Есдүгээр сарын нэгний өглөө хүүхдүүд ээж аавынхаа гараас хөтлөөд, шинэхэн хувцас хэрэглэлээрээ гангарч, хичээлийн эхний өдөртөө догдлон яардаг. Харин нөгөө талд, амьдралын боломжгүйгээс үүдэн ах эгчийнхээ томдсон гутал хувцсыг өмсөөд өөртөө итгэлгүй гудайж явах нь ч бий. Цар тахал, олон улсын хямралтай нөхцөл байдлаас үүдэн эдийн засаг сүүлийн хэдэн жилд тохиогоогүй хүнд байдалд орсон. Үүнийг дагаад хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг иж бүрэн бэлдэх нь битгий хэл өдрийн хоолоо аргацаахад хүнд өрхүүд олшроод байгаа. Энэ үед “Гүүднэйборс” ОУТББ-аас “Дүрэмт хувцсаа хандивлая” аяныг зохион байгуулжээ. Энэ талаар бид байгууллагын Орон нутгийн хөгжлийн зохицуулагч Б. Соёлмаатай ярилцлаа.
-Юуны өмнө “Дүрэмт хувцсаа хандивлая” аяны талаар уншигчдад танилцуулаач?
“Дүрэмт хувцсаа хандивлая” аяныг манай байгууллага хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд бид аянаа долоодугаар сараас эхлүүлсэн. ААН байгууллагуудад хүсэлт гарган хамтран ажилладаг. Аяны маань зорилго товчхондоо, хүүхэд бүрийг сэтгэл дүүрэн, өөртөө итгэлтэй сургах явдал юм. Хэдийгээр хүүхэд бүр сурах эрхтэй ч гэсэн нийгмийн ялгаатай байдал, сурах орчин нөхцөл, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас нь хангалттай биш байна. Үүнээс үүдэн хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл сонирхол “унтраад” байдаг. Цаашлаад ялгаварлан гадуурхалтад өртөж байна.
Цар тахлын нөхцөл байдлаас болж айл өрхийн амьжиргаа доошилж, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэд зөвхөн хоол хүнсээ залгуулах хэмжээний болоод байна. Олон хүүхэдтэй айл өрхүүд хүүхдийнхээ хэрэгцээг хангаж чадахгүйд хүрлээ. Эдгээр шалтгаанаас үүдэн бид аянаа зохион байгуулж, цугласан дүрэмт хувцаснуудаа хэрэгцээ шаардлагатай хүмүүст нь өгч байгаа.
-Танай байгууллагын төсөл хөтөлбөрт хамрагдсан, дээр таны дурдсанчлан хичээлийн хэрэгсэлгүйгээсээ болоод гадуурхагддаг, өөртөө итгэлгүй болсон хүүхдүүд хэр их байна вэ?
-Манай байгууллага “Боловсрол” хөтөлбөрийнхөө хүрээнд, төсөлд бүртгэлтэй хүүхэд бүрт жилдээ нэг удаа хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүлдэг. Цаашдаа зөвхөн хичээлийн хэрэгсэл гэхгүй дүрэмт хувцас нэн шаардлагатай байгааг олж анзаарсан. Төсөлд бүртгэлтэй хүүхдүүд өмдгүй эсвэл зангиагүй, цэнхэр цамцгүй учраас сургуульдаа явж чаддаггүй. Ахынхаа багадсан хувцсыг өмсдөг. Энэ жижиг шалтгаанаас үүдэн хүүхэд хичээлдээ дургүй болж байна. Тийм асуудал их анзаарагддаг учраас хийж болох хамгийн хүртээмжтэй эхний алхам маань энэ аян байсан. Эдгээр хүүхдүүдэд бид хийсэн жижигхэн тусаараа аз жаргал бэлэглэж чадна. Бусдаас ялгаатай дутуу гэсэн мэдрэмж авч өссөн хүүхэд цаашдаа ч энэ мэдрэмжтэйгээ үлдэнэ. Ингээд амжилтад нь муугаар нөлөөлөх хортой.
-Уншигчдын зүгээс дүрэмт хувцас хандилая гэвэл хаана хандах вэ?
Энэ аянд хэрхэн оролцох вэ гэхээр хүүхдийнхээ багадсан, урагдаж элэгдээгүй дүрэмт хувцсыг өөрийнхөө гэр болон ажилтайгаа ойрхон салбарт хүргэж ирэхэд л болно. Сонгинохайрхан, Чингэлтэй, Тахилт, Шархад, Яармаг, Налайх салбаруудад хүлээн авч байгаа. Доор дугаараар холбогдоод байршил болон бусад мэдээллийг авах боломжтой. Хандиваар ирсэн дүрэмт хувцсыг зөвхөн төсөлд бүртгэлтэй хүүхдүүдэд хандивлах юм. Өөрөөр хэлбэл, хамрах хүрээ нь “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулдаг нийт салбарын 12 мянга гаруй хүүхдэд гэсэн үг.
Тиймээс өмсдөггүй шкафныхаа буланд байлгаж л байдаг дүрэмт хувцсаа хандивлаарай гэж уриалмаар байна. Хэрэглэдэггүй формоо засаж сэргээгээд хандивлах нь байгаль орчиндоо ч ээлтэй эерэг үйлдэл.
-Ингэхэд та “Гүүд нэйборс” ОУТББ-ынхаа талаар товч танилцуулаач?
“Гүүд нэйборс” байгууллага нь хүүхдийн эрхэн дээр суурилсан, тэдний төлөө төсөл хэрэгжүүлдэг олон улсын байгууллага. “Боловсрол”, “Ундны ус”,“Эрүүл мэнд”, “Сүлжээ хамтын ажиллагаа” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна. Бид Монголд үйл ажиллагаа явуулаад 16 жил болсон. Нийт долоон салбартай.
-Ярилцсанд баярлалаа.