БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И, Монгол улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар хэлэлцээ хийж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж , хамтран ажиллах бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаад баяртай байна гэж Монгол улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ. Хэлэлцээний үеэр өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын харилцаа айлчлалуудын давтамжийг хадгалах эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх Монгол, БНХАУ-ын хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.
Түүнчлэн гадаад харилцааны яам хоорондын харилцааг идэвхжүүлж 2023-2024 хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Илүү ойр дотно хамтран ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгдлээ хэмээн хэлэлцээрийн үр дүнг танилцууллаа.
- Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдүүлэх
- ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох , буцалтгүй тусламж, хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийг явцыг урагшлуулах
- Газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр талд эрчимжүүлэхээр тохиролцлоо
- Цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлэх
- Хилийн боомтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн хүрээнд Гашуун-сухайт, Ганц мод боомтыг төмөр замаар холбож, хятадын талд урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа
- Замын үүд, Эрээний хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх
- Байгаль орчныг хамгаалах асуудлаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэмжээнд төсөл хамтран хэрэгжүүлнэ
- БНХАУ-д сурч буй монгол оюутнуудыг танхимаар сургахаар тохиролцлоо
- Иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг харилцан сэргээхээр ярилцлаа.
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ “Монгол улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэнчлэн хоёр улсын харилцааны талаарх асуудалд санал нэгтэй байна. Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”,"Дайн дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”,“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна. Хэлэлцээний үеэр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ талууд дахин нотоллоо. Түүнчлэн хоёр улс язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, хятадын талаас монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол улсын талаас “Нэг-хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна” гэв.