд нь завсаргүй л юм асууж байна шүү дээ?
Харин тийм ээ. Багш аа, багш аа гээд л.
Хөгжмөө давтаж, үсэг, тоогоо давхар үзэж байгаа сурагчдаа хариуцна гэдэг "том даалгавар". Тэдний багш нь ярихдаа "Манай сургууль бусад сургуулиас ачаалал ихтэй байдаг. Ерөнхий эрдмийн хичээлээс гадна долоо хоногт хоёр цагаар мэргэжлийн хичээл үздэг. Өдөр тарчихаад хичээлээ бэлдэнэ. Сурагчдынхаа дэвтрийг шалгана. Цаг зав байдаггүй нь үнэн. Гэр орондоо ч зарцуулах цаг зав хомс байдаг. Хүүхэд гэдэг гэнэн цайлган. Юу ч бичээгүй цагаан цаас шиг л гэсэн үг. Хүн бүр бага ангийн багшаар хичээл заалгадаг болохоор энэ мэргэжилдээ дурлаж, хичээл ажилллахыг боддог. Хүүхэд бүрийн сэтгэл зүйн онцлогт тааруулж ажиллах хэрэгцээ шаардлага тулгардаг. Ачаалалтай, чимээ шуугиантай байдаг ч гэсэн хүүхдийн ертөнцдөө жаргалтай байдаг. Хүүхдүүд рүүгээ орж ирээд бүх асуудлаа мартдаг" гэсэн юм. Тэр бол Монголын боловсролын салбарын 50 орчим мянган багшийн төлөөлөл юм".
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.