Сангийн яамнаас УИХ-ын даргад есдүгээр сарын 29-ны өдөр 2023 оны төсвийн төслөө өргөн бариад буй.
Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд орлогын хэмжээ үл хамааран 10 хувийн ижил хэмжээтэй татвар төлдөг. Сангийн яам хэн илүү орлоготой байна, тэр хүн илүү татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж үзсэн бололтой. Тиймээс 2023 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоотой болгохоор төлөвлөсөн байна. Тодруулбал, нэг сарын орлого нь:
- 0-10 сая төгрөг бол 10 хувь
- 10-15 сая төгрөг бол 15 хувь
- 15 ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлөх юм.
Хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоотой болгох асуудалд зарим иргэд дургүйцэж буйгаа цахим сүлжээнд илэрхийлж байна. Сангаа удирдаж чадахгүй явсныгаа иргэдийн халаасыг хоослох байдлаар дүүргэх нь гэж иргэд ярьж байлаа.
“ИРГЭД: ТАТВАРЫН ШАТЛАСАН ТОГТОЛЦООГ ДЭМЖИХГҮЙ”
Энэ асуудлаар бид иргэдийн байр суурийг хүргэж байна.
- Хэчнээн хүн ийм орлоготой байгаагаас л шалтгаалах байх. Анхнаасаа суурь, дэд бүтцэд орлогын маш ялгаатай нөхцөл үүссэн. Орлогоос хамааран нийгмийн тэгш бус байдал, ялгаатай байдал газар авч байна. Алсуураа үүнийг шийдэх гэж байгаа юм шиг боловч нөгөө талаасаа зүгээр л төсөв бүрдүүлэх нэг ядсан арга хэрэгсэл гэж харж байна. Сүүлийн хоёр, гурван жил ковидоос шалтгаалан эдийн засаг хүндэрлээ. Татварын бүрдүүлэлт нэлээн муу байна. Татвараа шахаж авах гэсэн ядсан л арга шиг харагдаж байна.
- Өндөр орлоготой иргэд тийм олон байхгүй. Байсан ч орлогоо нуух арга хайх байх. Хэдэн хувь, хэдэн төгрөг ч байсан татвараас зайлсхийхийг л оролдоно. Орлогоо шударгаар бүртгүүлэх үү гэдэг асуудал үүснэ.
Мөн үнэхээр хөдөлмөрлөөд, хоёр гурван ажил хийж байгаа хүмүүсээ татвараар торгоод байх нь зөв үү гэдэг нь өөрөө том асуудал юм.
- Манай эдийн засаг 30 жилийн турш тасралтгүй ялгаатай байдал үүсгэчихээд, түүнийгээ хэдхэн хүнээр буюу шударга бүртгүүлдэг хүмүүсээрээ дамжуулж олж авах гээд байна. Үнэхээр шударга бусаар орлого олж байгаа, авлига хээл, хахууль авч байгаа хүмүүс түүнийгээ бүртгэлжүүлэхгүй. Түүнийхээ дагуу татвар төлөхгүй.
- Ямар ч орлоготой байсан бүгдээрээ л ажил хийж байгаа учраас татварын хэмжээ тэгш байсан дээр гэж боддог. Монгол хүмүүсийн дундаж цалин нь хаанаа ч хүрэхгүй байгаа учраас бүгд давхар ажил хийхээс өөр аргагүй болж байна. Илүү хөдөлмөрлөсөн нь илүү татвар төлөөд байхаар хичээж ажилласан хэрэг алга. Арай гэж олж ирсэн мөнгөнөөс нь дахиад өндөр татвар авахаар ямар хэрэг байхав дээ.
Орлогын хэмжээгээр шаталсан тогтолцоотой болбол тэрбум төгрөгөөс илүү орлоготой хүнээсээ л тэгж авдаг юм уу гэхээс 10 сая төгрөг дотроо болгох гээд явж байгаа хүнээс шатлал гээд хэрэггүй байх гэж бодож байна.
- Хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл зэрэг татварууд бага байвал зүгээр. Бид авч байгаа цалингаасаа ихэнх нь буюу 40 орчим хувиа улсад төлдөг. Өндөр цалин аваад ч нэмэргүй.
3.5 сая төгрөгийн цалин авдаг иргэдээ баян гэж бодоод байх шиг байгаа юм. Залуучууд бидэнд байр байхгүй, түрээсийн байр, хүнс барааны үнэ ямар байгаа билээ. Яг бодоод үзэхэд 3.5 сая төгрөгийн цалин өдөр тутмын хэрэгцээнд л дуусаж байна. Хуримтлуулах, амьдралаа сайжруулах төвшинд хүрэхгүй.
- Ямар тооцооллоор яаж 20 хувийн татварыг гаргаж ирснийг нь мэдэхгүй байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд шууд л татвар нэмнэ. Шаталсан тогтолцоотой болно гээд байгаа нь үнэхээр тэнэг шийдвэр. Ямар тооцооллоор, яаж гаргасан 20 гэдэг тоо вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй.
Татварын шаталсан тогтолцоо яваандаа зөв гэж ярьдаг ч одоогийн нөхцөл байдалд тохирохгүй. Энэ нь улсынхаа төлөө илүү хөдөлмөрлөж, илүү бүтээмжтэй ажиллаж, дунджаас бага зэрэг өндөр орлого олж байгаа цөөн иргэдээ ялгаварлаж байна” гэж иргэд ярьж байлаа.
“ТАТВАР НЭМЭХ НЬ ГАДНААС ОРЛОГО ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ ТУЛ ДОТРООСОО МӨЛЖИЖ БАЙГАА НЭГ ХЭЛБЭР”
Татварын шаталсан тогтолцоотой болох нь зөв үү, ямар эрсдэлтэй талаар бид эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.
Тэрээр “Татварын хувьд шаталсан тогтолцоотой байх нь хөгжингүй орнуудад илүү ажиглагддаг үзүүлэлт. Манай улсын хувьд гэнэт ийм тогтолцоотой болно гэдэг маш огцом шийдвэр байна.
Тодорхой хугацаанд судалж байж гарах ёстой шийдвэр болохоос гэнэт ковидын шалтгаанаас болж мөнгө хэвлэсэн. Мөнгө хэвлэтэл долларын ханш өссөн. Үнэ өсөнгүүт экспорт гацсантай холбоотой валютын орлого буурангуут, төсвийн орлогоо нөхөхийн тулд татварыг шатласан болгож байна. Гаднаас орлого оруулж чадахгүй болохоороо дотроосоо мөлжиж эхэлж байгаа л хэлбэр гэж харж байна.
Гэхдээ энэ нь төсвийн орлогод төдийлөн том нөлөөтөй татвар биш. 3.5 сая төгрөгөөс дээш цалин авдаг, нийгмийн даатгалд бүртгэлтэй ажилчдыг бодоод үзвэл нийт ажилчдын 4.6 хувь нь л байдаг. Нэг сая орчим ажилтантай гэж бодоход 46 мянган ажилтан байна. 46 мянган ажилтан 3.5 саяас дээш орлоготой гэвэл 10 саяас дээш гээд ялгаж үзвэл 5-10 мянгад багтах уу, үгүй юу гэдэг үзүүлэлт гарна. Эдгээр маш цөөхөн хэсгээсээ өндөр татвар авч байна гэсэн үг.
ОРЛОГОО НУУХ, ЦАЛИНГАА БАГААР БҮРТГҮҮЛЖ ЭХЛЭХ ЭРСДЭЛТЭЙ
Татварын шаталсан тогтолцоотой болсноор манайх шиг далд эдийн засагтай улсад орлогоо нуух, цалингаа багаар бүртгүүлэх зэрэг далд эдийн засаг руу чиглэж эхэлдэг. Нэг талдаа татвар авах гэж оролдож байгаад, нөгөө талдаа далд эдийн засаг руу оруулчих вий дээ гэж айж байна.
Манай улсад аж ахуйн нэгжүүдийн бүтэц орлогын төвшнөөс хамааран өндөр татвар тавьдаг. Өндөр татвараас зугтахын тулд компаниуд янз бүрийн арга хэрэглэдэг. Жишээлбэл, яг үнэндээ нэг компани. Гэхдээ татвараа багаар төлөхийн тулд гурван охин компани болгочихдог. Иймэрхүү тогтолцоо руу явж байна. Яагаад ийм тогтолцоо үүсээд байна гэвэл далд эдийн засагтай, бүртгэлжүүлэлт бага учраас эргээд хянаж чаддаггүй. Ийм эрсдэл үүсэх магадлалтай.
-Хамгийн том эрсдэл нь далд эдийн засаг үүснэ. Газрууд татвараа бага төлөхийн тулд орлогоо нуудаг болно гэсэн үг үү?
-Тийм. Ажил олгогч, ажил эрхлэгч хоёр хоорондоо тохиролцоод ажиллана. Ийм зүйл рүү орох эрсдэлтэй байна. Хоёр, гурван компанид ажиллаж байгаа бол тэр компаниудтайгаа гэрээ байгуулахдаа ажил хөлслөх гэрээ, эсвэл шал өөр хөдөлмөрийн гэрээгээр явах зэрэг нөхцөл байдал үүснэ. Учир нь манай улсад суурь нь бүрдээгүй. Бүртгэлжүүлэлт байхгүй.
Дээрээс нь албан бус сектор нь эдийн засгийн 50 хувьтай тэнцдэг гэж ярьдаг эдийн засагтай улс учраас гэрээ, контракт зэргийг янз бүрээр хийх боломжтой. Энэ талаас харвал үр дүнтэй арга хэмжээ болохгүй л болов уу.
“ТАТВАР НЭМЭХ НЬ ИРГЭДИЙНХЭЭ ОРЛОГЫГ ХАЛААСНААС НЬ АВЧ БАЙГАА ХЭРЭГ”
20 хувийн татвар төлөхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Жишээлбэл, та сугалаанд мөнгө хожлоо гэхэд гэнэтийн орлогын албан татвар гээд тал хувийг нь авдаг. Түүнд хүмүүс маш эмзэг ханддаг.
Хувь хүний орлогын албан татвар 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 22 хувь. Нийт 30 гаруй хувийн татвар төлж байхад дахиад юун 10 хувийн татвар вэ гэж хүмүүс татгалзах нь аргагүй.
Төсвийн орлого бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байна. Гэхдээ эдийн засаг хүнд байгаа энэ цаг мөчид татварыг нэмэх замаар авна гэдэг нь эргээд иргэдийнхээ худалдан авах чадвар, иргэдийнхээ орлогыг халааснаас нь авч байгаа хэрэг болно. Үүний оронд нэмж экспортоор орсон орлого эсвэл гаднаас оруулж ирж байгаа мөнгөнөөс авбал төсвийн орлого ч нэмэгдэнэ. Иргэд ч ашгаа авна. Гэтэл байгаа зүйлээс нь ингэж авна гэдэг хэрэглээ талдаа ч эдийн засгийг хумих томоохон шийдвэр болно. Үүнийг зөв гарц, гаргалгаа гэж үзэхгүй байна.
ИЛҮҮ ХӨДӨЛМӨРЛӨЖ, ӨНДӨР БҮТЭЭМЖ ГАРГАСНЫХАА ТӨЛӨӨ ӨНДӨР ТАТВАР ТӨЛӨХ НЬ ШУДАРГА БУС
Тэр цөөн хүмүүсийн авч байгаа цалин яагаад арай өндөр байна вэ гэхээр бусад хүмүүстэй харьцуулахад мэргэшсэн, бүтээмж өндөр гаргаж байна. Тийм учраас тэр хүмүүсийг үнэлж байгаа үнэлэмж. Гэтэл чи улсынхаа төлөө маш сайн хөдөлмөрлөж байна уу гээд урдаас нь өндөр татвар аваад байхаар нөгөө ажиллаж байгаа хүнд шударга бус.
Илүү хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс нь өндөр татвар авч, өөрт нь хэрэгтэй сургууль, цэцэрлэг, зам, түгжрэлд зарцуулж байгаа бол тухайн хүн амьдрах нийгэм, орчноо бодоод татвараа төлнө. Гэтэл сүүлийн гурван жилд татварын орлогын 40 орчим хувь нь халамж руу орсон. Төлсөн татварыг нь эргүүлээд ямар ч ажил хийхгүй, халамжийн мөнгө хүлээдэг, ажил хийх сонирхолгүй бүлгүүд рүү хавтгайрсан халамж болгож тараагаад байхаар хэн дуртай төлөх вэ.
Наад зах нь нийгмийн даатгалын шимтгэлд 22 хувь авдаг. Үүний 19 хувь нь тэтгэврийн даатгал байдаг. Гэтэл яг миний нэр дээр тэтгэврийн данс үүсээд, миний нэр дээр тэр 19 хувь бодогдож байна уу гэвэл үгүй. Хүмүүс яг үнэндээ байр эсвэл зээл авах гэж л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Учир нь банкнаас тасралтгүй сүүлийн нэг, хоёр жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлага тавьдаг. Энэ хөшүүргээс болж татвар төлөөд байгаа болохоос татвар төлөх өөрийг нь интенсив өгдөг систем манай улсад байхгүй” гэлээ.