Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд ОХУ-аас эрчим хүч худалдан авахад 300 тэрбум төгрөг зарцуулсан гэх статистик бий. Харин эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Иймдээ ч бид эрчим хүчний салбарын хараат байдлыг устгах хүсэлтэй.
Гэтэл 1983 онд дөрөвдүгээр цахилгаан станц баригдсанаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч цахилгаан станц шинээр бариагүй. Салбарынхаа хараат байдлыг засаж арилгахад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц том хувь нэмэр үзүүлнэ.
Эрдэнэбүрэн төслийн түүхэн замналын талаар дурдвал:
- 1964 онд ЗХУ-ын Электросеть институт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хамгийн анхны урьдчилсан судалгааг хийж байсан.
- 2008 онд MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design компаниуд анхны ТЭЗҮ-ийг боловсруулсан байдаг.
- 2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Ховд, Буянт голын сав газрын зөвлөл хамтран усны нөөцийн нэгдсэн хөтөлбөр боловсруулжээ.
- 2015 онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийг байгуулсан юм.
- 2018 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөнөөс 288.5 сая ам.доллараар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
- 2019 онд станцын техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн баталсан. БНХАУ-ын Төрийн өмчит China Water Resources Beifang Investigation Design and Research компани ТЭЗҮ-г нь боловсруулжээ.
- 2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төсөл хэрэгжих 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Станц баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр нь Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн уулзвар 4 сумын газар нутгийг дамнан байрладаг.
- 2021 онд Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл /“Power Construction Corporation of China Ltd болон POWERCHINA Chengdu Engineering Corporation limited”/ шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулсан байдаг. Төслийг 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ гэж төлөвлөсөн. /Эх сурвалж: erdeneburenhpp.mn/
Засгийн Газраас мэдээлснээр энэ станц 2027 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ ЮУ БАЙХ ВЭ
Энэхүү төсөл нь эдийн засгийн өгөөж ихтэйгээс гадна хүн ба байгаль орчинд хамгийн хор нөлөөгүй, сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэр болно. Усан сангийн талбай дахь 84 байршлын 206 түүх соёлын дурсгалыг авран хамгаалахад мөн багагүй хөрөнгө мөнгө зарцуулах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, гол усны урсац, түүх соёлын өвд сөргөөр нөлөөлөхгүй төсөл юм.
Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон, томоохон хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш 19 жилийн дараагаас үр ашгаа өгч эхэлнэ гэсэн тооцоо бий.
Монгол Улсын Засгийн газраас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулахад бодлогоор дэмжихээ мэдэгдэж байгаа. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилт тавьсан манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүй. Баруун таван аймаг 1 кВт эрчим хүчийг ОХУ-аас 280-315 төгрөгөөр худалдан авч байгаа бол энэ усан цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцооллыг гаргасан. Эдийн засгийн хувьд ч, эрчим хүчний хараат байдлаас холдуулах ач холбогдлын хувьд ч энэ төслийн үр ашиг нь өндөр учир Засгийн газар чармайлт гарган ажиллаж байна. Одоо баруун таван аймаг эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас, үлдэх 24 хувийг Дөргөний УЦС-аас авч байна.
ТӨСӨЛ ХЭРЭГЖИХЭД ЯМАР АСУУДЛУУД ТУЛГАРАВ
Харин өнгөрсөн жил төсөл хэрэгжихтэй холбоотой асуудлууд тулгарч байсан. Тодруулбал, Өнгөрсөн оны аравдугаар сард Увс аймгийн Өмнөговь сумын малчид УЦС-ыг эсэргүүцэж, төв талбай дээр жагсаж байв. Учир нь “УЦС-ын талбайд хамаарах газар нь бэлчээр төдийгүй хадлангийн нөөц газар. Ховд гол нь экологийн хувьд үржил жимтэй, хөндийдөө маш олон төрлийн модтой. Гэтэл олон тэрбум мод нь усан цахилгаан станцын хөндийд орох болоод байна" гэсэн юм. Үүнд төслийн багаас хариу тайлбар өгсөн.
Ингэхдээ, төслийг хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт амьдарч буй нийт 270 өрхийг 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажилд нэг саад учирсан нь усан цахилгаан станц баригдвал тухайн орчныхон усанд автах, байгаль орчин сүйтгэгдэх болно гэсэн ташаа ойлголт. Тиймээс улс орны эдийн засаг болоод бусад олон талын ач холбогдолтой бүтээн байгуулалт юм гэдгийг тайлбарлан таниулахад багагүй хугацаа шаардагджээ. УЦС нь байгальд хамгийн аюулгүйгээр эрчим хүч үйлдвэрлэдэг гэдгийг онцолжээ. /Эх сурвалж: erdeneburenhpp.mn/