Гадаад валют татаж, манай улсын төсвийн орлого бүрдүүлдэг гол салбаруудын нэг бол нүүрсний зах зээл. Энэ сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилснаар бид нүүрсээ тогтвортой борлуулах боломжийг дахин баталгаажуулаа. Айлчлалын ач холбогдол болон нүүрсний экспорт, шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.
– Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалаар нүүрсний экспорт, боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хэлэлцээр хийлээ. Энэ хэлэлцээрийн үр дүн нь ямар байх вэ?
БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал манай улсын уур уурхайн салбарт ашигтай, түүхэн айлчлал боллоо. Уул уурхайн салбарын хамгийн том “чөдөр тушаа” нь тээвэрлэлт, хилийн боомтын ажлууд байдаг. 2019 онд манай улс нүүрсний экспортын хамгийн оргил үедээ 37 сая тонн нүүрсийг гадагш экспортолсон. Тэр ондоо 54 сая тонн нүүрс олборлосон нь манай оронд тийм хэмжээний хүчин чадал байгааг харуулсан. Энэ хэлэлцээрийн үр дүнд манай улс “чөдөр тушаа” болсон асуудлаа шийдэж чадлаа.
-Саяхныг хүртэл нүүрс нийлүүлэх, тогтвортой урт хугацааны гэрээтэй байгаагүй гэсэн үг үү?
ААН-үүдийн хувьд худалдан авагчидтайгаа тус тусын гэрээ хийсээр ирсэн. Манай улсын зүгээс Хятад улсад тогтвортой, урт хугацаандаа нүүрс нийлүүлэх өндөр түвшний гэрээ байгуулах саналыг удаа дараа тавьж байсан. Энэ нь ажил хэрэг болж буй нь урт хугацаандаа нүүрсний экспортоо сайжруулах боломжийг бий болгож байна.
Энэ онд 37 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөгөө төсвийн тодотголоор 17 сая тонн болгон багасгасан. Энэ гүйцэтгэл одоогийн байдлаар 64 хувьтай явж байна. Үлдсэн гурван сард үүнийг биелүүлж чадах уу?
ХИЛЭЭР ГАРЧ БУЙ НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ ТОО 2-3 ДАХИН ӨСӨЖ, НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЭРЧИМЖСЭН
Сүүлийн хоёр сар нүүрсний экспорт нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар, долоо хоногийн дунджаар 700-900 автомашин нүүрс гадагш гаргаж байна. Энэ эрчээрээ явбал төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж чадахаар байна.
Нүүрс экспортлохдоо аль болох олон сувгаар гаргах бодлого баримталж байна. Одоог хүртэл задгай тээврээр нүүрсээ экспортолж байсан. Цар тахлаас хойш хүний оролцоо багатайгаар чингэлэгт тээвэр ашиглан нүүрсээ цааш экспортлох шаардлагатай болсноор сүүлийн хоёр жил Гашуусухайт, Шивээхүрэн хоёр боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулах шаарддага үүссэн. Энэ дагуу ч байгуулсан.
ШИНЭ СТАНДАРТААР НҮҮРСНИЙ 29 АНГИЛАЛТАЙ БОЛСОН
-Тавантолгой – Гашуунсухайтын төмөр замын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Яг хэзээ ашиглалтад орох вэ?
Гашуусухайт боомтын төмөр зам энэ онд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна. Нүүрсний салбар нь сүүлийн арван жилд гаднаас “доллар” оруулж ирж байгаа ашигт малтмалуудын нэг болтлоо өргөжсөн. Мөн дээрээс нь Монголын нүүрсний стандарт түрүү сард шинэчлэгдсэн. 11 төрөлд хуваагддаг байсныг 29 болголоо. Ингэснээр БНХАУ-ын стандарт, мөн олон улсын төрөлтэй нэлээд ойртсон гэсэн үг. Энэ нь АМНАТ болгон татвар хураамжийг нүүрсний ангилал болгон дээр бодох аргачлал хэрэглэх, үнийг олон улсын аргачлалаар тооцоход дөхсөнийг харуулж байна.
Жишээ нь, Индонез улс эрчим хүчний нүүрсний экспортоор хамгийн том тоглогч. Зөвхөн эрчим хүчний нүүрсийг 75 ангилсан байдаг. Нэг үгээр, Индонез улсын нүүрс нь 75 өөр үнээр гарч байна гэсэн үг. Ийнхүү хувааснаар бидэнд орж ирэх ашиг нэмэгдэнэ.
ОН ДУУСТАЛ АИ-92 АВТОБЕНЗИННИЙ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ ТҮВШИНД БАРИХ ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРСЭН
-Шатахууны салбарын хувьд, АИ-92 бензиний үнийг он дуустал өсгөхгүй байхаар болсон. Харин дизель түлшний үнэ өссөн. Үнэ өсөхгүй тогтвортой байна гэдэг нь ААН-үүдэд татаас өгч байгаа гэсэн үг үү, ОХУ-аас хямд үнээр импортолж байна гэсэн үг юм уу?
Сүүлийн хоёр жил шатахуун дээр ямар нэгэн татаас байгаагүй. Шатахууны үнэ сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр түүхэн хэмжээндээ хүртэл унан, буцаад түүхэн хэмжээнд хүртлээ өссөн. Энэ нь дэлхийн улс төрийн нөхцөл байдлаас хамаарч байна. Монгол улсын Засгийн газраас энэ цаг үед шатахуун дээр авч болох бүхий л арга хэмжээг авсан. АИ-92 бензины гаалийн албан татварыг тэглэсэн. Дизель түлш дээр онцгой албан татварыг тэглэсэн. Үүний ачаар дөрөв,тав, зургаадугаар саруудад АИ-92 бензины үнийг барьж чадсан. ОХУ-ын Роснефть компанитай гэрээ хийж 2390 төгрөг дээр АИ-92 үнийг барихаар, хямдралтай үнээр шатахуун авахаар гэрээ хийж чадсан. Зургаадугаар сард гэрээ дууссан ч дахин гэрээ хийн, энэ оныг дуустал 2390 төгрөгөөр иргэд шатахуунаа авах боломж бүрдсэн.
-Оны дараа шатахууны үнэ хэрхэн вэ?
Дэлхийн эдийн засгийн хямралтай уялдан, түүхий газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр бууралттай байна. Дэлхийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан тооцоолоогүй “шок”-ууд бий болж байгаа учир шатахууны үнийг тааж хэлэхэд хэцүү.
Шатахууны салбарын үнэд төр оролцох нь үнийг өсгөх нэг шалтгаан болдог гэж олон нийт хардаг шүү дээ. Үнэд заавал төр оролцох шаардлагатай юу?
Хөрш орнуудын нөхцөл байдал хурцдахаас өмнө Засгийн газрын зүгээс урт хугацаандаа шатахууныг зах зээлийн зарчмаар өгсөн уруудан явах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байсан. Гэтэл олон улсын улс төрийн байдал, геополитикийн асуудлаас шалтгаалан үнэ хэлбэлзэлтэй байхад хүрээд байна. Энэ үед Засгийн газрын зүгээс шатахууны үнэд оролцон, үнийг тогтворжуулах зайлшгүй нөхцөл үүсэж байна гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа.