Сүүлийн жилүүдэд манай улсын малын тоо толгой тогтвортой өсөж, 90 саяд хүрээд байна. Тиймээс малын тооны өсөлтийг чанарт шилжүүлэх шаардлага гарч байна. Малын ашиг шимийн гарц чанарыг тогтвортой нэмэгдүүлэн хүн амыг чанартай, эрүүл, баталгаатай хүнсээр хангах, мал аж ахуйн гаралтай өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, улсын эдийн засгийн өсөлтийг хангах хэрэгцээ үүссэн. Тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, томоохон хот суурин газрын хүн амын сүү, махны хэрэгцээг тогтвортой хангах чиглэлд анхаарал хандуулах цаг болжээ.
Өндөр ашигт үүлдрийн нэг бухны нэг удаагийн харайлтын үрээр 100-250 үнээнд зохиомол хээлтүүлэг хийх боломжтой байдаг байна. Зохиомол хээлтүүлгийн үр дүн нь 75-80 хувийн төл авах боломжтой аж.
Газар тариалангийн бүсэд өндөр ашиг шимт малыг өсгөж үржүүлэх нь чухал гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Малын удмын сангийн үндэсний төв арвин ашиг шимт баталгаажсан хээлтүүлэгч малаас чанартай үр үйлдвэрлэж, малын үндсэн генийн санг хадгалдаг. Мөн төрийн өмчийн бүртгэлтэй 16 мянган толгой цөм сүргийн малыг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүнээс үржлийн мал бойжуулах мал үржлүүлэгчдийг хангаж байна.
Малын удмын сан малын зохиомол хээлтүүлгийн техникч, биотехнологич хүмүүсийг сургаж, дадлагажуулан малчид, иргэд, аж ахуйн нэгж, фермерүүдийн малд зохиомол хээлтүүлэг, биотехнологийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Мөн малын үржүүлгийн бүтээгдэхүүнд молекул, генетикийн шинжилгээ хийдэг аж.
“ЭНЭ ЖИЛ АРВАН БУХНААС 14 МЯНГАН ТУН ҮР ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ”
Зохиомол хээлтүүлэг болон өндөр ашиг шимт малын мах, сүүний гарцын тухай Малын удмын сангийн үндэсний төвийн үйлдвэрлэл технологийн албаны дарга Н.Бархасаар тодрууллаа.
Тэрээр, энэ жил Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйн хонь, үхэр нийлсэн нийт 16 мянган толгой малд зохиомол хээлтүүлгийн ажил хийхээр төлөвлөсөн. Энэ зун Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн нутагт нийт 8500 гаруй үхэрт зохиомол хээлтүүлэг хийхээс 7000 үхэрт зохиомол хээлтүүлэг хийж, ажлын явц 88 хувьтай байна.
Зохиомол хээлтүүлэг хийхийн тулд орон нутаг дахь хээлтүүлэгчид, зохиомол хээлтүүлгийн техникчид маш чадвартай байх ёстой. Энэ жил манай байгууллагад 40 гаруй техникч гэрээ байгуулан ажиллаж байна. Бид зохиомол хээлтүүлгийн техникчдээ мэргэжил, арга зүйн зөвөлгөөгөөр хангахаас гадна өндөр ашигт малын гүн хөлдөөсөн үр, шингэн азот, багаж тоног төхөөрөмжөөр хангаж ажилладаг.
Энэ хавар махны чиглэлийн герефорд, халимаг, ангус үүлдрийн бухнууд. Хосолмол ашиг шимт семинтал, аллатон үүлдрийн бухнуудаар үр үйлдвэрлэл явуулсан. Нийт арван бухнаас 14 мянган тун үр үйлдвэрлэж, Дархан, Сэлэнгийн бүс нутагт үрийг гаргасан байна.
Мөн ирэх аравдугаар сарын дундуур хуц ухнаас үр үйлдвэрлэнэ. Энэ жил баталгаажсан үйлдвэр омгийн 54 омгийн малаас 15 үйлдвэр омгийн мал авч ирж, үр үйлдвэрлэж байна. Энэ жил нийт 20 мянган тун үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.
“ӨНДӨР АШИГ ШИМТ НЭГ ҮХРИЙН СҮҮНИЙ ГАРЦ МОНГОЛ ТАВАН ҮХРИЙНХТЭЙ ТЭНЦДЭГ”
Бидний авдаг стандартын шаардлага хангасан бухнууд хоёр настай. Монгол үхэрний амьдын жин 250 кг орчим байхад бидний үр үйлдвэрт ашиглаж байгаа бухнууд 450-460 кг татаж, нэг дахин илүү амьдын жин таддаг.
Мөн сүүний гарц ч өндөр байдаг. Монгол үнээ саадаг нэг айл таван үнээ сааж, 10 литр сүү авч байхад өндөр ашиг шимт нэг үнээнээс өдөрт багадаа 10 литр сүү гарах боломжтой. Монголд сүүний гарц нь 30 литр давсан үхэр фермүүдэд байдаг.
50 монгол үхэр нядлаад гарах махны жинг өндөр ашиг шимт арван үхэр нядлаад гаргах боломжтой” гэсэн юм.
“АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ МЭРГЭЖЛИЙН ЧАДАВХ СУЛ БАЙНА”
Тус байгууллагын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ салбарт ажиллах хүний нөөц, боловсон хүчний мэргэжлийн чадавх сул, мэргэжилтнүүдийн насжилт өндөр болсон байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд тус салбарт хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжүүлэх олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах хэрэгцээ үүссэн байна. Мөн малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн малын үржил, селекцийн чиглэлийн мэдлэг, мэдээлэл сул байна гэж ярьж байлаа.