“Хуучны Монгол кино үзэж байгаа юм шиг яасан сайхан яриатай хүн бэ” гэж дуу алдахыг сонслоо. Эх хэлээрээ элдэв маяггүй, нүүр бардам ярьсан хүнийг ингэж л үнэлж, бас гайхаж байна. Учир нь, өнөө цагт бид эх хэлээрээ зөв ярих тал дээр маруухан болж, гадаад хэлний нөлөөгөөр эх хэлээ "эвдсээр" байна. Иймээс бид эх хэлний найруулга зүйн тухай цувралаар танилцуулахаар бэлтгэлээ.
АЛДАА 1 – ХЭТ ИХ НЭРШҮҮЛЖ ЯРИХ НЬ “ЭХ ХЭЛЭЭ МӨХӨӨНӨ”
Монголчууд үйл үгээр сэтгэдэг онцлогтой. Тиймээс ч Монгол хэлний гол тулгуур нь үйл үг, үйл хөдлөл. Гэтэл бид нэршүүлж, сунжруулж ярьж байгаа нь буруу гэдгийг хэл шинжлэлийн салбарын эрдэмтэд шүүмжилж байна. “Би гүйж байна” гэхийн оронд гүйлт хийж байна, "худалдаж авлаа" гэхийг "худалдан авалт хийлээ" гэх мэтээр ярих нь түгээмэл болсон. Нэг ёсондоо, бид орчуулгын “модон хэлээр” яриад дасчихжээ. Тиймээс өнөөдрөөс эхлээд дандаа үйл үгээрээ ярьцгаая. “Өвдөлт өглөө”- өвдлөө, “шидэлт хийлээ” – шидлээ гэх мэтээр ярьж сурах шаардлагатай болжээ. Хэрэв үүийгээ ойрмогхон засаж авахгүй бол “хоол идэлт хийгээд цадалт авалтаа” гэж бидний үр хүүхдүүд буруу зөрүү ярихад ойрхон болжээ.
АЛДАА 2 – ЦАХИМ ОРЧИНД ЯРИАНЫ ХЭЛЛЭГЭЭР БИЧИХЭЭ БОЛЬЁ!
Өнөөдөр хүүхэд бүр интернэт ашиглаж, утас нь тэднийг “хүмүүжүүлж” байна. Багачууд нийгмийн сүлжээнээс асар их мэдээллийг шүүлтүүргүй авч байгаа энэ цаг үед ярианы хэллэгээрээ цахимд бичихгүй байхад анхаарах хэрэгтэй байна. Учир нь, таны бичсэн буруу зөрүү үгсийг хараад хүүхэд тань “Ингэж л бичдэг юм байна” гээд шууд ойлгочихож байна. Жишээлбэл, “тийн, би тэгсийн. Тэр тэгж авдын” гэх мэтээр яг яриагаа сошиал орчинд буулгачихаж байгаа нь үг үсгээ нүдэлж буй хүүхдүүдэд буруу зүг чиг нь болж байна. Зүй нь “Тийм ээ, би тэгсэн юм. Тэр тэгж авдаг юм” гэх мэтээр бичгийн хэлэнд буулгах чухал. Түүнээс биш, хамаа намаагүй ярьснаа бичиж орхих нь эргээд Монгол хэлээ мэддэггүй бүхэл бүтэн үеийг бий болгоход нөлөөлж байна.
Монгол хэлний дархлаа нь та, бид бүгдээрээ юм. Тиймээс жижиг гэлтгүй алдаанаасаа суралцаж, эх хэлээ бүрэн дүүрэн эзэмшье. Эх хэл бол тусгаар тогтнолын баталгаа. Тиймээс тусгаар тогтнолоо батжуулахын тулд Монгол хүн та эх хэлээ бүрэн дүүрэн "ганзагалаж" явахад анхаарах учиртай юм.
Бид энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.