БНЭУ-д ХДХВ-ийн эсрэг эм хомсдож, ойролцоогоор 500 гаруй мянган хүн эмчилгээнд хамрагдах боломжгүйд хүрээд байна.
Хувийн эмийн сан, дэлгүүрт зарагддаг вирусийн эсрэг эмүүд маш үнэтэй байдгаас болж, иргэд эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Түүнчлэн энэ төрлийн вирусээр өвчилсөн нийт өвчтөнүүдийн гуравны нэг нь улсын эрүүл мэндийн төв, эмнэлгүүдээс тусламж авч чадахгүй байгаа нь улсын хэмжээнд эрүүл мэндийн ноцтой аюул дагуулж байгааг иргэний нийгмийн төлөөллүүд илэрхийлж байна.
Сүүлийн таван сар гаруйн хугацаанд өвчтөнүүд эмчилгээ авч чадахгүй байгаа бөгөөд хэдий эм үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч орон боловч гол эмийн түүхий эдийн хомсдолд орсон гэдгээ БНЭУ-ын засгийн газраас мэдэгдсэн байна. БНЭУ нь 2020 оны байдлаар дэлхийд эм үйлдвэрлэлээр эхний 10-т багтаж байсан. Мөн тус оны байдлаар ХДХВ илэрсэн тохиолдлоор хоёрдугаарт бичигдэж байсан юм.
Ковид-19 цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн улсуудын нэг бол БНЭУ. Цар тахлын нөлөө дуусч амжаагүй байтал ийм асуудал дахиад тулгарч эхэлснийг ДЭМБ анхааралдаа авах хэрэгтэй гэж иргэд үзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэтхэг улс 2030 он гэхэд ХДХВ-ийн тархалтыг бууруулах зорилт тавьсан. Одоогоор 2.3 сая хүн ХДХВ-ээр өвчилсөн гэсэн тоо баримт байдаг юм байна.