Өнгөтөй өөдтэй байгууллага бүхэн рүү шургалж, үргэлжид “торгонд хөлбөрч” явдаг хэдэн хүн байх юм. Тэдний нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан, өдгөө 67 настай Х.Бадамсүрэн. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн шинэ засгийн газраас мөн л “хишиг хүртэж”, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох болоод байна. Албан тушаалаас албан тушаал дамжиж, дур зоргоороо аашилдаг Х.Бадамсүрэн нарын хүнд төрийн хууль, тэтгэврийн нас гээд эгэл төрийн албан хаагчдыг “хяргах” шахдаг шалгуур шаардлага нь үйлчилнэ гэж огтоос үгүй. Тэд “эрхэм дээдсийнхээ” ивээлд багтан багтсаар өнөөдрийг хүрчээ.
Х.Бадамсүрэн "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулсан, гарын салаагаараа урсгасан олон баримт тодорхой бий. Энэ тухай Өрөг.мн сайт “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байв. Эрдэнэт үйлдвэр төсвийн хэмнэлтийн тухай хуулиа зөрчиж, Ерөнхий сайддаа таалагдахын тулд шийдвэр гаргаж суудгийн жишээг бид сар орчмын өмнө бас л харсан. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрээс 415 сая төгрөг гаргаж, Хэнтий аймгийн Бэрх хотын далд уурхай музейд бурхан барихаар шийдвэрлээд байв. Улмаар, олон нийтийн шүүмжлэлийн мөрөөр санхүүжилтээ цуцалсан. Энэ мэтчилэн олон алдаа зөрчил, мөнгөний асуудлыг дурдаж болно.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллахдаа сайн нэр зүүгээгүй Х.Бадамсүрэн өдгөө Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны “гал тогоог” зангидах нь. Уг нь, хууль ёсоороо бол тэр аль хэдийнэ тэтгэвэртээ гарч, төрийн албаны дараагийн үедээ зайгаа тавиад өгчихсөн байх ёстой байлаа. Гэвч, түүнийг албан тушаалаас албан тушаал дамжуулж, урин залж байгаа нь харамсалтай. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын томилгоо нэр төдий буюу “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийн бодит жишээ” юм.
Ийнхүү төрд олон жил ажилласан зарим хүн давуу эрхээр албан тушаал бүрийг голж шилэн сэлгүүцэж, хуулиар гадуур аашилж байна. Гэтэл энгийн нэгэн төрийн албан хаагчийг 55,60 хүрлээ л бол хатуу шаардлага тавьж, хурдхан шиг л төрийн албанаасаа холд хэмээн ажлыг нь булаах шахуу авдаг. Тэд ч хуулиа дагадаг билээ. Энэ бол Монгол төрд шударга зарчим алдагдаж, хэсэг бүлэг хүмүүс л давуу эрхээр даварч явдгийг дахин дахин нотлон харуулж байна.
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, өдгөө 67 настай Х.Бадамсүрэнгийн намтар
Хоохорын Бадамсүрэн нь 1955 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг.
Боловсрол, мэргэжил:
1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургууль,
1980 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг уул уурхайн инженер-маркшейдер мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлэлт:
1988 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Өнгөт төмөрлөгийн салбарын удирдах ажилтны институтэд удирдлагын,
1993 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн дээд сургуульд англи хэл, эдийн засгийн,
1997 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод гадаад хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
1999 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн Их сургуульд Техникийн ухааны боловсролын доктор /Ph.D/,
2004 онд мөн сургуульд Техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга,
1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга,
1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч дарга,
1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга/ хавсран ажилласан/
1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал,
2002-2005 онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Менежментийн багийн удирдагч,
2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн Газрын дарга,
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2012 оноос Монголын Уул уурхайн танхимын Ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн, уул уурхай, металлургийн томоохон төслүүдийн зөвлөх,
2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал,
2016 оны 08 дугаар сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайдаар тус тус ажилласан.
2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байна.
1991 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан.
1996 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн.
2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн