Манай улс ойрын таван жилд хүнсий хэрэгцээгээ дотоодоос хангах зорилт тавьсан. Энэ хүрээнд газар тариалангийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болох зэрэг төлөвлөгөөг гаргаад байна.
Манай улс нийтдээ 1 сая 50 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай. Өнөөдрийн байдлаар 898 мянган га талбайд үр тарианы чиглэлээр 1450 иргэн, аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногооны чиглэлээр 852 аж ахуйн нэгж, 17.1 мянган иргэн тариалан эрхэлж байна.
Энэ жилийн урьдчилсан балансаас харахад :
- улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь
- хүнсний ногооны 70 хувь
- таримал тэжээлийн 50 хувь
- тослог ургамлын 32 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.
Манай улс хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангах зорилго тавиад байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд тариаланчдыг дэмжих бодлого чухал гэдгийг онцолж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээс тодрууллаа.
Дархан, Сэлэнгийн газар тариалангийн бүсэд ажиллах явцад газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид болон энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийн зүгээс дотоодын үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах, дэмжих, төрөөс тодорхой дэмжлэг, санхүүжилт үзүүлэх зэрэг хүсэлтүүд тавьж байна. Бид энэ асуудлыг ажлын хэсэг, УИХ-ын төвшинд ажиллаж, шийдвэрлэх болно.
Тариаланчдын хувьд гурван хувийн санхүүжилтыг үргэлжлүүлж олгох нөхцөлийг тавьж байна. Хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан УИХ-аас 240-280 тэрбум төгрөгийн санхүүжилтийг урсгал зардал байдлаар шийдвэрлэх чухал байна. Хөнгөлөлттэй зээл туслалцааг бий болгох хэрэгтэй байна. Бид урт хугацаандаа хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Монгол хүний гол хэрэглэж байгаа 16 гол нэгтгэлийн бүтээгдэхүүний хүрээнд эрэмбэлж, хамгийн өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнд эхлээд санхүүжилт, дэмжлэг туслалцаа болоод төсвийн бодлогыг чиглүүлэх болно.
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой, тэр тундаа хүнд цаг үеүдэд бидэнд байхгүй, үйлдвэрлэдэггүй зүйлээ бий болгох нь хамгийн чухал. Цаашид бид хүнсний чиглэлээр өөрсдөө үйлдвэржсэн улс орон болох, дотооддоо үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, импортын бүтээгдэхүүнийг орлуулах, экспортод гаргах хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зэрэг зорилго тавиад байна.
Ирэх дөрвөн жилийн хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжтай холбоотой хөтөлбөр болон УИХ-ын тогтоол, чиглэл үүнд чиглэж байна. Нэгдүгээрт, өөрсдөө тариалах, түүнийгээ боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн чухал. Үүнд төрөөс үзүүлэх гол бодлого, дэмжлэг, туслалцааны асуудал нь хөрөнгө мөнгө, санхүүжилт. Нэмээд татварын бодлогын асуудал байна.
Мөн хууль эрх зүйн хүрээнд бид таатай орчин нөхцлийг бүрдүүлэх юм. Үйлдвэрлэгч бий болгоход хууль эрх зүйн хүрээнд яаж дэмжиж байгаа вэ гэвэл өнгөрсөн долоодугаар сарын 22-нд үйлдвэр технологийн паркын хууль батлагдсан. Паркын тухай хуулийн хүрээнд хувийн хэвшил болоод төр хамтарч хийх, дангаараа хувийн хэвшил хийх боломж бололцоог бий болгож, татварын таатай нөхцлүүдийг бий болгож байна. Үйлдвэр технологийн паркын хүрээнд тухайн үйлдвэр, парк байгуулсан аж ахуйн нэгжүүдэд оруулж ирж байгаа үйлдвэрт нь шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас нь бүрэн чөлөөлөх асуудал хөндөгдөж байна. Мөн үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд НӨАТ-ын албан татварыг хойшлуулах бодлогын зохицуулалтыг хийж байна. Жишээлбэл, Дархан-Уул аймагт баригдсан үйлдвэрт, үйлдвэр технологийн паркад үл хөдлөх хөрөнгө болон тухайн газрын төлбөрүүдээс нь чөлөөлөх боломж хуулийн хүрээнд бүрэн бий болсон. Энэ хууль бол нэг талдаа аж үйлдвэрийг дэмжиж байгаа, тэр дундаа хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гол татварын бодлого зохицуулалтын хууль эрх зүйн орчин гэж ойлгож болно.
Бид гадаад нөхцөл байдлаас хамааралтай байгаа энэ цаг үед дотоодын үйлдвэрээ хамгаалах, импортын татварын бодлого болон тариф, гаалийн бодлогод онцгой чухал ач холбогдол өгч, тооцоо судалгаа дүн шинжилгээ хийснээр энэ бодлогууд гарах шаардлагатай байна гэдгийн бодит илэрхийлэл болсон болов уу.
УИХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд 2022-2026 оны хооронд нийт 1.4 их наяд тэрбум төгрөгийн тодорхой дэмжлэгийг төрөөс үзүүлэх шаардлагатай байна. УИХ-ын зүгээс 2022-2026 оны хооронд тухайн баталсан тогтоол болон энэ санхүүжилтын хүрээнд жилдээ 250-280 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжлэг үзүүлэх, тодорхой зээл туслалцааг олгох хөтөлбөр хуваарь батлагдсан.
Бид гаднаас импортын хараат. Мөн геополитик болоод гадаад шокын нөлөөлөл хүндрэл, эрсдэлтэй байгаа энэ цаг үед өөрсдийн эдийн засгийн аюулгүй байдалд онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Тэр дундаа хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудал нь улс орны аюулгүй байдал талаасаа хамгийн чухал асуудал юм. Төсөв мөнгөний хувьд бид энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, шаардлагатай хөрөнгө мөнгө, санхүүжилт олгоход анхаарч ажиллах болно” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.