Тарваган тахлын халдвартай иргэн эмнэлгийн тусгаарлалтын өрөөнд амиа алдсан хэрэг энэ сарын 15-нд гарсан. “Тусламж гуйсаар байхад эмч ороогүй. Өвчиндөө тэсгэл алдаж буй хүнийг сэтгэл зүйн асар хүнд дарамтад байлгасаар амиа хорлоход хүргэсэн гэж ар гэрийнхэн нь гомдолтой байна. Талийгаач, Ховд аймгийн Мөст сумын иргэн, 29 настай, иргэн С-ийн эгч манай редакцид хандлаа. Учир нь, албаныхан хэвлэлээр буруу зөрүү мэдээлэл өгч, өнөөдөр ч өөрсдийгөө илтэд хаацайлсан хэвээр байна хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Талийгаач С-ийн эгч: Миний дүү бие нь эвгүйтээд эхлэх үедээ аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дуудсан. Гэтэл ирсэн эмч нь “Тарваган тахал биш байна” гээд тусламж үзүүлэлгүй явсан. Би тарваганы мах идсэн. Тарваган тахал юм биш биз дээ гэж өөрөө үнэнээ хэлээд байхад яваад өгсөн. Тэр үед нь тусламж үзүүлчихсэн бол ийм юм болохгүй байх байсан. Өрхийн эмнэлэгтээ очоод дусал хийлгэчихгүй юу” гэж хэлсэн байгаа юм. Маргааш нь эмнэлэгт очиход эмч нь уурлаад “Муусайн юмнууд та нар тарвага идсэн юм биш үү? Тэнд суу” гээд л суулгаад загнаад байсан. Тэгээд манай дүүг шууд нэг харанхуй өрөөнд оруулаад цоожилчихсон. “Манай дүү унаж татдаг өвчтэй. Би ороод эм өгчих үү” гэхэд хүртэл хүлээн зөвшөөрөөгүй. Цонхоороо хараад “Эгч ээ, би тэсэхгүй нь ээ. Надад өвчин намдаагч олж ирээд өгөөч гээд байдгаараа орилоод байсан. Эмч нар нь хувцасаа өмсөж байна гээд л байгаад л байсан. Би өөрөө гуйгаад “Ядаж өвчин намдаагч оруулаад өгчих үү” гэхэд зөвшөөрөөгүй. Дүү минь өвчиндөө бүр тэсгэл алдраад “Би үүгээр хоолойгоо боогоод үхчих үү, ингэж байхаар гээд уяа үзүүлсэн. Удалгүй нь пид пад гээд дуу гараад явчихсан. Эмч нар нь орж үзчихээд “Энэ хүн байхгүй болчихжээ” гэсэн. Үнэхээр их гомдолтой байна. Хүн үнэнээ хэлээд өвчиндөө байж ядаж байхад яагаад нэг ч удаа ороод эм тариа хийгээд тусламж үзүүлчхээгүй юм бэ? Өдөржингөө яагаад дарамталж, айлгаж, сэтгэцийн хямралд, гүн шок-нд оруулсан юм бэ? Үүнд маш их гомдож байна. Дарга нар нь Улаанбаатарт хэвлэлийн хурал хийгээд “Анхны тусламжаар тарваган тахал гэдгийг нь тогтоосон гэж худал хэлсэн. Анхны тусламж үзүүлэхээр ирэхэдээ эмч нар нь мэдээгүй шүү дээ. Бүхэл бүтэн хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, тусламж үзүүлэхгүй байсаар алчихаад яаж ингэж хэлж чаддаг байна аа” гэлээ.
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Ховд аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга П.Гэрэлсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Манай эмч нар тусгаарлалтаас гарч ирээд удаагүй байна. Би биечилж уулзаагүй байна. Үүн дээр өгөх тайлбар байхгүй. Хууль хяналтын байгууллага үнэн мөнийг нь тогтооно биз ээ” гэсэн юм.
Ийнхүү тарваган тахлын халдвар авсан иргэнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, тусламж үзүүлэхгүй байсаар амиа алдсан гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхлээд байна. Халдвар тараахгүйн тулд иргэнийг тусгаарлах нь зөв ч эмч нар ёс зүйн алдаа гаргасан нь асуудал дагуулж байна.
Бид хохирсон иргэдийн дуу хоолой болж, асуудлыг эргэн сурвалжлах болно.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.