Үншигч танд БНПУ-ын Ерөнхий сайд Матеуш Моравецкийн нийтлэлийг хүргэж байна. Польш улс Европын холбоонд элсэх нөхцлүүдийг тохиролцох ажлын хэсгийн гишүүн асан тэрбээр Вроцлавын Их сургуулийн түүхийн анги, Вроцлавын Политехникийн Их сургууль, Коннектикутын Их сургуулийн бизнесийн удирдлагын ангийг тус тус төгссөн юм.
"Дэлхийн II дайн 1939 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Энэ дайны эхний ажиллагаа польшийн Вестерплатт дахь зэвсгийн агуулахыг дэлбэлсэн явдал байв. Гданск хотод нэвтрэхдээ энхийн зорилготой хэмээн мэдэгдэж байсан „Schleswig-Holstein” танкийн дивиз Польшийн цэргүүдийн эсрэг гал нээжээ.
Үүнээс 83 жилийн хойно миний бие энэхүү түүхэн үйл явдлын тухай эргэн дурсаж байна. Харин Европын өнөөгийн дүр төрхийг тогтооход чухал хүчин зүйл болсон энэ дайны талаар Европын олон нийт улам бүр бага мэдэх болсон нь цаг хугацаатай холбоотой. Бидний дунд дайны үеийн амьд гэрч цөөрөх хэрээр түүхэн бодит үнэн “замхран өнгөрөх”-өөс сэргийлэх хариуцлага бидэнд ноогдож байна. Энэ нь дайны дараах үеийн түүхээс илүү өндөр хариуцлага болно.
Дайны өмнөх Европ нь хоёр тоталитар дэглэмийн үзэл суртал, аюул заналыг оновчтой үнэлж чадаагүйн улмаас II дайны урхинд орсон юм. Тэр үеийн элит улс төрийнхний дунд Оросын коммунизм, Германы нацист үзэл огт ойлгомжгүй, төсөөлөхөд бэрх үзэгдэл байв. Ялангуяа германчуудын Гитлерийг тахин шүтэх үзэл нь Европын олон нийтийн санаанд огт багтамгүй зүйл байв. Тэр үеийн Герман мунхаг үйлдэлд авталгүй сөрөн зогсож чадах өндөр хөгжсөн нийгэм, соёлжиж боловсорсон олон нийтийн нэгэн жишээ болж байлаа.
Гитлер засгийн эрхэнд гарахаасаа өмнө ч Германд ноёрхлоо тогтоох, эзэнт гүрэн байгуулах санаархлаа нууж байгаагүй. Тэрбээр алхам алхмаар өөрийн бодлогоо хэрэгжүүлж Австри, Чехийг хялбархнаар өөртөө нэгтгэсэн. Европ дайны хөлд өртөхгүй өнгөрөх гэсэн найдвартаа хөтлөгдөн түүнийг хүлцэнгүйгээр тэвчиж байлаа. Энх тайвны төлөө хэмээх үгээр халхавчилсан энэ байр суурь бодит байдал дээр Герман өөрийн нөлөөллийн хүрээ болох Lebensraum буюу "амьдрах орон зай"-г тулган зөвшөөрүүлсэн үндэстнүүдийн хувьд боолчлол байсан юм.
Польшийн хувьд үүнээс эсрэг байрь суурьтай байв. Гитлер польшчуудыг хараат улсын статустай болгохын тулд хамтран ажиллах санал байнга тавьж байжээ. Эдгээр саналыг огт хүлээж аваагүй учраас Германы талаас ганцхан шийдэлд хүрсэн нь түрэмгийлэл байлаа.
Өөр хоорондоо өвөрмөц ялгаатай хоёр тоталитар дэглэмийн нэгдмэл хүсэл бол Польшийг нухчин дарах явдал байв. ЗХУ болон фашистын Германы хооронд 1939 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Харилцан үл довтлолцох Гэрээ байгууллаа. Гэрээний дагалдах Нууц протоколд хоёр улс Европ тивийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ харилцан тохиролцох замаар Польш, Литва, Латви, Эстони, Финланд болон Румыны нутаг дэвсгэрийг хувааж авахаар тохирчээ. Молотов-Риббентропын Пакт нь Төв болон Зүүн Европын хувь заяаг шийдвэрлэж 9 дүгээр сарын 1-нд Герман 9 дүгээр сарын 17-нд Улаан арми өмнө талаас тус тус Польш руу довтолсон юм.
Польш нь дайны анхны цуст хохирогч болж Гитлер, Сталин нар давхар ялалт байгуулсан хэмээн үзэж байв. Тэд цэрэг зэвсгийн давуу байдлаа ашиглан асар богино хугацаанд ялалт байгуулахад Өрнөдийн орнууд тодорхой хариу үйлдэл үзүүлээгүй билээ.
Өнөөгийн Европ фашизмын эсрэг ялалтын дурсамж дээр буй болсон бөгөөд дайны эхэн үеийн хүлцэнгүй байдлаа ичгүүртэйгээр үгүйсгэдэг. Польш гэмт хэргийн дэглэмтэй хамгийн түрүүнд нүүр тулж байх үед Парис, Лондонд олон хүн Гитлерийг Варшав хүрээд зогсоно гэдэгт итгэж байлаа. Гэвч тэдний бодол ахархан байсныг цаг хугацаа харуулсан юм.
Польшийн нутаг дэвсгэрт үйлдсэн Германы түрэмгийлэл түүхийн бүрэн доройтол юм. Нацистын Герман зөвхөн Польшийн нутаг дэвсгэр дээр аймшигт алан хядах ажиллагаа явуулж байв. Холокостод ашигласан дэд бүтцийн дийлэнх хэсгийг Польшид байгуулсан нь түүхэн дэх хамгийн аймшигтай системтэйгээр аймаглан устгах гэмт хэргийг үйлдэх бааз суурь болжээ.
Барууны олон оронд энэхүү эзлэн түрэмгийлэл зовлон зүдгүүрийн гашуун туршлага болсон. Сая сая польшууд болон еврейчүүд өдөр бүр амьд үлдэхийн төлөө тэмцэж байв. "Эзэн" үндэстэн анхнаасаа еврейчүүдэд устгах ял оноосон бол польшуудыг боол үндэстэн гэх ангилалд оруулж дийлэнх хэсгийг устгах ёстой гэж үзсэн байдаг.
Польшийг дэлхий дээрх там болгож байгаа энэхүү бодит нөхцөл байдлыг Барууны орнууд аажмаар мэдэрч ухамсарласан юм. Германы үйлдэж буй гэмт хэрэг буюу еврейчүүдийг устгасан тухай илтгэлийг АНУ-д анхлан хүргэсэн хүмүүсийн нэг Ян Карскигийн түүх бэлгэдлийн чанартай байсан юм.
Өнгөрсөн үеийн төдийгүй ирээдүйн үеийн төлөө Дэлхийн II дайны бодит үнэнтэй нүүр тулах нь бидний үүрэг мөн. Дайны дараах Герман улс дайны гэмт хэрэгтнүүддээ тодорхой хариуцлага тооцолгүйгээр богино хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгт нэгдэн орсноор өмнөх үеийн гэм нүглийг уламжлан хадгалах боломж нээлттэй үлджээ.
Улс төрд ёс суртахууны зарчим мөрдөх орон зай хомс боловч тоталитаризмыг үнэлэхэд бидэнд эргэлзэх зүйл үгүй юм. Хохирогч ч мөн адил буруутайн тухай сүүлийн үед нэлээдгүй сонсож бас уншлаа. Эндээс л түүхийг бүр мөсөн эргүүлэхэд нэг алхам үлдээд байгаа юм. Польшийн хувьд энэ алхмыг Владимир Путинээс өөр хэн ч хийх боломжгүй. Олон жилийн турш Оросын суртал ухуулга Польш улс Дэлхийн II дайн эхэлсэнд буруутай хэмээн дэлхий нийтэд итгүүлэхийг хичээсээр ирсэн. Утгагүй, увайгүй худал бол тоталитар суртал ухуулгын үндсэн шинж чанарын нэг юм"
Түүхийг харьцуулах нь ихээхэн хөнөөлтэй буруу байж болох боловч үнэн бодит байдлаас зугтах боломжгүй юм. Хэрэв бид Дэлхийн II дайныг орчин цагийн нөхцөл байдалд тааруулан бичвэл оргил үе нь Орос Украин руу довтолсонтой дүйх болов уу. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа нь ихэнх улс орон XX зууны сургамжийг мартжээ гэсэн үг юм.
Бид тоталитар дэглэмийг сэргээж буй их гүрнийг харж байна. Польш улс 83 жилийн өмнө хамгийн анх бууж өгөхөөс татгалзсан билээ. Эрх чөлөөний төлөө тууштай зогсож, Барууны соёл иргэншлийн үнэт зүйлийг эрхэмлэн үнэнч байх замыг сонгосон хэдий ч түншүүд маань биднээс урвасан билээ. Хэрэв бид түүхийг эргэн харах гэж байгаа бол зүгээр нэг дурсан санах бус харин тухайн үед гаргасан алдаагаа давтагдахгүйн тулд эргэн санах нь чухал юм.
Энэхүү нийтлэлийг „Wszystko co Najważniejsze” сэтгүүлд Үндэсний түүхийн хүрээлэн болон Польшийн үндэсний сангийн түүхийн тухай төслийн хүрээнд нийтлүүлэв.