Эрх баригч намынхан Үндсэн хуулиа хормын төдийд хүч түрэн өөрчилж, дараагийн ээлжинхнээ “хоолонд нь оруулах” гэж байна. Тэд санасныхаа зоргоор Үндсэн хуулийн цэцдээ захиалга өгч, үүндээ ч ХҮН, АН-ынхныг гар хөлөө болгон ашиглахаа ч мартсангүй. Товчхондоо, албан тушаалын төлөө хуулийг хэрхэн уландаа гишгэж болдгийг бид бүгдээр харлаа. Төсөв баталдаг гишүүд нь төсвөө захиран зарцуулах эрхтэй болж, хяналтын тогтолцоо үгүй болох алхмыг тэд хийлээ. Сайд л болж байвал, Үндсэн хуулиа өөрчлөх нь битгий хэл, бүхэлд нь хүчингүй болгох зориг эрх баригч намын сувдаг сэтгэлтнүүдээс гарах нь ээ гэх шүүмжлэл нийгэмд хүчтэй яригдаж байна.
Тэгвэл Үндсэн хуулийн 39.1 дэх заалтыг өөрчилснөөр Засгийн газарт халаа сэлгээ хийх тохироо бүрдээд байна. Эрх баригч намынхан хэмнэлтийн горим гэх мөртлөө түүнийгээ эсрэг ажиллаж, яамгүй сайдуудын тоог нэмэх нь дамжиггүй болжээ. Ингэхдээ, Боомт, худалдаа хариуцсан сайд, Хот хариуцсан сайд, Тэргүүн сайд шадар сайд байх зураглалыг гаргаад байна.
Үүнтэй зэрэгцэн МАН дотор албан тушаалын өрсөлдөөн туйлдаа хүрч, гишүүн бүрийн цээжинд сайд болох хүсэл “асаж байна”. Тэд өөр өөрсдийн фракцаар дамжуулж хүнээ зүтгүүлж, өөрийн эрдэм мэдлэг, чадал чансаагаа голохгүй сайдын суудал руу зүтгэцгээх болжээ. Ёстой л дур эзнээ голохгүй гэдгийн үлгэрээр эрх баригч намынхан Үндсэн хууль дээрээ сандайлж суучхаад, хэлсэн ярьсан бүрийнхээ эсрэг явж буй нь харамсалтай. Ганцхан жишээ дурхдахад л УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд болмоор байна хэмээн хошуугаа унжуулж, Ерөнхий сайдын өрөөний үүдийг сахиж суугааг хэн хүнгүй л гадарлаж буй.
Үндсэн хуулийн нэмэлт гэдэг бол ард түмэнтэйгээ байгуулсан зөвшилцөл. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа орон даяар санал асуулга явуулж, хоёр нам дамнан маргахдаа маргаж, зөвлөхдөө зөвлөлдсөөр, сая л нэг өөрчлөлт оруулсан. Гэтэл эрх баригч намынхан хамтран зүтгэгчдээ гомдоохгүй гэх нэрийдлээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг ялгааг тогтоож өгсөн заалтаа хормын төдийд өөрчилж орхив.
Өнөөдөр Үндсэн хуулийн цэц ч, УИХ ч хуулиа уландаа гишгэж, сувдаг сэтгэлээ гүйцээлээ. Тэдний талаар иргэд, судлаачид “Цэц үндсэн хуулийг тогтоодог боллоо. Үндсэн хууль жирийн л нэг хууль болчихлоо. Үндсэн хуульт төр бүрэн утгаараа дампуурлаа” хэмээн дүгнэж байна.