Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлт өнөөдөр боллоо. Ингэснээр Монгол Улс нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр замыг анх удаа ашиглалтад оруулав. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухай онцлох баримтуудыг хүргэе.
-Монгол Улсын Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 8-нд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Тогтоолын дагуу үндэсний аж ахуйн нэгжүүд дөрвөн жилийн хугацаанд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад ийнхүү орууллаа.
-Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 60 гаруй жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байгаа нь энэ.
––233.6 км урт.
-Хоёр өртөө, зургаан зөрлөг, 16 гүүрийн байгууламжтай.
-Захиалагч: “Тавантолгой төмөр зам” ХХК
-Ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК
-Эл төмөр замыг барихад дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 2,000 гаруй техник, машин механизм, 5,000 гаруй инженер, техникийн ажилтан ажиллаж байгаа.
– Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тн ачаа тээвэрлэх боломж бүрдлээ.
-Нүүрс экспортын зардал 32 ам.доллараас 8 ам доллар болж, дөрөв дахин буурна.
-Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнууд олборлолтын хэмжээгээ 2-3 дахин нэмэх боломж бүрдэнэ. Цаашлаад уул уурхайн салбарын эрдэс бүтээгдэхүүний экспорт 30 хувиар өсөх тооцоог судлаачид гаргажээ.
-Монголын анхны I зэрэглэлийн төмөр замд шийдэгдээгүй асуудлууд бий. Одоогоор холболтын зам тодорхойгүй, шилжүүлэн ачих терминал бариагүй нь гол асуудал болоод буй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд холболтын зам, терминал барихад ойролцоогоор дөрвөн жил шаардлагатай гэсэн тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байгаа юм.