Монгол улс хөдөө аж ахуйн орон гэгддэг ч малынхаа түүхий эдийг бүрэн ашиглаж чадахгүй байна. “10 гаруй жилийн өмнө мал гаргаж, арьсыг нь тушаагаад, тэр мөнгөөрөө шуудай гурил авчихдаг байлаа. Махтай, гурилтай под хийгээд л явчихдаг байв. Харин одоо бүр арай л дэндлээ” хэмээн малчид халаглаж байна. Бид малын дайвар бүтээгдэхүүн битгий хэл, малынхаа арьс ширийг ч борлуулж чадахгүй, “хотны хог” болгож байна. Хонины нэхийг мянган төгрөгөөр ч авахаа больж, өмхийрөөд л хаягддаг болжээ. Нэг хэсэг бид хонины нэхий, түүхий эд боодол бохины үнэгүй боллоо гэж ярьдаг байсан бол бүхэл бүтэн хонины нэхийг боодол бохь ч авч чадахаа байжээ. Тиймээс төр засаг малынхаа түүхий эдийг үнэ цэнэтэй болгох боломжийг бүх талаар эрэлхийлэх чухал байгааг хаа хаанаа сануулсаар байна.
ЖИЛД 40 САЯ ШИРХЭГ МАЛЫН ШИЙР ХАЯГДАЖ БАЙНА
Гадны улсынхан Монголыг хараад толгой сэгсэрдэг нь ч аргагүй. Учир нь, бид маш их хэмжээний баялгаа шууд газарт булж устгаж байна. Энэ талаар Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн У.Баярсайхан “Бид өнөөдөр ясаар товч, үхрийн эврээр сам хийхгүй л байна. 10 сая мал нядлаад, 40 сая шийр хаяж байна шүү дээ. Гэтэл үүгээр гадны улс орнууд сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хийж байна. Асар их желатин, коллагеныг бид зүгээр л хаячихдаг нь харамсалтай. Төр бодлогоо хаашаа чиглүүлэх вэ гэдгийг ганцхан жишээ нь л энэ.
Бид арьс ширнийхээ 80-90 хувийг гүн боловсруулж чадвал жилд 200 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой. Үүнийг дагаад 15-20 мянган ажлын байр шинээр бий болох боломжтой. Өнөөдөр манай улс жил 1 сая ширхэг хос гутал үйлдвэрлэж байна. Хэрэв энэ тоог 3 саяд хүргэвэл бүх арьс ширээ дотооддоо бүрэн боловсруулдаг болно. Жилд 500 мянган арьс шир боловсруулаад, аймаг бүрт гутлын жижиг үйлдвэр барих боломж бий. Энэ боломжийг хэн ч олж харахгүй байна” гэлээ. Товчхондоо, дотоодод боловсруулах үйлдвэрийг сайн хөгжүүлээгүй, байхгүй учраас хаяхаас өөр замгүй болсон харамсалттай.
ЮУН АРЬС НЭХИЙ… МАЛЫН ГЭДЭС ДОТРООРОО Ч БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ БОЛОМЖ БАЙНА…
Эдийн засгийг солонгоруулж, олон тулгууртай болгохын мал аж ахуйн салбарын боломжоо ашиглах хэрэгтэйг судлаачид зөвлөдөг. Тэгвэл зөвхөн малын дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж чадвал хөдөө аж ахуйн салбарын өгөөжийг хоёр дахин тэлэх боломж байна. ШУА-ийн болон их, дээд сургуулийн эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ.
Тухайлбал, жилд нядалдаг 10 сая малын зөвхөн чихийг боловсруулснаар жилд 20 тэрбум төгрөгийн орлого эдийн засагт орж ирэх боломж байна. Мөн ШУТИС-ийн багш нар малын дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх цогц судалгаа хийжээ. Доктор С.Төгс өмнө нь малын гүзээг ашиглаж илгэн материал гаргаж авч байсан. Харин одоо өрц, үнхэлцэгний хальсаар оёдлын материал гаргах авах боломжийг судалж эхэлжээ. Манай улс жилд 9,2 мянган тонн малын дайвар бүтээгдэхүүнийг шууд булж устгадаг гэсэн судалгаа байна. Хэрэв аймаг бүр 100-120 сая төгрөгөөр малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэртэй болж чадвал малын түүхий эд, хаягдахгүй, эргэлтэд бүрэн орох боломжтой гэж үзэж байна.
ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР БЭЛЭН ГОЙМОН ҮЙЛДВЭРЛЭВЭЛ 4,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ДОТООДДОО ҮЛДЭЭНЭ
Малын дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааг ШУА-ийн дэргэдэх “Гарааны технологийн инкубатор төв”- өөс хийсэн байна. Манай улс жилд дунджаар 650-700 мянган тонн бэлэн хоол импортоор авдаг. Хэрвээ малын гэдэс дотроор бэлэн гоймон үйлдвэрлэж чадвал гадагшаа урсдаг 4,7 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж байна.
2020 оны байдлаар, манай улсын ДНБ 37,5 их наяд төгрөг байв. Үүнээс хөдөө аж ахуйн салбар 12,8 хувийг бүрдүүлсэн байна. Хэрэв эрдэмтдийн эдгээр судалгааг эргэлтэнд оруулж чадвал хөдөө аж ахуйн салбараас эдийн засагт орж ирдэг 4-5 их наяд төгрөгийг хоёр дахин өсгөх боломжтойг тэд ярилаа.
БЭЛЭН СУДАЛГАА БАЙСАН Ч ТӨР НЬ “ХӨДӨЛДӨГГҮЙ”, БОЛОМЖ НЭЭДЭГГҮЙ
Шинжлэх ухааны байгууллагууд дэргэдээ гарааны компанитай болохыг хуулиар зөвшөөрсөн ч тэд зах зээлд өрсөлдөж, бүтээгдэхүүн гаргах боломж хомс байна. Шинжлэх ухаан технологийн сангаас жилд дунджаар 7-8 тэрбум төгрөгийг шинэ судалгаанд зарцуулж байна. Гэвч бэлэн болсон судалгааны 80 орчим хувь нь эргэлтэнд орж чадалгүй өдийг хүрчээ.
Ийнхүү хөдөө аж ахуйн салбарт боломж дүүрэн байна. Бидэнд давуу тал байна. Хамгийн гол нь үүнийгээ ашиглах хэрэгцээ шаардлага тулгамдаж ирээд байна. Үйлдвэрлэл хөгжүүлбэл хонины нэхий, арьс шир, дайвар бүтээгдэхүүн уул уурхайгаас дутахааргүй, Монголыг “тэжээх” баялаг болох боломж дүүрэн байна. Ингээгүй цагт малын гаралтай баялаг хог болж хөглөрсөөр, бид гаднаас царайчилсаар суух болох нь ээ.