Эрх баригч намын гишүүд сайдын суудалд горилохын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Албан тушаалын төлөө суурь хуульдаа “гарч хүрч”, байж боломгүй ухралт хийлээ хэмээн судлаачид шүүмжилсээр байна. Энэ талаар хуульч Б.Гүнбилэгээс тодрууллаа.
-2019 онд ҮХНӨ-өөр баталсан "Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно" гэсэн заалтыг өөрчилж байна. Үндсэн хуулийг ийм хялбар, хэн нэгний хүсэлтээр өөрчлөөд байж болдог юм уу? Өөрчлөгдөх үндэслэл бүрдсэн байсан уу?
-Үүнийг ярихын тулд яг юу байсныг, юу болгож буй талаар ярих нь зөв. 1992 онд Үндсэн хууль батлагдсан. Энэ үндсэн хуулийн эх баригчаар Бяраагийн Чимид гэх суут хуульч ажилласан юм. Энэ хүний үзэл баримтлалд "давхар дээл" гэдэг ойлголтыг зөвшөөрөхгүй. Нэг хүн хоёр ажлыг халтуурдаж хийх биш, нэг ажлыг нэг л хүн хийх ёстой. Хүн өөрийгөө хянах биш бусдаар хянуулж байх нь зүйтэй" гэсэн байдлаар үндсэн хуулийг баталсан.
Ингээд 2000 онд “дордохын долоон өөрчлөлт" хийсэн юм. Энэ өөрчлөлтөөр "давхар дээлтэй" байх боломж бүрдүүлсэн гэсэн үг. Төрийн эрх мэдлийг хуваарилах онол бий. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж. Энэ гурав биенээ харилцан хянаж, бие даасан байдлаар ажлаа хийхийг Үндсэн хуульд тусгадаг юм. Аливаа улсын үндсэн хууль бол энэ гурвыгаа хамгаалдаг. Юунаас хамгаалдаг вэ гэхээр эрх баригчдын дур зорго, хүний эрхийг зөрчихөөс болгоомжилно.
ҮХЦ ТҮҮХЭН 30 ЖИЛД БАЙГААГҮЙ БОЛХИ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Харамсалтай нь, 2019 оны ҮХНӨ-ийг хүчингүй болгосон. Уг нь, 2000 оны дордсон тэр өөрчлөлтийг зассан ухаантай юм. "Давхар дээл нөмрөх" дөрвөөс дээш гишүүн байж болохгүй гэдэг тодорхой заалт байсан. Үүнийг үгүй хийж байна.
Сая үндсэн хуулийн цэц Монголын түүхэн 30 жилд байгаагүй шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг ҮХЦ дагах ёстой. Гэтэл Үндсэн хуулийнхаа дээр гараад байна. Уг нь, Үндсэн хуулийг биш, доор байгаа хуулиудаа хүчингүй болгож засаж залруулах ёстой юм. Үндсэн хуулийг хөндөж байгаагаа “Үндсэн бүтцийн тайлбар”-аар тайлбарлаж байна. Иргэдийн эрх чөлөөг хамгийн их зөрчих боломжтой субъект бол Засгийн газар.
Үндсэн бүтцийн тайлбарыг харахаар, 1980 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Индра Ганди “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ анх баталсан хуулийнхаа эсрэг зүйлийг нэмэлт өөрчлөлтөөр хийж бай” гэсэн байдаг. ҮХЦ бүтцийн тайлбар гэдэг зүйлээ өөрсдөө ойлгоогүй. Бид "давхар дээлгүй байна" гэдэг анхны үзэл баримтлалаа харах ёстой байсан. Гэтэл 2000 оны ҮХНӨ-ийг "Үндсэн бүтэц" гэж үзээд, 2019 оны дээрдүүлснийгээ хүчингүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, “давхар дээл”-ийг хүлээн зөвшөөрсөн 2000 оны заалтаа хүчингүй болгох ёстой. Гэтэл тэгээгүй. ҮХЦ үүнийгээ мэдсээр байж, албаар ийм өөрчлөлт оруулсан.
-Засгийн газрын гишүүдийг илүү хүчтэй болгохын тулд ийм шийдвэр гаргасан гэсэн үг үү? Энэ нь үндэслэл болж чадах уу?
-Аливаа ажил хийж буй хүмүүст хүндрэл гардаг байх. Гэхдээ ажлаа хийхдээ тухайн хүрээн дотроо ур чадвараа гаргаж ажиллах нь төрийн албан хаагчдын үүрэг. Түүнээс биш, бусдын сэтгэгдлээр “УИХ-д давхар дээлтэй гишүүд байх юм бол манай Засгийн газар хүчтэй байх нь, буцаад бид хянуулахгүй, хянууллаа гэхэд энэ хүмүүс дотор нь сууж байгаа учраас дэмжинэ” гэх зэргээр, ийм хөнгөн байдлаар хандаж огт болохгүй. Энэ бол маш хортой жишиг тогтоосон үйл явдал. ҮХНӨ-ийг дур зоргын шинжтэй хийдэг жишиг тогтоно гэсэн үг. Бид ямар ч сайн зүйл хийгээд, цаашдаа ирээдүйдээ итгэх итгэлгүй болж байгаа юм.
ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТВОРТОЙ БАЙХ ЁСТОЙ
-Хортой жишиг тогтоож байна гэлээ шүү дээ. Энэ талаар тодруулаач?
Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйг судлаачид, Үндсэн хуулийн эрх зүйгээр шүүхэд ажиллаж байгаа хүмүүст хэлэхэд "Та нар химичид биш. Энэ бол тогтсон зарчим, арга зүйтэй. Монгол Улс ҮХЦ байгуулахдаа Австрийн Ханс Келзений бие даасан үндсэн хуулийн загварыг авсан. Энэ өөрчлөгдөөгүй байгаа цагт дур зоргоороо аашилж болохгүй.
Үндсэн хууль гэдэг тогтвортой байх ёстой. Хууль тогтоогчид бол муу, сайн нэртэй нь хамаагүй ард түмнээс шигшигдэж санал авч гарч ирсэн хүмүүс. Харин цэцийн есөн гишүүн ард түмнийг төлөөлөх боломж байхгүй. Үндсэн хууль судлаач, эрх зүйчид үүн дээр дуугармаар байна.
ИХЭНХ УЛС ОРОНД "ДАВХАР ДЭЭЛИЙГ" ХЯЗГААРЛАДАГ
-Үндсэн бүтцийн тайлбарыг ҮХЦ ойлгоогүй гэж та хэллээ. Үндсэн бүтцийн тайбар гэж юу юм бэ?
-Үндсэн бүтцийн тайлбарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр юу оруулж болох юм, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй хэсэг нь Үндсэн хуулиа өөрчилж байж ордог гэсэн хоёр зам бий. Энэ хоёр замын алийг сонгох вэ гэдгээ ҮХЦ ойлгохгүй байна. Мэдлэгийн түвшинд маш хэврэг, үүнийгээ бүрэн ойлгоогүй, хаа нэгтээ ийм зүйл байдгийг сонсоод ийм шийдвэр гаргачихсан.
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн энэ асуудалтай холбогдуулан 38 оронд судалгаа хийсэн. Эдгээд орноос 15 нь давхар дээлийг зөвшөөрдөг. 19 нь эсэргүүцдэг. Дөрөв нь квот тогтоосон байна.
-Судалгаа хийлгэсэн хэрнээ судалгааныхаа үр дүнг буруу шийдвэрээр ашиглаж байна гэсэн үг үү?
-Тийм. Одоогийн 76 гишүүн дээр ийм зүйл байж болохгүй гэдгийг судлаачид хэлсэн. Улс төрчид олон улсын жишгийг дагая гэдэг зүйл яриад байна. Яг аль улсыг яриад, "олон нийтийн жишиг" гээд худлаа яриад зогсоод байгааг мэдэхгүй байна.
Наймдугаар сарын 15-наас Ерөнхий сайд хүсвэл 100 хувь "давхар дээлтэй" Засгийн газраа байгуулах эрхтэй болчихсон. Үүнийг сонссон гишүүд сайд болох уралдаанд явж байгаа. Засгийн газарт орох гэж байгаа сонирхлын бүлгийн дур зоргыг хангах гэж ийм шийдвэр гаргав уу гэж эргэлзээд байна.
ГИШҮҮДИЙН ТООГ 120-140 БОЛГОХ АЖИЛ ЭХЭЛСЭН
-Энэ шийдвэр гишүүдийн тоог нэмэх нөхцөл бүрдүүлсэн гэж ойлгох нь зөв үү?
-2019 онд гишүүдийн тоог 140 болгож нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн судалгааг хэсэг судлаачид хийж байсан. Энэ нь хүн ам ихэссэнтэй холбоотой. Хоёрдугаарт, цөөн гишүүнтэй байх нь бие биендээ барьцаалагдах, бүлгэмд хуваагдах эрсдэлтэй. Энэ нь улсын хөгжил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ийм байдал бүрдүүлээд байна гэж үзсэн. Нөгөө талд, хүн амын тоо өсөхөөр л гишүүдээ нэмдэг зүйл гэж байхгүй гэсэн байр суурьтай судлаачдын үзэл ч бий. Ингээд 2019 онд нийгмийн уур амьсгал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй юм байна гээд орхисон.
Одоо ҮХЦ “гишүүдийнхээ тоог нэмэх нь зүйтэй байна” гэж хууль тогтоогчид үг зааж, үүрэг оноосон маягтай шийдвэр гарсан. Шүүх бол шүүдэг л байгууллага. Хууль тогтоогчдыг шахалтад оруулж байгаа гэсэн үг. Миний төсөөлж байгаагаар гишүүдийн тоог 120-140 болгох ажил явчихлаа.
– Ярилцсанд баярлалаа.