Монгол оронд археологийн судалгааны “тэсрэлт” болж байна. Хэдэн сарын зайтай л “Эндээс ч тийм олдвор, тэндээс ч ийм бунхан олдож гэнэ” хэмээн сураг гарах болов.
-Одоогоос хоёр жилийн өмнө Хүннүгийн Нийслэл Луут хотын туурийг Архангай аймгаас илрүүлсэн бол, энэ жил Сяньбигийн үед хамаарах дурсгал Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас олдлоо. Мөн Завхан аймгаас Хүннүгийн үеийн дурсгал олдсон гээд олдвор арвин байна. Үүнийг дагаад гадны судлаачид ч Дэлхийн түүхий өлгий болсон Монгол нутагт судалгаа хийх нь нэмэгдэж байна. Бид энэ удаад Япон улсын Нара хотын Нарагийн их сургуулийн Хадгалалт хамгаалалтын хүрээлэнгийн судлаач, доктор Сүн Вүк Рютай Монгол нутаг дахь археологийн судалгааны өнгө будгийн судалгааны талаар ярилцлаа. Тэрбээр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд Сяньбигийн үед хамаарах бунхант булшний дурсгалаас өнгө будгийн судалгааны дээж авч байх үеэр нь уулзсан юм.
-Та сайн явж байна уу? Археологийн өнгө будгийн судалгааг Монголд хийхээр иржээ. Яагаад заавал Монгол гэж?
Юуны өмнө Монгол орон археологийн судалгааны баялаг нөөцтэй, олон төрлөөр судлах юм ихтэй гэдгийг онцлон хэлмээр байна. Энэ бүхнийг үнэлж баршгүй юм. Би Монгол нутгийн археологийн өнгө будгийн судалгаа сэдвээр докторын зэргээ хамгаалж байсан. Энэ удаад Монгол орны археологийн олдворуудын материалын гарал үүсэл, найрлагыг нарийвчлан судлахаар дээж авч явна. Тухайлбал, Хүннүгийн үеэс авахуулаад орчин цаг үеийн будаг гээд, тус бүрийнх нь дээж дээр ажиллаж, шинэ үр дүн гаргахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл, Монголчуудын өнгө будгаас түүхийн шинэ ул мөр, чухал баримтуудыг олж илрүүлж болно.
-Археологийн судалгаагаар бид олдворын он цагийг нь мэддэг. Түүхэн талаасаа ямар ач холбогдолтойг яриаг өнгөрдөг шүү дээ. Тэр дундаас зөвхөн ямар өнгө ашигласан байна гэдгийг нь “сугалж” судална гэдэг сонирхолтой байдаг байх аа?
-Эртний хүмүүсийн ашиглаж байсан будаг, будгийн соёл, үүнийг ямар технологиор гарган авч байсан бэ гэдэг нь танин мэдэхүйн чухал ач холбогдолтой гэж үздэг. Судалгааны нарийвчилсан үр дүнгээр тухайн будаг ямар гаралтай, хаанаас авч ашигласан, цаашлаад тухайн үеийн худалдааны соёл ямар байсан гэх мэт зүйлстэй холбогддог. Техник технологи хэр хөгжсөн байв, судалгаа ямар байв гэдгийг ч харж болно. Жишээлбэл, манай эриний өмнөх хоёрдугаар зуунаас нийтийн тооллын хоёрдугаар зуун хүртэлх цаг хугацаанд түгээмэл ашиглаж байсан улаан, хар өнгөтэй чий будаг буюу лак гэж бий. Үүнийг ихэнхдээ Хятад, Солонгосоос авч ашигласан байх нь түгээмэл. Хамгийн гол нь, ийм төрлийн будаг Хүннү, Сяньбигийн үеийн олдвороос ч илэрч байгаа учраас маш олон нарийн мэдээллийг эндээс авч болно.
-Монголд өнгө будгийн судалгаа хэр хөгжсөн гэж харж байна вэ?
-Монгол улсын хэмжээнд өнгө будгийн нарийвчилсан судалгаа одоогоор харьцангуй шинэлэг зүйлийн тоонд орно. Монгол улсад өнгө будагтай холбоотой мэдээллийн сан гэж байдаг. Гэхдээ тэр нь одоогоор хангалттай биш байна. Гэтэл Хятад улсад чий будаг буюу лактай холбоотой л гэхэд маш олон төрлийн мэдээллийн сан бий болсон байдаг. Бид энэ удаагийн судалгаагаар Сяньбигийн үед чий будгийг Хятадаас авч байж уу, Монголчууд өөрсдөө байж байсан уу гэдэг чухал мэдээллийг таньж болно.
-Өнгө будгийн судалгаа хийж байгаа судлаачид өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг болов уу? Харж мэдрэх, үнэрлэхээс авахуулаад нарийн мэдрэмж шаардах байх?
-Археологичид аливаа малтлагаас илэрсэн эд өлгийн зүйлсийг урлаг талаас нь, хээ угалз талаас нь тогтоодог бол миний судалгаа шинжлэх ухааны багажаар тодорхойлдог. Судалгаа мань XRF буюу рентген флюрацийн арга, ХRD буюу рентген дефракцийн аргаар олдворын өнгө будганд орсон эрдсийг тодорхойлдог. Мөн сканнер микроскоп гэдэг багажаар нарийн таталттай өнгө бүтцийг харах, найрлагыг тодорхойлох зэрэг лабораторийн шинжилгээгээр хариу нь гарах суурь судалгаануудыг хийж байна.
-Монгол нутгаас илэрч байгаа олдож байгаа олворуудын өнгө будаг ямар гаралтай байна вэ? Ямар онцлогтой вэ?
-Мэдээж нарийвчилж, илүү сайн судлах шаардлагатай гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Судалгааны үр дүнгээс товчхон дурдвал, ялангуяа Монгол улсад байгаа Хүннүгийн үе болон Сяньбигийн үед хамаарах өнгө будгийн, ялангуяа, чий будгийн хувьд ихэвчлэн Мөнгөн уснаас гаралтай байна. Түрэгийн үе буюу долоо, наймдугаар зуунаас хойш болоод ирэхээр зосон будаг буюу төмрийн ислийн будаг, хар тугалганаас гаргаж авдаг будаг зонхилно. Дэлхийн олон орны будгийг ашиглаж байсан нь түүхийн ул мөрөөс харагддаг.
-Миний хувьд Монголын нутгаас олдсон Сяньбигийн үед хамаарах дурсгал гурав дахь удаагаа ирж байна. Өмнө нь Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дахь судалгааны ажилд оролцсон. Энэ удаагийн судалгаа илүү арвин баялаг, чухал мэдээллүүдийг ил болгосон, сонирхолтой судалгаа болно гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.