Үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл өрөөл бусдын төлөө өөрийгөө ч умартан зүтгэж амьдралынхаа үнэ цэнийг бүтээдэг хүмүүс бол эмч нар. Бид энэ удаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо.
1991 онд одоогийн АШУҮИС-ийг төгссөн Г.Энхтуяа эмч ажлын гараагаа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд эхлүүлж байж. Энэ цагаас эхлэн үхэл амьдралын зааг дээр буй олон ч хүний амь, амьдралыг аварч байснаа дурсан ярихдаа нүд нь гэрэлтэж, инээд цалгиулж их л аз жаргалтай байсан түүний яриаг уншигч танд хүргэе.
-Хоёулаа яриагаа таны мэргэжлийн онцлогоос эхэлье гэж бодлоо?
-Эмч гэдэг ерөөсөө хүний төлөө л байдаг их сайхан мэргэжил. Намайг төгсөж байхад эмчийн үг хууль мэт байдаг байлаа. Нийгмээрээ ингэж л үнэлж, хүндэлдэг байсан. Тийм учраас л эмч болохыг зорьсон. Анагаах Ухааны сургуулийг төгслөө гээд л эмч болчихдог юм биш. Хүн өөрөө зорилготой, хүсэлтэй байж гэмээнэ эмч болж чаддаг.
Эрүүл мэндийн шинжлэх ухаан өөрөө ёс зүйг заавал шаардаж байдаг. Өвчиндөө шаналаад ирсэн хүнтэй ёс зүйгүй харьцаж болохгүй. Мөн хүний хувийн нууцыг хадгалж чаддаг, өвчтөнөө ойлгодог, хүний үгийг сонсдог, итгэл даадаг чадвартай байх хэрэгтэй.
ГАНЦААРАА ХАРИУЦЛАГА ДЭЭР ҮЛДСЭН ХҮН ИХ ЮМ СУРДАГ
-Ажлын гараагаа эхлүүлж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-1991 онд одоогийн АШУҮИС-ийг төгсөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хүний их эмчийн салбарт очиж хоёр жил ажиллаж байсан. Анх намайг очиход “Их эмч ирлээ” гээд сумынхан их л дуу шуутай угтаж байсан юм. Тухайн үед бүх бага эмч нар нь амраад, ганцаараа эмнэлэгтээ үлдэж байсан. Тэр үед л хүн эх барьж авах, эмчлэх гээд маш их туршлага сууж байсан. Хүн ер нь ганцаараа хариуцлага дээр үлдчихээрээ их зүйл сурдаг юм шиг санагддаг.
Тэндээ ажиллаж байхад хэд хэдэн хүнд тохиолдолтой таарч байсан. Тухайн үед нэг хүүхэд “ком”-д орсныг босгож байсан. Сумын эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат, баллон ч байхгүй, арга ядахдаа хүчилтөрөгчийг тариураар соруулаад, системийн гуурсаар шахаж байсан үе шүү дээ. Зах зээлийн хүнд үе байсан учраас эм тариа ч олдохгүй. Тийм хэцүү үед нь зугтаад буцаад явчхаагүй учраас сумынхан намайг үнэлсэн бас хүндэлсэн, одоо ч хүндэтгэлтэй байдаг.
Маш олон адармаатай атлаа сайхан дурсамжууд тэнд үлдсэн. Бүр нэг удаа төрөх гэж байгаа хүн дээр очих хэрэгтэй болоод багийн даргадаа хэлэхэд надад трактор гаргаж өгч байсан. Трактороор, мориор, мотоциклоор гээд олдсоныг нь л унаад явдаг байлаа. Их ч юм үзсэн дээ.
-Таныг төгсөж байх үед эмчийн мэргэжил хачин сайхан байсан гэж ярилаа шүү дээ. Харин өнөөгийн нийгэмд эмч хүний байр суурь, нэр хүнд ямар түвшинд ирсэн гэж харж байна вэ?
-Одоо үед нийгмээрээ ёс зүйн хувьд хүнд болсон. Эрүүл мэндийн салбарыг төрөл бүрээр доош нь хийдэг. Улаанбаатар харьцангуй хүн ам ихтэй, нийгмээ дагаад янз бүрийн араншинтай хүмүүс байдаг болохоор янз бүрийн л авир араншин гаргадаг. Харин хөдөө орон нутагт ажиллаж байхад манай эмч гэсэн хүмүүс л их байдаг байлаа.
Мөн сүүлийн үед эмч нар ч ёс зүйгүй авирлах нь харагддаг. Хүний өвчин зовиурыг үнэлж худалдаад сурчихсан ч юм шиг. Хүний зовлонгоор мөнгө хийж огт болохгүй шүү дээ. Тусламжаа заавал үзүүлэх ёстой. Өвчтөний гар харна гэдэг зүйл хувийн эмнэлэгт л үйлчлээд байх шиг. Миний хүлээн зөвшөөрч чаддаггүй зүйлүүдийн нэг нь энэ.
-Одоо ажиллаж байгаа өрхийн эмнэлэгтээ хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
1999 онд Эрүүл мэндийн сайдын “Өрхийн эмнэлэг байгуулах тухай” тушаалаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд өрхийн эмнэлэг байгуулсан юм. Тэр цагаас эхлэн өрхийн эмчээр ажиллаж эхлээд одоо даргын албан тушаал хашиж байна.
ӨРХИЙН ЭМЧИЙГ ЮУ Ч МЭДДЭГГҮЙ МЭТЭЭР ЯРЬЦГААДАГ
-Өрхийн эмчийн талаарх хүмүүсийн ойлголт дутуу байх шиг санагддаг?
-Өрхийн эмч нь өөрөө мундаг мэдлэгтэй байх ёстой гэж боддог. Бөөрний эмч зөвхөн бөөр л үздэг бол өрхийн эмч жирэмсэн эмэгтэй, хүүхэд, өндөр настан гээд бүгдийг нь үздэг. Бид нар чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг ч гэсэн зөвлөх, эмчлэх чадвартай байх хэрэгтэй. Би залуу эмч нартаа, “хүнтэй зөв харьц, хаашаа явах аа мэдэхгүй байгаа өвчтөнд чиглүүлээд өг” гэж л зөвлөдөг. Манай эмнэлэгт зөвлөгөө аваад баярлаж явдаг хүмүүс зөндөө байдаг. “Таны хэлснээр би тэр эмнэлэгт очиж үзүүлсэн, би хавдартай байсан байна. Эрт мэдээд нэг, хоёр дугаар зэрэгтээ оношлогдоод, эмчлэгдсэн” гээд л ирдэг.
Бидний үүргийг хүмүүс ерөөсөө ойлгодоггүй. Өрхийн эмнэлэгт сууж байгаа эмч нар юу ч мэддэггүй, ийш тийшээ яв гэсэн хүмүүс л байдаг гэдэг. Мөн эмч хүн бүхнийг хийх ёстой л гэж боддог. Бид мэдлэггүйдээ тэр бүхнийг хийдэггүй юм биш. Өрхийн эмнэлгийн орчин, багаж төхөөрөмж бага учраас, мөн бидний үүрэг чиглүүлэх, урьдчилах гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.
-Олон ч хүний талархлыг хүлээж байсан байх. Таны хувьд ажил үүргээ гүйцэтгээд явж байхад нь тохиолдсон нэг тийм мартагдашгүй мэдрэмжээсээ хуваалцаач?
-Талархал хүртэж байна гэдэг нь намайг тэр хүн үнэлж байна гэсэн үг. Тэр хүн үнэхээр миний хэлснийг ойлгоод, хүлээж аваад, өөрт нь итгэл үнэмшил төрсөн бол намайг үнэлж талархсанаа илэрхийлдэг.
Дэлгэрхаан суманд ажиллаж байхад нэг хүн төрөх гэж өвдөөд, би чагнаад үзэхэд хүүхдийнх нь зүрхний цохилт хүйн дээрээ сонсогдоод байхаар нь хөндлөн байрлалтай хүүхэд байна гэж бодож байсан юм. Ингээд бага эмчээ дуудаад чагнуулахад умайн дээр нь сонсогдож байна гэхээр нь би буруу сонсчхож дээ гэж бодож байсан. Төгсөөд удаагүй байсан болохоор өөрийгөө л алдлаа гэж бодно шүү дээ. Тэгэхэд анх удаа хүүхэд эх барьж авсан. Хоёр ихэр хүүхэд байсан юм. Тэр үед л өөртөө үнэхээр их урамшаад “би алдаагүй, сонсох чадвартай юм байна” гээд их баярлаж байсан. Тэрнээс хойш 1500 гаруй хүүхэд эх барьж авсан. Эх барина гэдэг хором хормоор хэмжигддэг их нарийн ажил. Гэхдээ хүүхэд эх барьж авах үнэхээр гайхалтай. Жижигхээн улаан хүүхэд гар дээр гулсаад л ороод ирдэг. Бүхэл бүтэн хүн тосож авч байгаа шүү дээ. Тэр үед л өөрөөрөө бахархаж, баярладаг.
Эмчлүүлсэн хүмүүс маань ойрын 10 жилдээ холбоотой байдаг. Эх барьж авсан хүүхдүүд маань ч гэсэн холбоо бариад хүрээд ирдэг. Одоо 20, 30 нас хүрчихсэн том том залуучууд, бүсгүйчүүд та миний хүйн ээж шүү гээд ирдэг нь тун сайхан.
-Ингэхэд таны хүүхэд нас яаж өнгөрөв өө?
-Би их л хөдөлгөөнтэй, юм юманд л явж байдаг хүүхэд байсан даа. Арван жилд байхдаа толгой цохисон тоочин байлаа. Уран зохиолын ном их уншдаг байсан. Аав, ээж маань насаараа геологич байсан учраас намайг геологийн инженер болгоно гэж их ярьдаг байсан. Харин анагаахын хуваарь аваад гэртээ ирэхэд аав маань нэг их гомдож билээ. “Би чамд өөрийн мэргэжлээ өвлүүлье гэж их хүссэн” гээд л. Аав маань намайг анагаахын дөрөвдүгээр курст байхад өөд болсон. Өөд болохоосоо өмнө намайг сурахад маш их түшиг тулгуур болж байсан юм .
-Харин ээж нь яаж хүлээж авсан бэ?
-Ээж маань намайг эмч болоход цаагуураа их л дуртай байсан юм шиг. Намайг их л зоригтой гэж ярьдаг байлаа. “Зоригтой” гэдэг үгнийх нь цаана охиноороо бахархсан сэтгэл байсныг сүүлд ойлгосон л доо. Манайх эхээс ах, дүү зургуулаа. Гурван эмэгтэй, гурван эрэгтэй байдаг. Эмэгтэйчүүд нь бүгдээрээ эмч, сувилагч мэргэжилтэй. Манай охин бас эмч. Ийм удам дамжсан эмч хүн дээ, би.
-Хоёулаа яриагаа таны цаашдын зорилго мөрөөдлийн талаар яриад дуусгая даа?
-Залуу байхдаа докторын зэрэг хамгаалах хүсэл, зорилготой байсан. Гэхдээ тухайн үедээ чадаагүй. Одоо охиныгоо өөрийнхөө хийж чадаагүй энэ зүйлд хүрэхэд нь тусалж, дэмжинэ гэж бодож байгаа.
Бид хоёрын яриа сайхан өрнөж байтал "Эмчээ, энд таны хэрэг байна" гэх сувилагчийн хэлснээр хэн хэн нь дуусгая даа гэж ухамсарлаж ярилцлагаа өндөрлөв.
Тэртээ 1991 оноос өнөөг хүртэл Эрүүл мэндийн салбраас нэг ч алхам хазайгаагүй энэ эмэгтэйд төр засаг яагаад шагналаа хайрлахгүй байгаа нь бас л асуудал юм. Түүнээс хойш төгсөж ёстой л хөдөө хөхөрч, гадаа гандаж үзээгүй залуухан эмч нарын энгэрт Алтангадас гялалзаж байхад Г.Энхтуяа эмч сэтгэлдээ "ЭМЧ" гэсэн Алтангадастайгаа он жилүүдийг элээж явна.
-Ярилцсанд баярлалаа