Эрх баригчид сандал суудлын төлөө л цуглаж, эрх мэдэлд шунахаас өөр шидгүй боллоо. “Угаасаа л үе үеийн л ийм явж ирсэн юм. Ингэж л байг” гээд бид эвлэрээд суух хэрэгтэй болж байна уу. Хамгийн сүүлд тэд Үндсэн хуулиа өөрчилж, сайд болох замаа засаж, албан тушаалаа хуваарилчихаад тарж одлоо. Тэд "Улсын эдийн засаг хэцүүдлээ. Хүний эрхийн зөрчил даамжирлаа. Ард иргэдийн амьдрал нэг л биш боллоо” гээд шуурхай хуралдаан зарлаж, ээлжит бусаар хуралдах болов уу. Ийм л хүмүүст итгэл үзүүлж, сонгожээ.
Өнөөдөр ам.долларын ханш 3000 төгрөг давж, иргэдийн орлого хот хөдөөгүй хэцүүдэж байна. Гэвч иргэдэд ажлын байр бий болгох, тэдний орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн хөшүүргийг улстөрчид хийхгүй байна. Энэ тухай ярих сонирхол ч тэдэнд алга. Ерөөсөө л “Байж байгаад тойрогтоо очоод аар саархан бараа, гурил будаа, чихэр жимс тараачихвал болчихдог юм” гэсэн хоноцын сэтгэлээр хандаж байна. Иргэд ч өөрсдөө хэт зөөлдөж, улстөрчдөөсөө хариуцлага нэхэж чаддаггүй нь гашуун үнэн. Энэ бүхний эцэст шударга бус бүхэн үүрлэж “ялзрал" дээд цэгтээ хүрсээр байна. Уг нь иргэд төрөөсөө шударга зүйлийг хүсэж, сануулга өгч чаддаг байсан бол тэд ингэж даврахгүй. Алдаа гаргах тоолондоо улстөрийн, хуулийн, ёсзүйн хариуцлага хүлээгээд явах учиртай байлаа.
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн судалгаагаар, манай улсын нийт иргэдийн гуравны нэг буюу 30 орчим хувь нь ядууралд өртсөн гэсэн дүн гарсан байдаг. Тэгвэл ядуурлын түвшинг МАН 2024 он хүртэл хоёр дахин бууруулахаар зорилт тавьжээ. Ингэхдээ иргэдийнхээ цалин орлогыг шат дараатай нэмэгдүүлэх замаар ядуу иргэдийнхээ тоог бууруулж, хөгжилд хөтөлнө гэж амлажээ. Нэр дэвшигчид батламжаа гардан авах үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Бид зүтгэнэ. Хамтдаа хөгжинө” уриа дэвшүүллээ. Бид улс орны хөгжлийг том зургаар харж байна” хэмээн манай Өрөг.мн сайтад ярилцлага өгч байв. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс үзвэл “Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно” гэжээ. Гэвч өнөөдөр энэ амлалт хөрсөн дээрээ буугаагүйн дээр, иргэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хэрхэн төлөх вэ гэдэгтээ шаналж байна.
Эрх баригчид ард түмний төлөө шийдэл гаргадаггүй. Гаргахыг ч хүсдэггүй. Бүрэн эрхээ дуусахаас өмнө амжиж, идэж уухаа л боддогийн жишээг олон үйлдэл харуулж байна. Хэдий болтол бид улстөрчдийн хоосон амлалтад итгэж явах вэ. Шударгаар хөдөлмөрлөсөн нь хохирдог, “нар үздэггүй”, болохгүй бүтэхгүйгээ засах гэж оролдоггүй төртэй хэзээ хүртэл явах вэ.