БСШУЯ-ны яамнаас нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийлээ.
- Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.
- Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна.
- Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.
- Элсэн суралцах цэцэрлэгийг санал болгохдоо иргэний мэдээллийн сангийн мэдээлэлд тулгуурлана.
Цэцэрлэгийн бүртгэлийг E-MONGOLIA.MN хаягаар 3 үе шаттай зохион байгуулна.
I шат
Хүсэлт хүлээн авах 8/10-24
Цэцэрлэгт хуваарилах 8/25-26
Бүртгэлийг баталгаажуулах 8/26-9/09
II шат
Хүсэлт хүлээн авах 9/10-25
Цэцэрлэгт хуваарилах 9/26-27
Бүртгэлийг баталгаажуулах 9/27-30
III шат
Хүсэлт хүлээн авах 10/3-24
Цэцэрлэгт хуваарилах 10/25-26
Бүртгэлийг баталгаажуулах 10/26-31
Ийнхүү гурван үе шаттайгаар нийслэлийн цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэж мэдээллээ.
Цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ биеэр очих шаардлага байхгүй. Цахим хуудсаар дамжуулан бүртгэлийн асуудлаа бүрэн шийдвэрлэх боломжтой. Энэ жил цэцэрлэгүүдийн хүрэлцээ сайн байгаа тиймээс эцэг эхчүүд уралдах шаардлагагүй. Заасан хугацаанд бүртгүүлсэн тохиолдолд бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэв.
Өмнө нь цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой олон асуудал гарч байсан ч энэ жилээс систем хүүхдүүдийг бүртгэж, хуваарилж, цэцэрлэггүй үлдэх хүүхэд болон бусад тооцооллыг хийнэ. Нийслэлийн хэмжээнд хуучин байсан 171 хороон дээр зохицуулалтын ажлыг хийсэн гэв.
Эцэг эхчүүдийн хүсэлт баталгаажин 9 сарын 9-нийг хүртэл систем дээр нээлттэй харагдана.
Боловсролын ерөнхий газрын дарга Мөнхсанчир: Үлгэрчилсэн байдлаар цэцэрлэгийн бүртгэлийг хийж үзүүлэв. Эцэг эхчүүд өөрсдийн тоон гарын үсэг болон банкны эрхээр мөн утасны дугаараар E-MONGOLIA.MN системд нэвтэрч
Хүсэлт гаргахдаа:
ҮЙЛЧИЛГЭЭ-БОЛОВСРОЛ-НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХҮСЭЛТ ГАРГАХ цэсэд хандан хүсэлтээ илгээнэ.
БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Алслагдсан гэр хорооллын хүүхдүүд хамрагдаж чадах уу?
Алслагдсан гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүд бүгд хамрагдаж чадна. Нийслэлийн 204 хороон дарга нартай хамтран ажилласан. Тиймээс хамрагдахгүй үлдэх асуудал байхгүй. Аль болох 1 км дотор хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.
-Шинэ цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн хувьсах зардлыг шийдсэн үү?
Шинээр баригдсан 24 цэцэрлэгийн 5000 хүүхдийн хувьсах зардал шийдэгдсэн. Улсын төсвийн100 тэрбумаас шийдвэрлэсэн. Төсөв дээр ямар нэгэн асуудал байхгүй.
-Ёс зүйн алдаа гаргасан багш нарт ямар арга хэмжээ тооцох вэ?
Ёс зүйн алдаа гаргадаг тогтолцоог ТББ, хэвлэл мэдээлэл, эцэг эхтэй хамтран арилгахаар зорилт тавин энэ онд ажиллана.
-Заавал тоон гарын үсгээр л бүртгүүлэх үү? Интернэтгүй ашиглаж чадахгүй иргэд яах вэ?
Цэцэрлэг бүр дээр дэмжих бүлэг ажиллаж байгаа. Тоон гарын үсгээ аваагүй бол цэцэрлэг дээр өөрийн бичиг баримттай хүүхдийнхээ бичиг баримтыг хамт авч очиход болно.
-Түгжрэлийн асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ?
Түгжрэлийг бууруулах зорилгоор 15,15 минутын зөрүүтэй хичээл, сургуулийг эхлүүлнэ.