"Хүлээлгийн өрөө" подкастын хөтлөгч М.Аззаяа, Ц.Ариунаа нартай уулзлаа. Герман улсад ажиллаж амьдардаг тэд "Хүлээлгийн өрөө" подкастаараа дамжуулан, хосуудын харилцаа, бэлгийн амьдралын талаар илэн далангүй ярилцаж, өөрсдийн хүрээлэлтэй болж чадсан юм. Тэд Монголдоо ирээд байх үеэр нь цөөн хором ярилцсаныг хүлээн авна уу.
Сайн байцгаана уу, Монголд ирсэн сэтгэгдэл нь ямар байна вэ?
Ц.Ариунаа: Сайхан байна. Яагаад ч юм хоргодоод байна.
М.Аззаяа: Эхлээд гэрээ санаад "эмороод", жаахан онцгүй байсан. Долоо хоногийн дараагаас гоё болсон. Маш гоё байгаа болохоор маргааш өглөө явна гэсэн чинь “дахиад долоо хономоор байна” гэж л бодогдож байна.
“Хүлээлгийн өрөө” подкастыг хийж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?
Германд Монгол эмэгтэйчүүдээрээ гадаа сууж байсан юм. Эмэгтэйчүүд яриад суухаар бүсэлхийнээс доошоо ярих тохиолдол байдаг. Гэр бүлийн байдал, секс гээд л ярьж эхэлж байгаад анзаарахад бид хоёроос насаар эгч, гэр бүлтэй эмэгтэйчүүд байсан ч секс гэдэг үг хэлж чадахгүй байсан. Эсвэл өөрийнхөө биеийн нэг хэсэг эрхтэн гэдэг үгийг ч хэлж чадахгүй ичээд байсан. "Яагаад ингээд байгаа юм бол" гээд л нэг сэдэл авсан. Бид хоёр бие биеэ хараад л "Чи манай сувгийн хүн байна. Хоёулаа секс ярих ёстой юм байна. Энэ сэдвээр Монгол эмэгтэйчүүд маш хаалттай байгаа юм байна. Үүнийг хоёулаа ярьж, секс гэдэг үгийг зургаа гэж ярихаа больё, секс гэж яриад, тийм гоё зүйлийг мэдрүүлье" гэдэг байдлаас анх эхэлсэн.
Хосуудын амьдралын бараг 99 хувь нь секс дээр тогтдог. Түүнээс шалтгаалан бие биеэ ойлгохгүй болох, хэрүүл маргаан үүсэх, цаашлаад гэр бүл салалт үүснэ. Бүгд секс дээр тогтож байгаа учраас түүнийгээ ярьж байж, гэр бүлээ аварч үлдэх юм аа гэсэн гол мессеж өгөхийг зорьсон.
Хосууд бэлгийн амьдралынхаа талаар нээлттэй ярилцах нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ?
Хосууд бэлгийн амьдралаа нээлттэй ярилцсанаар харилцаа нь илүү бат бөх болдог. Тиймээс энэ талаар ярихаасаа ичиж эмээх шаардлагагүй.
Зарим залуу эмэгтэй хүн "найрч" чаддаггүй. Яаж "найрахаа" ойлгодоггүй тохиолдол их байдаг. Яаж эмэгтэй хүнийг өөртөө татах вэ?
“Hi” гэж бичихгүй байх хэрэгтэй. "Хаая, унтаач" гэж битгий эхлээрэй.
Сонирхолтой байх тусмаа эмэгтэйчүүд татагддаг. "Хаая" гэж бичиж байгаа нь ч нэг талаараа зориг. Манай залуучууд зориггүй байгаа юм шиг санагддаг. Би тэгээд биччихвэл намайг муугаар бодчихно гэж боддог. Түүнийхээ оронд “Чи өнөөдөр маш гоё харагдаж байна” гэдэг ч юм уу, магтаалын үг хэлбэл бид жаахан зүйлд уярдаг учраас хариу бичих, харилцан яриа үүсэх боломж нь нэмэгдэж байдаг. Зүгээр л зоригтой, юу бодож байгаагаа хэл. Тэр эмэгтэй чамд таалагдаж байгаа бол таалагдаж байгаагаа хэл. Амьдрал богинохон.
Эсрэгээрээ эмэгтэйчүүдийн хувьд. Өөрөө сонирхож байгаа ч түүнийгээ илэрхийлэхгүй тохиолдлууд их байдаг.
Би хариу бичихгүй, тэр залуу руу харахгүй буруу хараад суух нь эмэгтэй хүний үнэ цэн гэж ойлгодог нь маш буруу. Тэр хүн чамайг хүндлээд бичиж байгаа бол яагаад бичиж болохгүй гэж. Хэрвээ таалагдаж байгаа бол таалагдаж байгаагаа хэл. Таалагдахгүй бол "Уучлаарай, чи надад таалагдахгүй байна" гээрэй. Түүнийгээ илэрхийлж сурах нь бидний хамгийн эхний алхам байх.
Нэг талаасаа "дуртай хүүхэн" гэж хэлүүлэхээс айдаг байх. Өөрөө түрүүлж бичих, эсвэл юу хүсэж байгаагаа илэрхийлэхээр нөгөө залуу нь дуртай гээд бодох вий гэж боддог. Гэхдээ харьцангуй тийм биш болсон. Манай залуучууд энэ маш зоригтой, өөрийнхөөрөө эмэгтэй байна гэж хүндэлдэг хандлагатай болсон нь их таалагдаж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.