Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар манай улс 470 мянган тонн ургац авахаар байна. Үүнээс 431 мянган тонн улаанбуудай хураах тооцоололтой банйа. Энэ нь дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн үг юм. Илүү гарсныг нь экспортод гаргаж, тариаланчдаа дэмжиж, зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Хамгийн гол нь, тариаланчдад хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байгаа талаар ярилаа. УИХ-ын дарга Г.Занданшатар газар тариалангийн бүсэд ажиллаж, анхаарах асуудлуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрээр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай Ерөнхийлөгчийн санаачилга гарч, үүний дагуу 36-р тогтоолыг баталсан. Таван том зорилт бүхий 114 арга хэмжээг хэрэгжүүлж, ойрын таван жилийн хугацаанд шат дараагаар, 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хувь хангах зорилт дэвшүүлсэн. Төмс, хүнсний ногоо, улаанбуудайн хэрэгцээг хангах нь хамгийн эхний зорилт юм.
Тариаланчидтай уулзаж, санал бодлыг нь сонсоход анхаарах зүйлс олон байна.
- Хууль эрх зүйн орчин бүрдүүлэх
- “Үрээ идэхээр, үнээгээ ид” гэдэг. Үрээ бүрдүүлэх ёстой. Гэтэл үрийн нөөц бүрдүүлж байгаа байдал, яамны бодлого, газар тариаланчид, үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа бодлого алга гэж шүүмжилж байна. Монгол улсад үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсээ үнэхээр дэмждэггүй. Ажлын байр бий болгож, хүнс үйлдвэрлэдэг. Нэг ширхэг үрийг хэдэн арав болгож үржүүлж байгаа жинхэнэ баялаг бүтээгчдээ дэмждэггүй. Зөвхөн худалдаа, импортыг дэмждэг, уул уурхайн хамааралтай эдийн засаг болсон байна. Гэтэл бид ингэж хийгээд байхад борлуулалт, дэмжлэг байхгүй байна гэж тариаланчид, үйлдвэрлэгчид шүүмжилж байна.
- Малын болон газар тариалангийн зэрэгцээ орших зохицуулалтыг сайжруулахгүй бол зовж зовж ургуулсан тариан талбай руу нь мал орж, 20 орчим хувийг сүйтгэж байна.
- Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, экспортод гаргах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангая. Хүнс экспортлогч орон болъё. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий хүнсний хомсдолд орж болзошгүй гэсэн дүгнэлтийг НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн газраас анхааруулж байна.
- Тарианланчид, үйлдвэрлэгчдийг хөрөнгө мөнгөөр дэмжихээс илүү эрх зүйн орчноор дэмжих хэрэгтэй гэсэн санал ирүүлж байлаа” гэв.
Ж.ЭНХБАЯР: БИД ЖИЛД ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХҮНС ГАДНААС АВЧ БАЙНА
Мөн бид хүнсний аюулгүй байдал болон газар тариалан эрхлэх боломжийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяраас тодрууллаа.
Үндэсний аюулгүй байдлын томоохон хэсэг нь хүнсний аюулгүй байдал. Энэ нь хүн амын амын хүнсний хангамж нөгөө талдаа ард иргэдийн эрүүл мэндийн асуудал юм. Өнөөдөр Монгол улсын хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг шалгаад, дүгнээд үзэхэд 50 орчим хувьтай, аюулгүй байдлын төвшинг хангаж байна. Жилд нэг тэрбум долларын хүнс гаднаас импортоор авч байна. Бид уул уурхай, түүхий эдээ гаргаад оронд нь бэлэн бүтээгдэхүүн авдаг тоо сүүлийн үед эрс өссөн. Дотооддоо үйлдвэрлэх, ургуулах бололцоотой хүнсний бүтээгдэхүүний импорт эрс нэмэгдэж байна. Үнийн өсөлт, инфляцын гол нөлөөллийн бараг 70 хувь нь хүнс байна.
Монгол улсад газар тариалан, эрчимжсэн аж ахуй байгуулах бололцоотой газар чадавх цөөхөн байдаг. Нийт 1.5 сая км кв нутаг дэвсгэрийг га-д шилжүүлбэл манай улс 150 сая га газартай. Үүнээс нэг сая га газар буюу нийт нутгийн 0.6 хувьд бид газар тариалан эрхлэх боломжтой. Харьцангуй хөрс, цаг уурын таатай нөхцөлтэй.
Мөн гадаад орчинд маш хүчтэй өөрчлөлтүүд гарч байна. Дэлхийн хүн ам найман тэрбум давлаа. Байгаль, цаг уурийн огцом өөрчлөлтүүд гамшгийн давтамж эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой хүнсний дутагдал дэлхийн хэд хэдэн бүс нутагт бодит болсон байна. Цэрэг дайны асуудлууд, бүс нутгийн мөргөлдөөн зэрэг нь хүнсний нийлүүлэлт, дэд бүтцийн асуудалд маш хүндрэл учруулж байна. Дэлхий нийтээр хүнсний бодлого гаргаж, хүнсээ нөөцөлдөг, өөрсдийн улс орныхоо хүнс үйлдвэрлэлийг стратегийн салбар гэж үзэж, хөжгүүлдэг бодлогыг эрчимтэй авч, хэрэгжүүлдэг болсон. Манай улс яаралтай хүнсний асуудлаа онцгой анхаарахгүй бол үүсээд байгаа олон төрлийн өвчлөлүүдийн гол шалтгаан нь импортын удаан хугацаанд хадгалсан, хүнсний нэмэлт бүхий, генийн өөрчлөлттэй зэрэг янз бүрийн хүнс юм.
Манай улсын хүнсний аюулгүй байдал муу, 50 хувьтай байгаа учраас яаралтай сайжруулахгүй бол эрүүл мэндийн асуудал, хүнсний хангамжийн асуудал хүнд байна. 1990-ээд оны үед энэ салбар хүчтэй уналтад орсон. Хөрш орнуудаасаа гурил, үр тариа гуйдаг төвшинд очиж байсан. Атрын хоёр, гуравдугаар аяны хүрээнд бодлогын хувьд хүчтэй дэмжиж салбарыг босгосон. Одоо энэ салбарыг тогтвортой авч явах, тарималуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сая батлагдсан хөтөлбөрт газрын эргэлтийн талбайг 200 мянган га-аар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ нь олон голын сав газарт байгаа сул талбайд тариалалтыг нэмэх хэрэгтэй. Хүн амын өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд газар тариалангийн салбараа тэлж, эргэлтээ нэмэх хэрэгтэй байна. Нөгөө талаас хот суурин газар хэт төвлөрөл үүсэж байгаатай холбоотойгоор шинэ суурьшлын бүсүүдийг газар тариалангийн бүс нутаг болгох, олон голын сав газар дагалдуулж, шинэ суурьшлын бүсүүд хийвэл газар олгох нь иргэдийг орон нутаг руу нүүлгэж амьдруулах, амьдралын шинэ хэвшлийг үүсгэх бололцоог нээх бодлого батлагдсан гэж харж байна” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.