Орос, Украины дайны нөхцөл байдал улам хурцатсаар. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин орон даяар цэргийн дайчилгаа зарлан, иргэдээ дайны талбар руу татаж буй нь асуудлыг улам хурцатгав. Үүний улмаас Оросын иргэд тэр тусмаа үндэсний цөөнхүүд дайчилгаанаас зугтан, Монгол руу дүрвэх цуваа өдрөөс өдөрт нэмэгдсээр. В.Путиний мэдэгдлийн дараа ОХУ-аас Монголд ирэх иргэдийн тоо өмнөхөөсөө тав дахин нэмэгдээд байгаа юм. Оросын иргэд Монголд нэг сарын хугацаанд визгүй зорчих эрхтэй. Хэрвээ манай улсад сар болсныхоо дараа визээ сунгуулах хүсэлт гаргавал яах вэ. Оросоос ирж буй иргэдийг “шингээх” боломж Монголд бий юү.
Хүмүүнлэгийн виз олгох хүсэлт гаргасан буриадуудын хүсэлтийг манай улс зөвшөөрвөл Орос, Монголын найрамдалт харилцаанд сэв суух уу. Бид эдгээр асуудлаар НИТХ-ын төлөөлөгч, олон улс судлаач П.Наранбаяртай ярилцлаа.
-ОХУ-аас өдөрт дунджаар 903 иргэн Монголд орж ирж байна гэсэн судалгаа гарч. Энэ нь өмнөхөөсөө тав дахин нэмэгдсэн үзүүлэлт. Буриадууд нэг сараас урт хугацаатай, хүмүүнлэгийн виз Монгол Улсаас хүслээ. Ийм цаг үед Монгол Улс ямар гадаад бодлого баримталж, хэрэгжүүлэх нь хамгийн зөв, оновчтой гаргалгаа вэ?
-Орос, Украины дайн энэ оны хоёрдугаар сараас эхлээд, сунжирч байна. Оросууд үүнийг “Цэргийн тусгай ажиллагаа” гэж тодотгож буй. Монгол Улс албан ёсоор энэ нэр томъёог нь хэрэглээд байх шиг байна. Гэвч тэнд дайн болж байгаа. Украин алдсан газар нутгаа эргүүлж авах сөрөг давшилтыг эхлүүлсэн. Оросын арми хүнд байдалд орлоо. Үүнтэй холбогдуулан В.Путин 300.000 иргэнийг нэмж дайчлахаар хэсэгчилсэн дайчилгааны зарлигт гарын үсэг зурсан. Яг бодит байдал дээр 300.000 бус нэг сая иргэнийг дайчилсан гэж яригдаж байна лээ.
Энэ дайчилгааг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн улам хүчээ авсаар байна. Тэр ч битгий хэл В.Путинийг дэмждэг хүмүүс дундаас ч эсэргүүцэгчид гарч ирсээр байгаа. Оросын үндэстний цөөнх болсон Буриад, Халимаг, Тувачууд дайны улмаас илүү их хохирол амсаж байгаа. Петербург, Москвагаас гаралтай орос цэргүүдийн хохирол бага. Хойд хөрш үндэстний цөөнхүүдээ хэрхэн дайны “бамбай” болгож, ялгаварлан гадуурхаж буйн илрэл нь энэ.
Орос улс одоо цэргийн дайчилгаанд оюутнуудыг хүртэл хамруулж байх шиг байна. Дотуур байрнаас нь шууд хүчээр дайчилж байгаа гэсэн.
В.Путиний бодлого шийдвэр, дайныг эсэргүүцсэн, цэргийн дайчилгаанаас зугтаасан иргэд хөрш зэргэлдээх орнууд рүү дүрвэж байна. Тэдгээр орнуудын нэг нь Монгол Улс. Манай улс хилээ хаагаагүй, Оросын иргэд нэг сарын хугацаанд визгүй зорчих эрхтэй.
Үүссэн нөхцөл байдлын улмаас хоёр асуудал үүснэ. Нэг нь, элэг нэгтнүүдээ Монгол Улс алгаа тосон угтаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь зөв үү. Нөгөө нь, хүн ам зүйн аюулгүй байдлын асуудал. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байдаг тоо хэмжээг бариулах. Ер нь дүрвэгсдийг хүлээж авна гэдэг өөрөө ярвигтай асуудал. Ийм олон тооны дүрвэгсдийг хүлээж авах чадамж Монгол Улсад бий юү. Эдийн засагт ямар дарамт үзүүлэх вэ гэх мэт олон талаас нь харж, тооцох шаардлагатай.
-Буриадын иргэд өмнө нь ОХУ-аас Монголд дүрвэж орж ирсэн тохиолдол хэр олон билээ?
-Хоёр том тохиолдол бий. 1917 онд ОХУ-д хувьсгал гарсны дараа эмх замбараагүй байдал үүссэн. Тухайн үед хойд хөршөөс маш олон буриад иргэн Монголд орж ирсэн. Нөгөө нь Сталины дэглэмийн үед. Харамсалтай нь, түүхийг эргүүлээд харахад Оросоос Монголд орж ирсэн бүх буриад иргэдийг олноор нь хэлмэгдүүлж, буудан хороосон байдаг. Харамсалтай энэ гашуун түүх давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Тийм эрсдэл одоо ч бий.
Дайны улмаас ОХУ өөрөө асар их хохирол амсаж байгаа. Эдийн засгийн өсөлт нь зогсчихсон. Байгалийн хийг нь Энэтхэг, Хятадаас өөр улс бараг авахгүй байна. Энэ нь Орос улсыг улам туйлдуулж байгаа.
-Буриад зоны төлөөлөл Ерөнхийлөгч, УИХ-д хандан захидал илгээн, хүмүүнлэгийн виз хүсээд буй. Үүнийг нь зөвшөөрвөл ОХУ хэрхэн бол. Хоёр орны найрамдалт харилцаанд хэр нөлөөлөх бол?
-Одоо яг тэгж, ингэж нөлөөлнө гээд хэлэхэд эрт. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Манай улс эрчим хүчний бодлого, шатах, тослох материалаараа ОХУ-аас 100 хувь хараат. Энэ бол үнэн. Нөгөө талдаа, ОХУ, Монгол стратегийн бүрэн түншлэлтэй орнууд. Монгол Улс ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг орон. Аливаа зүйл дипломат хэлэлцээр хийх шугмаар л шийдэгдэх ёстой. Биенээ сүрдүүлсэн, үгүйсгэсэн зүйл байж болохгүй. Сэтгэл хөдлөлөөр хандах асуудал энэ биш.
Монгол Улс жижиг эдийн засаг, жижиг төсөвтэй орон. Нөгөө талаар энэ асуудал ОХУ-аас ирж буй оросуудыг, элэг нэгтнүүдийг дүрвэгчид гэж үзэх эсэхээс шалтгаална. Одоогоор 30 хоногийн визээр орж ирж буй тул дүрвэгч гэж үзэхгүй гэх байр суурийг ХЗДХ-ны сайд хэлэх шиг боллоо. НҮБ-ын дүрмэнд байдаг дүрвэгч гэдэг утгаар нь авч үзвэл Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үүрэг хүлээнэ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүмүүнлэгийн тусламж авах эрхийг нь эдлүүлэх ёстой.
Монголд орж ирсэн орос иргэд, бидний элэг нэгтнүүд нэг сарын визээ сунгах хүсэлт гаргавал яах вэ. Тийм асуудал гарах нь бараг л тодорхой. Тэр үед хүссэн, хүсээгүй байдал хүндэрнэ. Тодорхой шийдвэр гаргах шаардлага урган гарна.
Үүний сацуу ОХУ иргэдээ Монголоос албадан гаргахыг шаардвал яах вэ. Энэ үед хоёр улсын хооронд ямар хэлэлцээр явагдах вэ. Их ярвигтай асуудал үүснэ. Иргэншлээ солих, Монгол Улсын харьяат болох хүсэлтэй иргэд нэмэгдэж магадгүй.
-Орос улсын 200.000 иргэнийг ажиллуулах ажлын байр Монголд бий гэх мэдээлэл бий. Тийм хүчин чадал, боломж Монголд бий юү?
-Монголын ажилгүйдлийн түвшин хэвээрээ байгаа. Чухам хаанаас тийм тоо гаргасныг мэдэхгүй байна. Оросын иргэд Монголд ирээд ажиллахад хэлний бэрхшээл зайлшгүй гарна. Монголд орос хэлтэй хүн хэд билээ. Хойд хөршөөс ирсэн иргэдэд монгол хэл заах ажлыг төрөөс зохицуулах шаардлагатай байх. Тэгэхгүй бол хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахгүй шүү дээ.
Одоо өвлийн улирал дөхөж байна. Удахгүй бүх бүтээн байгуулалт, барилгын ажил зогсоно. Ийм цаг үетэй таарч буй нь таагүй.
-Хэд хоногийн өмнө Оросоос ирсэн нэгэн иргэн монгол залуугийн толгой руу алхаар цохин, хүнд бэртээсэн байна лээ. Энэ мэтээр монголчуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй, амь насанд нь халдахгүй, эмх замбараагүй байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй.
-Энэ бол Монгол Улсад, монголчууд бидэнд тулгарч мэдэх бодит эрсдэл мөн. Бид зөвхөн ОХУ-ыг бус урд хөршөө ч мөн сайтар ажиглах хэрэгтэй. БНХАУ-д юу ч болохыг урьчилан тааж, таамаглах боломжгүй. Хятадууд Ши Жинпиний дарангуйллыг хэр удаан хүлцэн тэвчих вэ. Коммунист нам дотроо ч үүнийг хүсэхгүй байгаа хүмүүс бий. Ер нь нөхцөл байдал хүндэрч байгаа. БНХАУ-д эмх замбараагүй байдал үүсвэл яах вэ. Хятадын коммунист нам дотроо бужигнавал Шинжаан Уйгураас Монголд орж ирэх дүрвэгчдийн асуудал хүндэрнэ. Хилийн аюулгүй байдал чухал. Тиймээс хил хамгаалах бодлогодоо анхаарч, төсвөө харамгүй зарцуулах шаардлагатай. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримтлах нь зүйтэй.
Ярилцлагын эхэнд та оновчтой гарц, гаргалгааны талаар асуусан. Бүх зүйлийг цаг хугацаа харуулна. Гуравдагч хөршийн, төвийг сахьсан гадаад бодлогын байр суурийг маш сайн баримтлах ёстой. ОХУ-аас эрчим хүчний хараат байдлаа нэн яаралтай багасгах хэрэгтэй. Байгалийн хийг Монголоор дамжуулан өнгөрүүлэх асуудал тухайн үедээ хэрэгтэй байсан байх. Нөхцөл байдал ийм байгаа цаг үед Монгол Улсын эрх ашигт төдийлөн нийцэхгүй.
Геополитикийн нөхцөл байдал улам хүндрээд улс орнууд хүчээр шийдэх хандлага улам хүчээ авч байна. Өнөөдөр Италид Берлусконигийн шавь, Италийн фашист хөдөлгөөний гол удирдагчийг дэмждэг хүн гараад ирлээ. Хөгшин Европт хүртэл үндсэрхэг үзэл, гадаадынхныг хүлээж авдаггүй нөхцөл байдал улам даамжирч байна.
Ийм цаг үед Монгол Улс цаашид ардчиллаа яаж хадгалаад, хоёр хөрштэйгөө хэрхэн эн тэнцүү харилцаж явах вэ. Энэ асуудал улам хүндэрч байх шиг.
ШХАБ-ын уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын тэргүүн уулздаг. Энэ уулзалтыг хэсэг хугацаанд хийхгүй байх нь зүйтэй. Тэгэхгүй бол шууд хайчин цохионд орох магадлалтай. Яагаад гэвэл Орос, Хятадын харилцаа урьд өмнө нь байгаагүйгээр сайжирч байна. Нөгөө талд Тайванийн асуудлыг шийдэх хүсэлтэй Хятад байна. Хятад хэдийгээр дайны асуудлаар Оросыг шууд дэмжихгүй байгаа ч НҮБ дээр хойд хөршийг өмөөрсөн байр суурь илэрхийлж байгаа. Тиймээс ШХАБ-ын үеэрх гурван орны уулзалтыг дайн дуустал ч юм уу болих хэрэгтэй. Хөрш хоёр орны харилцаа илэрхий сайжирчихсан байхад манайх уулзах ямар ч шаардлагагүй. Энэ бол нэгдүгээрт хийх алхам. Цаг үе эргээд, энх болсон цагт өөр хэрэг. Мэдрэмжтэй, цаг үеэ олсон энэ мэт гадаад бодлогууд чухал байна.