ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол туургатнууд хилээр орж ирэх нь эрс нэмэгдээд байна. Монголчууд элэг нэгт сэтгэлээр тусалж, ирсэн хүмүүсийг буудалд байрлуулах, хотод хөлөө олоход нь тусалж байгаа юм байна. ОХУ хилийн чанадад байгаа цэргийн насны иргэдээ буцаан татах шийдвэр гаргасан учраас тэдгээр хүмүүс баригдаад явах вий гэсэн болгоомжлол дунд амьдарч байгаа юм байна. Буриадуудыг элгэмсгээр тосон авч, тусалж байгаа иргэн Б.Баатартай ярилцлаа. Түүний хувьд ч нүүр царайгаа ил гаргахаас татгалзлаа.
Иргэн Б.Баатар mэдний тухай ингэж ярилаа.
ЭЛЭГ НЭГТНҮҮДДЭЭ МОНГОЛ ЗАНГААР ТУСЛАХЫГ ХҮССЭН
“…ОХУ-аас ирж буй иргэдийн дийлэнх нь эрчүүд байна. Цэрэг татлагаас дүрвэсэн буюу цэрэгт татлагад хамрагдахыг хүсээгүй иргэдийн цуваа нааш ирж байна. Монголтой хил залгаа Буриад, Чита муж, Тувагаас орж ирсэн залуус гудамжаар нэлээд явж байгааг хүмүүс анзаарсан байх. Бид энэ хүмүүст Монгол хүний элгэмсүү зангаар туслахыг хүсэж байна. Тиймээс зохион байгуулалт хийж, байр олж өгөх, зэргээр анхаарч байна. Цаашлаад энэ хүмүүс Монголд удаан байх боломж юу байх вэ гэдэг дээр хуульчдаар дамжуулж зөвлөгөө өгч байна. Орж ирсэн залуусын хувьд ч, бид ч хуулийн хүрээнд явж байна.
Ирж байгаа залууст бид эхнээс нь хотын соёл, дүрэм журам, наад захын зүйлсийг танилцуулж байна. Хэрэг түвэг, хуулийн асуудалд орооцолдохгүй байх, олон нийтийн газраар явах, нийтийн тээвэр, 00 олох гэх мэтээр чиглүүлж байна. Миний хувьд ОХУ-аас ирсэн 20 орчим залуутай холбоотой байна. Уг нь, бид эхлээд хуурай ах дүүс, найзууддаа тусалж, авчирсан. Яваандаа найзын найз гэх мэтээр явсаар ирэх хүмүүсийн хүрээ улам л өргөжиж байна.
Хилийн чанадад байгаа цэргийн насны иргэдээ эргүүлэн татах агуулга бүхий Оросын Батлан хамгаалах яамны албан бичиг
ЦЭРЭГТ ТАТАГДАХ НЬ ТОДОРХОЙ ЮМ БАЙНА ГЭЭД МОНГОЛ РУУ ИРЖ БАЙНА
Монголд ирсэн залуусын өгсөн мэдээллээр, энэ сарын 19,20-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас цэргийн насны иргэддээ зарлан дуудах хуудсыг нь хүргүүлсэн байна. ОХУ-ын тухайд Донецк, Луганск руу Украинчууд нэвтэрсэн, газар нутгийнх нь бүрэн бүтэн байдал руу халдсан гэж хандаж байна. Тиймээс ОХУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгч, Төрийн ДУМ төрийн татлагыг өөр түвшинд зарлаж байна. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө дайнд явах эсэх нь нэг талаар хувь хүний сонголт байсан бол одоо шууд л бүгдийг нь татаж байна. Цэргийн албанд арай татагдчихгүй болов уу гэж бодсон, магадлал багатай хүмүүст зарлан дуудах хуудас ирээд байгаа учраас магадлал ихтэй хүмүүс нь надад ирэх нь ойлгомжтой гэж бодоод аргаа бодож эхэлж байгаа юм байна. 18-45 насныхныг дайчилж байгаа гэх боловч 65 нас хүртэлх хүмүүсийг цэрэгт татаж байгаа гэх мэдээлэл байна.
ИХЭНХ НЬ 20-30 НАСНЫ СЭХЭЭТЭН ЗАЛУУС БАЙНА
2022.09.25 Алтанбулаг боомтын шалган нэвтрүүлэх хэсэг.
Энэ оны хоёрдугаар сараас хойш л ОХУ-ын иргэд хил залгаа хөрс улсууд руугаа дүрвэж эхэлсэн. Үүнд Казахстан, Монгол, Азербайжен зэрэг улсууд орж байна. Манай улсад өнгөрсөн зун ирсэн жуулчдын дийлэх нь бас л Оросууд байсан шүү дээ. Энэ удаагийнх бол цэрэг татлагын хоёр дахь давлагаа гэж нэрлэж болно. Зөвхөн Алтанбулаг боомтоор л хэдэн зуугаараа орж ирж байна шүү дээ. Тэд зарлангаа авчихаад шууд наашаа ирж байна. Ирсэн залуусын хэлж байгаагаар, ажилладаг ажилладаггүй нь мэдэгдэхгүй буу өгөөд л, шууд ачиж байна гэж байна. Яг ийм асуудал Халимаг залуус тулгарч байгаа юм байна. Үүнээс зугтаад хоёр гутал, хоёр өмд аваад л хил даваад явчихсан залуус олон байгаа гэнэ. Дээд боловсролтой, их сургууль төгссөн, 20-30 насны сэхээтэн залуус манай улс руу маш ихээр орж ирж байна.
ОХУ ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА ЦЭРГИЙН НАСНЫ ИРГЭДЭЭ БУЦААН ТАТАХ ЧИГЛЭЛ ГАРГААД БАЙНА
Хэд хоногийн өмнө ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас бүх улсад буй өөрийнхөө элчин сайд яамдад чиглэл өгсөн байна. Тэр дундаа хил залгаа улсад байгаа цэргийн насны иргэдээ эргүүлэн татах тухай ярьж байна. “Наад хүмүүсээ буцаа” гэж тушаасан гэсэн үг. Мэдээж манай Монгол улсын тухад хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улс. ОХУ-ын Элчин сайд Азизов ажлаа өгч, шинэ элчин сайд ирэх тухай сураг байна. Шинэ хуучин хэн нь бай, Оросын элчингээс энд байгаа хүмүүсээ албадан буцаана гэвэл бид олон улсад үнэхээр муухай харагдана. Эвгүй байдалд орох нь ойлгомжтой.
МОНГОЛ УЛС ДҮРВЭГСДИЙН ДАМЖЛАГА УЛС БОЛООД БАЙНА
Жишээ нь, Халимаг залуус байна. Тэд Халимагаас Казахстан руу дүрвэж орсон. Оросын иргэд дотоодын үнэмлэхтэйгээ орж болдог юм байна л даа. Энэ боломжоо ашигласан байна. Их сургуулийн докторант залуус, дунд сургуулийн багш нар, бизнес эрхлэгчид хүртэл ирж байна. Энэ бүх асуудал долоо хоногийн дотор өрнөсөн учраас ямар ч байсан хил давж орж ирээд, шинэ газартайгаа танилцаад явцгааж байна. Миний санаж байгаагаар анх 2014 оны 7 сарын 1-нээс эхэлж, Орос Монгол харилцан визгүй боллоо шүү дээ. Түүнээс хойш ер нь Оросууд их орж гардаг болсон. Бид нарын зүгээс таньдаг дүү нар, найзууд, нартаа туслах ийм л зүйлийг хийж байна. Монгол элгээр, Буриадууддаа туслах тийм хүсэлтэй байна.
Мэдээж янз янзын ааш аягтай хүмүүс цуглах магадлалтай учраас бид авчирсан залуучууддаа газар дээр нь шууд журам танилцуулж байна. Мэдээж бид нар тэднийг хүлээж авч, тусалж зохион байгуулж байгаагийн хувьд Монгол улсын хууль дүрмийг сануулж ажиллаж байна. Тийм учраас ирж байгаа дүрвэгч иргэдээ ч гэсэн ийм байдлаар хандаасай гэж чиглэл өгч байгаа. Дүрвэгсдийн асуудал шинэ зүйл биш. Монголд Хятадаас дүрвэж орж ирсэн Өвармонголчууд, Афганистан, Тажикстанаас дүрвэж орж ирсэн Хазарачуудын асуудал гээд өмнө нь ийм тохиолдол гарч л байсан шүү дээ.
Яг өнөөдөр бол манай улс албан бус, дамжлага улс болоод байна. Оросоос ирсэн залуус цаашид НҮБ-ын хамгаалалтад байж байгаад Швед, Герман руу гарна гэх зэргээр ярьж байна.
Ер нь Монгол туургатнууд ороод ирэхэд нь тосоод авч байсан түүх бидэнд бий. 1910-1920-иод оны үед асар их Буриадууд орж ирж байлаа. 1945 онд Баргуудын 200 өрх нүүгээд ороод ирэхэд тухайн үеийн Монголын төрийн шийдвэрээр Хөлөнбуйр суманд тэднийг байршуулж байлаа гээд түүхийг дурдаж болно. Тиймээс одоо болж буй үйл явцыг энэ өнцгөөс нь хараасай гэж би хүсэж байна. Дүрвээд явах улс зөндөө байхад яагаад заавал Монгол руу гэж… Тэгэхээр бид илүү хүлээцтэй, уужуу хандах хэрэгтэй болоод байна.