Засгийн газрын тайлан нь 10 их наядын зөрчилтэй, Монгол Улс малын гоц халдварт өвчиндөө баригдсан, Дарханы замаа гацаасан, тэтгэврийн реформ нь сураг алдарсан гээд олон алдаа дутагдлыг ажлаа өгсөн сайдуудад хаяглаж болно. Энэ бол тэдний л хийх ёстой ажил. Гэвч Ерөнхий сайд нь тэдэнд алга ташиж, дараагийн албанд нь хуваарилав. Монгол төрийн чухал албан тушаал "цагаан сарын бэлэг" болжээ. Бид өмнө нь сайдуудын онцлох ажлуудын талаар хүргэж байсан бол юунд хойрго хандсан, ямар гай тарьчхаад ажлаа өгсөн нэр зүүж, өөр албанд шилжиж буй талаар хөндөж байна.
НАСААРАА “ЗҮТГЭСЭН” Ц.НЯМДОРЖ БА 10 ИХ НАЯДЫН ЗӨРЧИЛ
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын “гал тогоог” удирдаж байгаад ажлаа өгөв. Гэтэл Засгийн газрын өнгөрсөн оны санхүүгийн тайлан нь 10,4 их наяд төгрөгийн зөрчилтэй гарсныг Үндэсний аудитын газраас тогтоолоо. Нийт баталсан төсвийнх нь бараг 70 хувь нь зөрчилтэй гарсан энэ асуудал нь төрд хяналт ямар хэмжээнд байсныг илтгэнэ. Тухайлбал, Үндэсний аудитын газрын тайланд яам, агентлаг бүр зөрчилтэй талаар хөндсөн байна. 10 гаруй их наяд төгрөгийн 17513 алдаа, зөрчил илэрснээс зөвхөн тендертэй холбоотой 31 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байх жишээтэй. Энэ бол Ц.Нямдорж гэдэг хүн ямар ажилласан бэ гэдгийг гэрчлэх хөдөлшгүй баримт юм.
ДАРХАНЫ ЗАМЫН ҮЙЛИЙН ҮР БУЮУ Л.ХАЛТАР САЙД
Дархан-Улаанбаатар чиглэлийн 200 гаруйхан километр авто замын бүтээн байгуулалт зургаан жил дамнаж байна. ЗТХ-ийн сайд Л.Халтар замын ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна хэмээн амлаж байсан ч өнөөдөр бахь байдгаараа л. Тус замын хоёр эгнээг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, хоёрыг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр нэмж барихаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас гацсан хэмээн албаныхан тайлбарлаж буй.
Гол шалтгаан нь цар тахал, хил гаалийн асуудал бус, анхнаасаа тендерээ будлиантай явуулж, ажил гүйцэтгэх чадваргүй компаниудыг өмнөх сайдуудын үед оруулж ирсэнтэй холбоотой хэмээн тайлбарладаг. Гэвч Л.Халтар сайдад менежмент хийх, гажуудлыг засах боломж байсан. Харамсалтай нь, цар тахал, хүн хүчний дутагдал, барилгын материалын хомсдол гэх нэрийн доор цааргалсаар “домогт” Дарханы зам дээрээ 0 оноо тавиулаад тушаал буурч байна. Мөн ачаа тээврийн авлигын асуудлыг өөгшүүлдэг, харсаар байж даамжруулсан гэх хэрэгт түүнийг буруутгаж буй. Өдгөө тэр салбарынхаа дэд сайдаар ажиллаж байна.
ТЭТГЭВРИЙН РЕФОРМ ЯАСАН БЭ
МАН тэтгэврийн реформ хийнэ гэж амлаад, үлгэр зохиогоод олон жил болсон. “Тэтгэвэр нь үр хүүхдэд нь өвлөгддөг, хуримтлалын санд төвлөрдөг хувийн тэтгэврийн сан бий болгох уу, аль эсвэл…” гэх маргаан удаан хугацаанд үргэлжилж, өнөөдөр ч шийдлээ олоогүй л байна. Монголчууд насаараа ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлчхөөд, түүнийхээ үр шимийг хүртэж чадалгүй өөд болдог харамсалтай дүр зургийг өөрчлөх нь А.Ариунзаяа сайд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарыг удирдах хугацаандаа хийх ёстой байв. Гэвч, тэтгэврийн реформ өнөөдөр гацаанд орж, хэн ч үүний талаар дурсахгүй байна.
Тэтгэврийн сангийн мөнгийг нь улстөрчид аваад хоосолчихдог, идэж уудаг гажуудлыг өөрчлөх сонирхол эрх баригч намынхан алга гэдгийг ганцхан жишээ энэ. Хамгийн сүүлийн үеийн ганцхан баримт дурдахад “Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд байршиж буй 264.3 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүсээд байгаа” гэдгийг Үндэсний аудитын газраас анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл, мөнгө хяналтгүй хэвээр салхинд хийссээр. Гэвч үүнийг хэн ч өөрчилсөнгүй… А.Ариунзаяа сайд ч чадалгүй л ажлаа өглөө. Тэрбээр одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргаар томилогдоод буй.
МОНГОЛ УЛС МАЛЫН ӨВЧИНДӨӨ ”ЖИВЛЭЭ”
Хөдөө аж ахуйн салбарыг хариуцаж ирсэн З.Мэндсайхан салбараа нягт удирдаж чадаагүйн балаг өнөөдөр илэрсээр байна. Түүнийг буруутгах шалтгаан нь малын гоц халдварт өвчин. Нийт 16 аймагт малын гоц халдварт шүлхий өвчин тархаад байсан бол үхрийн арьс товруутах өвчин сүүлийн үед улам бүр газар авсаар байна.
Уг нь салбарын сайд нь Мал эмнэлгийн Ерөнхий газраа шууд удирдаж, бодлогоо зангидах ёстой байлаа. Харамсалтай нь, малын гоц халдварт өвчин “өвсөн зурсан чүдэнз” мэт хурдан тархаж, Монгол улсын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал ноцтой түвшинд хүрээд байна. Гэвч салбарын сайд нь ажлаа өгсөн нэрийдлээс хариуцлагаас зугтааж, дараагийн албан тушаалдаа тухалж эхэлжээ.
Хүнсний салбар бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Гэтэл манай улс өнөөдрийг хүртэл малын вакцинаа ОХУ-д даатгачихсан байна. Бүр, Унгар улсын тусламжтайгаар Биокомбинатыг шинэчлэх ажил З.Мэндсайхан сайдын үед гацаанд орж, шүлхийн эсрэг вакцинаа дотооддоо үйлдвэрлэх горьдлого тасраад байна. Тэрбээр одоо хөдөө аж ахуйн салбарын түм буман асуудлаа тас мартаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн удирдагчаар ажиллахаар баруун хязгаарыг зориод байна.