Бид мөнхийн биш мэдрэмжид автаж, дотоод сэтгэлээ бохирдуулан, зовж шаналах, стресстэх зэргээр өөрийгөө ядрааж байдаг амьтан. Хүн төрөлхтөн биеийн ядаргаагаа хэрхэн тайлахаа мэддэг, бохирдсон биеэ цэвэрлэж чаддаг. Тэгсэн атлаа сэтгэлийн ядаргаагаа тайлж, хиртсэн бодол сэтгэхүйгээ яаж цэвэрлэхээ төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл энэ талаар “Монголын випашяна судлалын төв”-ийн тэргүүн Д.Ширэндэвтэй уулзаж, ярилцлаа.
-Юуны өмнө ярилцах цаг гаргасан танд баярлалаа. Миний хувьд Випашяна бясалгалыг сэтгэлийн угаалга гэж ойлгоод байгаа. Энэ талаар та манай уншигчдад тайлбарлахгүй юу?
-Хүн болгон гартаа ертөнцийг атгадаг болсон байна шүү дээ. Гар утсаараа стресстэй мэдээллийг хормын дотор л авч байна. Гэтэл хүн бүрд гэр бүл, ажил гээд хувийн асуудлууд өдөр тутам үүсэж бий болдог. Үүн дээр нийгмийн стресс нэмэгдэж буй гэсэн үг. Бид стрессийн эрин зуунд амьдарч байна. Үүнийг дагаад бясалгалын эрин зуун эхэлж байгаа юм . Олон төрлийн бясалгал дэлгэрээд байгаа нь үүнтэй холбоотой гэж болно.
Випашяна бясалгалыг одоогоос 2500 жилийн өмнө мэндэлж байсан бурхан Будда нээж, дэлгэрүүлсэн. Энэ бясалгал нь маш энгийн, стрессгүй амьдрах арга замыг заадаг. Бурхан Будда Випашяна бясалгалаар гэгээрлийн замыг олсон гэж үздэг. Одоог хүртэл багш шавийн уламжлалтайгаар үргэлжилж байна. Бидний гол үүрэг бол энэ сайхан зүйлийг цэврээр нь хойч үед үлдээх юм. Тиймдээ ч үүргийнхээ хүрээнд үнэ төлбөргүй олон түмэндээ заах учиртай. Хорвоод мэндэлсэн хүн бүр өвддөг, өтөлдөг, үхдэг. Зовлонг хүн туулдаг юм бол түүнээс гарах арга зам байх ёстой шүү дээ. Энэ бол бясалгал. Гэгээрч, ариусдаггүй юм аа гэхэд, ядаж стрессгүй амьдрах хэрэгтэй. Випашяна бясалгал бол шашны бус шинжлэх ухааны арга зам.
Дэлхийд Випашяна бясалгалын 300 гаруй төв байгаа. Монголд үүнийг оруулж ирснээс хойш 40 мянган хүнд энэ гайхалтай стрессгүй амьдрах арга замыг заасан. Арав хоногийн бясалгалыг, бясалгалын ач тусыг мэдсэн хүмүүс ард түмэнд үнэ төлбөргүй хүргэх үүрэгтэй байдаг. Бизнес болгочихгүй, улс төрийн хамааралтай болгохгүй байх нь бидний эрхэм зорилго.
-Энэ төрлийн бясалгалыг хэрхэн хийдэг вэ?
-Бид гурван зүйл л заадаг. Эхнийх нь ёс суртахууны таван зарчим. Удаах нь сэтгэлийн өнгөн хэсгээ удирдах арга. Гуравдугаарт гүн сэтгэлээ тордох зам. Юун түрүүн Випашяна бясалгалыг, бясалгалын төвийн орчинд хийх нь зөв. Хүн бие болон сэтгэл гэсэн хоёр зүйлээс бүтдэг. Бие хиртэхээр бид усанд орчихдог. Харин сэтгэл хиртэхээр угаах аргаа мэдэхгүй байгаа юм. Үүний аргыг Будда зааж өгсөн. Сэтгэлд хуримтлагдсан олон жилийн хирээ арилгахын тулд бясалгалын, сайхан энергитэй орчинд байх нь зөв биз. Бясалгалд сууж байгаа 100 хүн байлаа гэхэд хоорондоо арав хоногийн хугацаанд огт харьцахгүй байх учиртай. Зөвхөн өөр лүүгээ өнгийнө гэсэн үг.
Мөн арав хоногийн хугацаанд цагаан хоол иднэ. Орой 21 цагаас амарна. Үүрээр дөрвөн цагаас босно. Энэ бол бясалгалын цаг. Дэлхий унтаж буй цагаар бясалгал хийх ёстой юм.
Бясалгалын арав хоногийн эхний гурван өдөр Анапана бясалгалыг хийж сурна. Энэ нь их энгийн. Хамраараа амьсгал авч гаргаад, үүн дээрээ төвлөрөх хэрэгтэй. Энэ амьсгалаа ажиглаж байтал бидний сэтгэл тэнээд алга болчихдог. Өнгөрсөн ирээдүйг л бодоод эхэлдэг гэсэн үг. Үүнээс хүн нэг хором тогтдоггүй сармагчин шиг сэтгэлтэй гэдгээ ойлгоно. Бид биеэ удирдаж мэддэг атлаа сэтгэл, бодлоо удирдаж чаддаггүй. Бодол сэтгэл нь одоо цаг дээрээ тогтохгүй, өнгөрсөн ирээдүйг л бодоод байдаг. Бясалгалын үр дүнд нэгдүгээрт сэтгэлээ удирдаж чаддаггүйг мэднэ.
Яагаад бид ядраад байна гэхээр сэтгэлээ удирдаж чаддаггүйтэй холбоотой шүү дээ. Хүн унтах үед бие амардаг боловч сэтгэлээ хэрхэн амраахаа мэддэггүй. Бидний бие унтсан ч сэтгэл унтаж чаддаггүй. Ядаж бид сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй. Мөн сэтгэлээ амрааж сурах хэрэгтэй.
ОДОО ЦАГ ДЭЭРЭЭ ТӨВЛӨРЧ СУРСНААР ӨНГӨН СЭТГЭЛЭЭ АМРААНА
Анапана бясалгал бидний сэтгэлийг амраана. Амьсгал орж гарч байгаа дээр нь төвлөрүүлээд байгаа нь одоо цагаа мэдэрч, сэтгэлээ удирдахад л сургаад байгаа юм. Бид 24 цаг амьсгалдаг учраас энэ хугацаанд хамраар орж гарах амьсгал дээрээ төвлөрч бүхий л хугацаанд бясалгал хийх боломжтой.
Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Бидний стресстэж хямардаг шалтгаанууд нь бид өөрлүүгээ өнгийж, өөрийгөө таньж мэдээгүйтэй холбоотой. Япашяна бясалгалын арван хоногт гадагшаа хардаг нүдээ дотоод руугаа эргүүлдэг. Хүмүүс буруугаар ойлгоод байдаг юм. Бясалгал хийнэ гэхээр л хөдөлгөөнгүй сууна гээд ойлгочихсон. Заавал завилж суух ч албагүй. Бяслагалаа мэдрээд ирэхээр хүн өөрийн эрхгүй завилаад эхэлдэг юм.
-Сэтгэлийн өнгөн хэсгээ эхний гурав хоногт амраах нь байна. Гүн хэсгээ яаж амраах вэ?
-Анапана бясалгалын дараагаар үндсэн бясалгалдаа орно. Сэтгэлийн өнгөн болон гүн хэсэг гэж хоёр байдаг. Бидний өнгөн сэтгэл бие организмаа дагаад унтдаг боловч гүн хэсэг нь 24 цаг ажиллаж байдаг. Үүнээс улбаатай зүүдэндээ ярих, босох зэрэг үйлдлийг бид ухамсаргүйгээр хийгээд байдаг юм. Зарим хүмүүс согтуу машинаа унаж ирээд гаражиндаа хийж, хаалгаа цоожлоод унтсан байдаг. Өглөө нь харин юу болсноо санадаггүй. Энэ нь бидний гүн сэтгэл үргэлж ажиллаж байдгийн илрэл. Юу согтсон гэхээр сэтгэлийн өнгөн хэсэг согтож, гүн хэсэг нь согтоогүй гэсэн үг.
Сайхан мэдрэмж болон муу муухай мэдрэмж мөнхөд үргэлжилдэггүй. Бидний сэтгэлийн гүн мэдрэмжид яагаад зовлон хурсан байдаг гэхээр сайхан мэдрэмжид дурлаж, муухай мэдрэмжид дургүйцдэг. Байж байгаад алга болчих зүйлд бид хариу үйлдэл үзүүлдэгт шалтгаан нь оршиж байгаа юм. Тэр үйлдэл буюу санкара биднийг тавгүйтүүлж байдаг.
ВИПАШЯНА БЯСАЛГАЛ ЖИНХЭНЭ БИЕ СЭТГЭЛИЙН АМРАЛТ БОЛДОГ
Эхний гурав хоногтоо төвлөрөх чадвартай болсон бол дөрөв дэх өдрөөс хөлөөс толгой, толгойноос хөл хүртэл биеэ ажиглаж эхэлдэг. Ямар ч мэдрэмж мөнхөд байдаггүй гэж сая хэллээ. Хувирч өөрчлөгддөг гэдгийг санангаа сайханд дурлаж, муухайд дургүйцэхгүй болоход суралцах арга зам юм. Үүнийгээ ухамсартайгаар хянаж сурна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний сэтгэлийн гүнийг хямраадаг мэдрэмжээ зохицуулах чадвартай болж байгаа юм. Ингэснээр сэтгэлийн гүнээсээ тайван болно. Випашяна бясалгал жинхэнэ бие сэтгэлийн амралт болдог. Бусад бясалгалгалууд сэтгэлийн өнгөн хэсгийг анагаагаад орхидог бол випашяна бясалгал сэтгэлийн гүн рүү нэвтэрдэг. Энэ бясалгалыг сэтгэлийн мэс засал гээд хэлэхэд болно.
Нэг ёсондоо сэтгэлийн өнгөн хэсэг нь өнгөрсөн ирээдүй дэх үргэлжилсэн бодлоос болж ядардаг бол гүн хэсэг нь 24 цагийн хугацаанд мэдэрсэн бидний мэдрэмжтэй хобоотой байдаг. Бие загатнах гэх мэт мэдрэмжүүд шалтгаангүй байдаггүй. Бидний сэтгэлд үүссэн файлууд сэтгэлийн гүнд хадгалагдахаар тэр нь мэдрэмж болж илэрдэг. Шөнийн цагаар сэтгэлийн гүн хэсэг хоромхон хугацаанд ч унтдаггүй. Дөрөв дэх өдрийн випаяшна бясалгал эхэлснээр биенд мэдрэгдэх мэдрэмжээ ухаантайгаар ажилгаж сурна гэсэн үг.
-Випашяна бясалгын үр дүнгийн талаар та яриач?
-Стресс гэдэг норгүйдэл бий болгоно. Нойргүйдэл нь сэтгэцэд нөлөөлж эхэлдэг. Энэ бол дэлхийд тулгамдаад байгаа асуудал шүү дээ. Хүн өөрөө тайван болоод ирэхээр бусдыг хайрлаж сурдаг. Стресстэй үедээ хүн бусдыгаа хайралж чаддаггүй юм билээ. Арав дахь өдөр нь инж баясалгал заадаг. Хайрлах сэтгэл нь нэгэнт дэлгэрсэн бол үүнийг нь хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Ямар ч шашинтай хүн энэ бясалгалд сууж болно. Бясалгал гэдэг эрч хүч шүү дээ. Бид өглөө бүр утсаа цэнэгтэй байлгахын тулд цэнэглэдэг. Тэгвэл өөрийгөө цэнэглэх хэлбэр нь бясалгал гэсэн үг. Бидэнд ядрахгүй, стресстэхгүй ажиллах боломж байна.
Бидний сэтгэл туулж өнгөрүүлсэн амьдралын цаг хугацаа, дурсамжийнхаа нэгээхэн хэсгийг ч мартдаггүй. Хэдийгээр санахгүй байж болох ч энэ нь сэтгэлийн гүн рүү шигдсээр байдаг. Энэ нь ихдээд ирэхээр бидний зан байдал, сэтгэхүйнд өөрчлөлт орж байдаг.
БЯСАЛГАЛЫН ДАРАА ШОРОНГИЙН ХОРИГДЛООС БЯЦХАН ХҮҮГИЙН ТӨРХИЙГ ХАРСАН
-Та бидэнд бясалгалын дараах үр дүнгийн талаар түүх ярьж өгөөч?
– Би их ууртай хүн байсан. Энэтхэгийн Төвд судлалын их сургуульд сурч байх хугацаандаа сахилгагүй лам хүүхдүүд рүү зандардаг, аашилж загнадаг байлаа. Энэ үедээ Випашяна бясалгалд суугаад гарсны дараа надаас уур гарахаа больсон байсан. Уурлая гэж хичээгээд ч гараагүй. Нүдэнд энэ мэтчилэн үзэгдсэн жишээ олон бий. Мөн чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч нараас хүртэл бясалгалын дараа бяцхан хүүхдийн төрх, энергийг мэдэрч байсан. Энэ бүхэн андашгүй шүү дээ. Харц, биеийн хэлэмжнээсээ харагддаг юм.
Үр дүн бол гайхалтай. Хүүхдэд ч бясалгалын арга хэрэгслийг заадаг. Бид хүүхдэд ямар асуудал байдаг юм гээд тоодоггүй. Тэд ч асуудлыг туулдаг. Хүүхдийн дотор ертөнц хямарч л байдаг. Ангийнхаа охиндоо сэтгэлтэй болоод тэр нь тоохгүй гэх мэтчилэн асуудлуудад хямарсаар байгаа. Үүнийгээ аав ээждээ ярих гэхээр сонсдоггүй. Стрессийг нь тайлж өгөхгүй болохоор хүүхэд дотроо хуримтлуулж бугшиж эхэлдэг. Ингээд шилжилтийн насан дээрээ буруу зүйл рүү тэмүүлдэг юм.
-Ярилцлагын төгсгөлд та Випашяна бясалгалыг товч, оновчтой тодорхойлбол?
-Випашяна бясалгал нь өөрлүүгээ өнгийж, өөрийгөө аврах зам юм. Энэ аргыг л бид зааж байгаа. Сэтгэл зөв тайван амгалан бол бидний үйлдэл зөв байна.