
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь ерөнхийдөө тодорхой боллоо гэхэд хилсдэхгүй. Энэ ажлын бэлтгэлийг МАН эртнээс бэлдсэн, бэлтгэлээ шат дараатай хангасан. Гишүүдийг ҮХНӨ-ийн талаар танилцуулах үүрэг өгч, тойрог, тойрог руу нь явуулсан нь үүний нэг илрэл.
Одоо эрх баригч намыг сөрөх, энэ талаар хүчтэй дуугарч буй нам байтугай хүн хуруу дарам. Ялангуяа, сөрөг намууд дуулгавартай гэгч нь дэмжиж буйгаа илэрхийлж, байдлыг ажсаар.
Хэрвээ ҮХНӨ-ийг батлавал УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэнэ. “Гишүүн л болчих юм сан” гэж бодож, мөрөөдөж явдаг хүмүүст зорилгоо биелүүлэх боломж нээгдэнэ, улам нэмэгдэнэ гэсэн үг. Монгол Улс хэдхэн жилийн өмнө буюу 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, батласан. Гэтэл одоо гуравхан жилийн дараа дахин өөрчлөх гэж буй нь зөв үү, буруу юу. Энэ талаар АН, ХҮН, “Үнэн ба зөв” намын нөлөө бүхий эрхмүүд ийм байр суурьтай байна.
Т.ДОРЖХАНД: ҮХНӨ ОРУУЛАХ НЬ ЗӨВ ГЭЖ НАМУУД НЭГДСЭН НЬ САЙН ЖИШИГ ТОГТОЖ БУЙН ИЛРЭЛ
Үндсэн хуульд ийм, ийм нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг санал, санаачлагыг ХҮН оруулж ирж тавьсан. Бидний санал, хуулийн төслийг АН болон бусад нам дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэ нь сайн зүйл. Учир нь, өнөө цагт Монголын нөхцөл байдал ямар байгаа билээ. Орос Украины дайн, Тайванийн нөхцөл байдал, Казахстаны дотоод үймээнийг Орос цэргээ оруулж дарсан гээд хөрш зэргэлдээх орнуудад ч нөхцөл байдал хурцадмал байгаа. Энэ мэт шалтгааны улмаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт яг одоо оруулах нь зүйтэй гэдэг дээр бүх намууд нэгдсэн. Аргагүй шүү дээ. Хүн бүхэн Ардчилсан, эрх чөлөөтэй оронд амьдрахыг хүснэ. Тиймээс энэ бол Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хөндөгдсөн чухал асуудал. Ийм асуудал дээр намууд нэгдэхээс яах вэ. Монголын улс төр, намууд зөв зүйл дээр нэгдэж чаддаг сайн жишиг тогтож буйн нэг илрэл нь энэ. Намын, хэсэг бүлэг хүний бус улс орны эрх ашиг хөндөгдсөн асуудал дээр намууд, улс төрчид бид нэгдэх ёстой.
Огт өөрчилж, шинэчилж болдоггүй зүйл Үндсэн хууль биш. 1945 оноос хойш Үндсэн хуулиа 60-аад удаа өөрчилсөн улс ч бий. Өөрчилнө, шинэчилнэ гэдэг муутгана гэсэн үг биш. Монгол Улс Ардчилал ялснаас хойш Үндсэн хуулиа гурав дахь удаагаа өөрчлөх гэж байгаа нь энэ. Яагаад, ямар зорилгоор өөрчлөх гэж буй нь чухал. Улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдал, хүний эрх, Ардчиллаа хамгаалах шаардлагатай цаг үе ирлээ. Үүнээс гарах гарц, боломж нь парламентын Ардчилал. Парламентыг бэхжүүлэх чухал. Парламентад олон нам орж ирж, олон байр суурь илэрхийлж, өөр орон чиглэл өглөө гэхэд сөрж чаддаг байж бэхжинэ.
ҮХНӨ-ийг УИХ ээлжит бусаар яаралтай хуралдан, хэлэлцэж, шийдэх ёстой. ҮХНӨ оруулна гэдэг өөрөө том ажил. Ес, аравдугаар сард багтаан эцэслэн, шийдэх тусмаа монгол түмэнд тустай. ХҮН-ын дарга, УИХ-д суудалтай гурван намын нэгийг нь төлөөлөөд хэлэхэд, би маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Мэдээлэл сайтай иргэд ҮХНӨ-ийг дэмжиж байгаа. Мэдээлэлгүй иргэд, троллууд л эсэргүүцээд байгаа юм.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй бол авлига, хээл хахууль дийлдэхээ байлаа. Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавих ёстой. Гэтэл тэгж чадаж байгаа бил үү. Хөгжлийн банкны асуудал дээр л гэхэд яалаа даа. Хэнд ч хариуцлага тооцоогүй өдий хүрсэн нь хэр шударга вэ. Яавч шударга биш. Монголын парламентад хянах чадвар алга. Хэтэрхий цөөхүүлээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог хамгийн багадаа 120 болгох хэрэгтэй. 150 болгох нь зүйтэй гэсэн судлаачдын дүгнэлт бий. 120-иос цөөн байвал хуйвалдаан, хулгай, хууль бус зүйл үүсэх нөхцөл байдал үүснэ. Эрх мэдэлтэй, бэлтэй хэн нэгэн олон хүнийг худалдан авч, өөрт ашигтайгаар хөдөлгөж чадахгүй шүү дээ.
Хүн амынхаа тоогоор Монголтой ойролцоо Норвеги улс гэхэд парламент нь 159 гишүүнтэй. Гэтэл Монгол Улс 3,5 сая хүн амтай атлаа 30 жилийн өмнөх тоо /76/-гоороо яваад байна. 30 жилийн өмнө манайх 3.1 сая иргэнтэй байсан. Парламентын засаглалтай орны нэг гишүүн 20-30 мянган иргэнээ төлөөлөх нь хамгийн оновчтой гэж үздэг. Гэтэл Монголын парламентын нэг гишүүн 50-60 мянган иргэнийг төлөөлж байна. Улаанбаатарт энэ тоо бүр талийна. 90.000 руу дөхнө. Тэгэхээр нэг гишүүн 90.000 иргэнийг бүрэн төлөөлж хүрэлцэх үү. Боломжгүй нь ойлгомжтой.
Байнгын хороо 19 гишүүнтэй. 10-аар нь ирц бүрддэг, энгийн олонхоор санал хураагаад шийддэг. Зургаан гишүүн санал нэгдвэл, чуулганаар хэлэлцээд шийддэг. Зургаахан хүний дэмжсэн саналаар хууль баталж буй нь буруу шүү дээ.
Би эдийн засагч хүн. Бусад оронд яадаг вэ гэвэл, мэргэжлийнхээ дагуу Байнгын хороонд ордог. Гэтэл би өнөөдөр гурван байнгын хорооны гишүүн. Нэг нь Эдийн засгийн байнгын хороо, нөгөө нь Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо, гурав дахь нь Технологи, инновацийн байнгын хороо. Би Аюулгүй байдлын болон технологи, инновацийн салбарын мэргэжлийн хүн биш. Миний хамгийн сайн чадах зүйл бол эдийн засаг, төсөв. Парламентын гишүүд хангалтгүй учраас ингэж 2-3 байнгын хороонд ажиллахаас өөр аргагүй байгаа юм. Гишүүд хангалттай олон бол аяндаа мэргэжил, мэргэжлийнхээ байнгын хороонд орно. Тэр хэрээр мэргэжлийн, бүр ч нямбай хууль гарна. ҮХНӨ-ийн тухай хуулийн төслийг санаачлахдаа би нарийн судалж, олон улстай жишиж, харьцуулсан. Иргэдэд таалагдах, оноо авахын тулд энэ нэмэлт өөрчлөлтийг санаачлаагүй.
Ж.БАТСУУРЬ: МАН УЛС ТӨРИЙН КАРЬЕР НЬ ДУУССАН ХҮМҮҮСИЙГ БАРЬЦААЛАХ ЗАМААР ҮХ-Д ХАЛДАЖ БУЙД ГУТАРЧ БАЙНА
Би ҮХНӨ-ийн сураг гарахад л анхнаас нь эсэргүүцсэн. Хоёр жилийн өмнө ҮХНӨ хийхэд “Энэ ёстой төгс хууль боллоо” гээд рекламдсан, МАН-ынхан. Г.Занданшатар кино хүртэл хийлгээд хэвлэлээр цацсан. Үнэхээр тийм төгс хууль болсон юм бол хоёрхон жилийн дараа дахин өөрчлөх шаардлага байгаа юм уу.
Үндсэн хуулийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, манаж байх учиртай ҮХЦ өөрөө баяр наадмыг далимдуулан, улс төрчдийн захиалгаар төрийн эргэлт хийх хэмжээний хууль бус зүйл хийлээ гэж би үзэж байна. Үндсэн хуулийн дээр Үндсэн хууль, ҮХЦ-ийн дээр мөнх хөх тэнгэр л байх учиртай. “Эцэг хууль”-д нэмэлт өөрчлөлт хийх эрх зөвхөн УИХ-д хадгалагддаг. Гэтэл ҮХЦ Үндсэн хуульд халдаж буй нь гэмт хэргийн шинжтэй. Олонх байгуу тал ямар ч хуулийг өөрчлөх эрх мэдэл МАН-д бий. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар гээд хамаг эрх мэдэл нь байсаар байхад улс төрийн карьер нь дууссан хүмүүсийг барьцаалах замаар Үндсэн хуульд халдаж буйд гутарч байна. МАН-ын “гар хөл”, дуу хоолой болж буй намуудыг өрөвдөж байна. ХҮН өнөөдөр үндэсний хэмжээний нам мөн юм уу. Тохиолдлын нэг хүн гарч ирээд, МАН-ын захиалгаар ард түмний толгойг угааж байна. ХҮН Монголын тусгаар тогтнолд халдаж байна.
Нэг нам эрх баригчдын захиалгаар хөдөлж, төрийн бүтцийн тогтолцоог ҮХЦ шийдэх юм бол УИХ, ард түмэн байгаад яах юм бэ. Тиймээс ҮХЦ-ийн гишүүдийг үтэр түргэн огцруулах ёстой. Өнөөдөр ямар ч хариуцлага хүлээх чадваргүй, тэтгэврийн өвгөн ҮХЦ-ийг ахалж байгаа. Түүнийг суудалд нь албаар хадгалж, ҮХЦ-д барьцаанд орсон хүмүүсийг оруулан, элдэв шагнал, албан тушаалаар хахуульдах аргаар Үндсэн хуулийг бусниулж буй нь Тусгаар тогтнолд аюул учруулж буй үйлдэл.
Би ийм байр суурьтай байна. АН-ын бусад гишүүний өмнөөс ямар нэгэн байр суурь илэрхийлээд яах вэ. АН-ын бүлэг сүүлийн жил шахам хуралдаагүй. Энэ бол АН-ын, АН-ын бүлгийн бус миний л байр суурь гэдгийг тодотгоё.
А.ОТГОНБААТАР: НАМАЙГ “МАН-ЫН ЗАХИАЛГААР СУУЛТ ХИЙХ НЬ” ГЭХЭЭР НЬ БОЛЬЧИХЛОО, ТҮР АЗНАЯ
Өнөөдөр Монгол Улс хөгжөөд, ард түмэн аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч байхад нь ҮХНӨ хийе гэсэн бол нэг хэрэг. Бидний буруу. Хоорондоо үгсэн хуйвалдсан, худалдагдсан, олныг хуурсан гэж шүүмжлүүлж болно. Гэтэл Монголын өнөөгийн байдал, иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Авлигачид улам баяжин, ард түмэн гудамжинд гарч байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа шүү дээ. Тиймээс энэ гажуудал, буруу тогтолцоог өөрчилье гээд байгаа юм.
Яаж ийж байгаад Энхбаярыг л унагаачихвал гээд Ц.Элбэгдорж гарч ирсэн. Дараа нь “Элбэгдоржийг л байхгүй болгочихвол улс орон хөгжинө” гээд М.Энхболд шуугиулсан. Тэгээд яасан билээ. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг унагаагаад гарч ирсэн. Одоо төрийн эрх барьж буй хүмүүсийг зайлууллаа гээд Монгол Улс хөгжих үү. Тэглээ гээд өөр бүтэхгүй нөхдүүд л гараад ирнэ. Ямар ч хүнийг сонгосон хулгай хийдэг, ялзардаг тийм гажуу тогтолцоо. АНУ-ыг супер хүмүүс удирдаж буйдаа хөгжөөгүй. Монголыг “хараал идсэн” хүн удирдсандаа хөгжихгүй байгаа юм биш. Тэнд тогтолцоо нь зөв, энд буруу байгаад л гол учир нь байгаа юм.
Монголд тогтсон гажуудсан тогтолцоог өөрчлөх, шинэчлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүнийг 26 нам дэмжсэн, тунхаг бичигт гарын үсэг зурсан. Одоогоор энэ талаар идэвхтэй дуугарч байгаа нь манай нам байна. ХҮН байх шиг байна. Бусад нь таг болчихлоо. Өөрчлөлт, шинэчлэлт хийе гэж ярьсандаа хүрэхгүй, дуугүй байгаа хүмүүсийг гайхаж байна.
ҮХЦ-ийн шийдвэрээр гишүүд “давхар дээл” нөмрөх боломжтой боллоо. УИХ-ын ээлжит чуулганаар зөвхөн энийг засаад, ҮХНӨ-ийн талаар дуугарахгүй өнгөрөх гээд байх шиг. Үүнийг би эсэргүүцээд, бухимдаад байгаа юм. Тиймээс ҮХНӨ оруултал Сүхбаатарын талбайд суулт зарлахаар болсон юм.
Гэтэл үүнийг “МАН-ын захиалгаар суулт хийх нь” гээд байгаа ташаа ойлголт. Н.Өнөрцэцэг гэдэг сэтгүүлч намайг “МАН-ын захиалгаар суулт хийх гэж байна” гэхээр нь больчихлоо. Суулт хийхээр Өнөрөөгийн зөв болох гээд байна. Намайг гүтгэсэн баримтаа гаргаад ирэг. Угаасаа гүтгэлэг юм чинь.
Жижиг тойргийн тогтолцоогоор МАН ялсаар ирсэн. Үүнийг өөрчлөхийг МАН хүсэх үү. Дараагийн сонгуульд хамаг мөнгөтэй, бэлтэй хүмүүс мөнгө цацаад л гарна. Цацсан мөнгөө нөхөж олохын тулд төсвийн мөнгөнөөс хахталаа “иднэ”.
Би сайн хэлүүлэхийн тулд бус сайн зүйл хийхийн тулд ингэж дуугарч, тэмцэж байгаа юм. Хэрвээ би УИХ-ын гишүүн болохыг хүссэн бол жижиг нам байгуулаад, урсгал сөрөхгүй. Тэгсний оронд том намын гишүүн болж, эрх мэдэлтэй хэн нэгний цүнхийг бариад явсан бол гишүүн болоход бүр ч хялбар. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй. Шударга, үнэний төлөө өөрийн хүчээр явахыг хүссэн юм.