Бид Английн зүүн бүсийн Suffolk мужийн Нийгмийн эрүүл мэндийн газарт эх хүүхдийн эрүүл мэндийн бодлого хариуцсан зөвлөх эмч, Кэмбриджийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн багш М.Машбилэгтэй Английн нийгмийн эрүүл мэндийн систем, иргэндээ ээлтэй орчныг хэрхэн бүрдүүлдэг талаар Лондон хотод ярилцлаа.
Тэрээр 1997 онд Лондонгийн Их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг, 2004 онд докторын зэрэг хамгаалжээ.
“ЭРҮҮЛ АМЬДРАХ ОРЧНЫГ УЛС БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ"
Их Британи улсад нийгмийн эрүүл мэндийн ямар бодлого үйлчилгээг үзүүлдэг вэ?
Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь хүн урт наслах, эрүүл амьдрах нөхцөлийг урьтаж бүрдүүлсэн байхыг хэлэх юм. Хүний эрүүл амьдрах орчныг улс бодлогоор зохицуулж, бий болгох ёстой. Энэ бол Засгийн газрын чухал үүрэг. Цаашлаад дүүрэг, хороо, хороолол бүрдээ тухайн нөхцөлд хүмүүсийг эрүүл амьдрах орчныг яаж бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй, төвөггүй авч чадах гол орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.
Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн хувь хүн өөрөөс нь бус тухайн улс орны эрүүл мэндийн бодлого, хүн эрүүл амьдрах орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаагаас шалтгаална.
Иргэд ч мөн миний эрүүл амьдрах орчныг бүрдүүлж өгөх ёстой гээд дүүрэг, хотын засаг захиргааны байгууллагад асуудлаа тавих хэрэгтэй. Улаанбаатар хотын агаарын бохирдол маш өндөр түвшинд байгаа нь иргэд эрүүл орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг.
Лондонд миний ажиллаж байгаа газар агаарын бохирдлыг тогтмол хянаж байдаг. Сар бүр нарийвчилсан судалгааг гаргаж яг энэ уулзвар дээр агаарын бохирдол ихэссэн байна. Яагаад хэтэрсэн байна гэдгийг очиж шалгаад, асуудал тавиад, иргэддээ мэдээлэл өгч байдаг.
Мөн нийгмийн эрүүл мэндээр бидний идэж байгаа хоол, хүнс чанарын баталгаатай байхыг хянаж, хүнсний бүх бүтээгдэхүүн хаанаас ирсэн, сахарын, хүчиллэгийн хэмжээ нь хэр вэ, давс хэр их орсон зэрэг орц найрлага нь эх хэлээр нь тодорхой байх ёстой гэж заасан байдаг. Энэ шаардлагыг улс тавих хэрэгтэй. Тэр мэдээллийг авсны үндсэн дээр хэрэглэгч өөрсдөө шийдвэр гаргаад, идэх эсэхээ шийдэх ёстой. Англид энэ бүх зүйлийн стандарт маш тодорхой байдаг.
Хоёрдугаарт хүний эрүүл байх эсэх нь хувь хүнээс маш их шалтгаална. Амьдралын буруу зуршлууд бидний эрүүл мэндийг тодорхойлно. Ажил дээрээ бидний голлон барьж байгаа судалгаа бол King’s found гээд сүүлийн арван жил Англид хийж байгаа шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, статистик дээр тулгуурладаг олон төрлийн судалгаа бий.
Тэр судалгаагаар хүмүүсийн эрт өвдөж, богино насалж байгаа гол шалтгаан бол амьдралын дөрвөн буруу зуршил байна гэдгийг гаргасан.
1. Буруу хооллолт. Идэж, ууж байгаа хоолны чанар, хэмжээ үүнд чухал.
2. Хөдөлгөөнгүй, идэвхгүй байх. Энэ нь таргалалт үүсгэх эрсдэлтэй. Ингэснээр цус харвах, зүрхний өвчтэй болох, сахарын өвчтэй болох, хорт хавдар тусах зэрэг өвчин үүсгэх эрсдэлтэй.
3. Тамхи татах.
4. Архийг хэтрүүлэн хэрэглэх. Эдгээр нь бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа буруу зуршил эрт өвдөх, янз бүрийн хорт хавдар үүсгэх, нас барах зэрэгт хүргэнэ.
Англид иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах шинжилгээг нь гэр рүү нь явуулна, ирж шинжилгээгээ өгөхийг тогтмол сануулна, хамрагдаагүйг нь яагаад шинжилгээгээ өгөөгүйг нь бүртгэнэ.
Монголд эрүүл мэндийн системийг буруу байна гэж хүмүүс их шүүмжилдэг. Олон улсын чиг хандлагаар эрүүл мэндийн зөв тогтолцоо гэж ямар системийг хэлэх вэ?
Англи улсад эрүүл мэндийн хувьд хүн хэзээд хэрэгцээтэй, шаардлагатай өдрөө үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах ёстой гэсэн системийг 1948 оноос бий болгосон.
Өнөөдөр энэ улсад ажиллаж амьдарч байгаа хэн ч бай үнэгүй хэрэгцээтэй үедээ ямар ч эмчилгээ авч болж байна. Шүд өвдөхөөс эхлээд хавдар хүртэл үнэгүй.
Ийм л зүйлийг эрүүл мэндийн зөв тогтолцоо гэж хэлнэ. Иргэдийн төлсөн татварын мөнгийг зөв зарцуулж байж энэ зөв тогтолцоог бий болгож байна. Мөн өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь урьтаж иргэнээ боддог. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдээрээ жил бүр хот дүүрэг, бага нэгж гэлтгүй судалгаа хийж, судалгаанд суурилсан хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авна.
Урьдчилан сэргийлэх үзлэгт хэдий хугацаагаар хэрхэн хамруулдаг вэ?
Нас насаараа өөр. Хүүхэд тухайн насандаа таарсан вакцин хийлгэх, тэдээс тэдэн насанд ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг гээд тогтсон үзлэгүүд бий.
Жишээ нь 45-аас дээш насны бүх хүнд гэр рүү нь өөртөө тест хийх бүх зүйлийг агуулсан хайрцаг илгээнэ. Түүнийгээ тухайн хүн үзээд, шинжлээд хариуг нь буцааж явуулна. Эмэгтэйчүүдийг 50 нас хүрэхэд “Та ирж хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаарай” гээд захиа явуулна.
Тэр захиаг хүн бүрд гурван удаа явуулна. Захианы дагуу очиж үнэ төлбөргүй үзүүлнэ. Яг үүнийг дахиад таван жилийн дараа давтана. Мөн умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг бүх насны эмэгтэйчүүдэд таван жил тутам хийдэг. Хэсгийн эмчээр нь дамжаад авчихдаг.
Үүнд нийгмийн эрүүл мэндийн газраас өөрийн харьяаны хүмүүст хяналт тавьдаг. Бүх иргэдийн 90 хувь нь үзлэгт хамрагдсан байх ёстой гэдэг стандарт улсаас тавьдаг. Шаардлага, хяналт, шалгалт маш сайн хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын нөхцөл тааруу хүмүүс сайн хамрагдаж чадаж уу гэдгийг бараг л нэрээр нь цохох нь холгүй бүртгэнэ. Муу байвал яагаад муу байна гээд асуудлыг шийдээд явдаг. Эрүүл мэндийн тогтолцоо үүгээрээ их чухал.
Нийгмийн эрүүл мэндийн хувьд олон улсын чиг хандлага нь хаашаа явж байгаа вэ?
Нийгмийн эрүүл мэндийн олон улсын чиг хандлага хүнийг эрүүл амьдрах орчин бий болгоход улсаас юу хийх ёстой вэ. Зөвхөн хоол хүнсний хувьд гэхэд хүнсний сахарын хэмжээг анхаарах, бууруулах тал дээр анхаарах. Хоол бэлтгэдэг том бизнесүүд байна. Эд нарт хэрхэн нөлөөлөх вэ.
Хоёрдугаар, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд аль болох хүмүүсийг яаж явган явуулах боломжийг бүрдүүлэх вэ. Аль болох дугуй унах зам, нөхцөлийг нь бий болгож өгөх зэрэг нь чухал. Хүмүүсийг яаж машин унуулахгүй байхаар хязгаарлах вэ гэдэг асуудлууд дээр маш их хөрөнгө зарж, ажиллаж байна. Мөн хүнийг хэрхэн сайн хөдөлгөөнтэй байлгах вэ. Хүн бүрийг гараад дасгал хий гэхэд тэдэнд дасгал хийх орчин хэрэгтэй. Бүх бизнесүүдэд ийм шаардлага тавьж эхэлсэн байгаа.
“ХҮНД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭЭГҮЙ БОЛ БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГГҮЙ"
Энд хот төлөвлөлтдөө нийгмийн эрүүл мэндийн зөвлөхийн судалгаа, зөвлөгөөг сайн тусгадаг юм байна?
Би үндсэн хоёр ажлынхаа хажуугаар хот төлөвлөлтийн зөвлөх хийж байна. Англи улсад дүүрэг, хотын гол төлөвлөлтүүд 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөөр явагддаг. 30 жилийн төлөвлөгөөндөө оффис хаана барих вэ, хүн амьдрах байрнуудыг нь хаана яаж барих вэ, хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн парк нь хаанаа байх вэ гэдгийг бүгдийг нарийн төлөвлөж, түүнийхээ дагуу хэрэгжүүлдэг. Төлөвлөлтийн дагуу тухайн барилгыг барих тендер зарлана. Барилгын компаниудын хүсэлт дээр судалгаа, зөвлөх төвүүд зөвлөмж өгнө. Миний хувьд нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс түүнийг нь ахалж ажилладаг. Бидний зөвлөгөө хүн амьдрахад эрүүл орчин бүрдүүлэх, хүн хүссэн хүсээгүй явган явах орчинтой байх, явган явахыг нь дэмжсэн явган хүний зам, сүүдрэвч, үнэгүй уух ус байна уу, тойроод суугаад салхилах орчин бүрдүүлэх, барилга доторх өрөө тасалгааны гэрэл орох зай хэмжээ зэрэг бүх стандартыг хангах зөвлөмж өгч, шаардлага хяналт тавьдаг.
Эрүүл, тав тухтай жаргалтай амьдрах нөхцөлийг энэ барилга бүрдүүлж чадаж байна уу гэдэг дээр хяналт тавьж зөвшөөрөл өгнө, үгүй бол зөвшөөрөхгүй гэсэн үг.
Манайх шиг 20 гаруй байгууллага давхар стандартын дагуу санал, зөвлөмж өгдөг. Тэр бүгдийг санал шаардлага, зөвлөмжийг авсны эцэст тухайн барилгыг барьж эхлэх зөвшөөрөлтэй болно. Энэ бүх санал авах, зөвлөмж өгөх ажил 3-4 жилд үргэлжилдэг.
Энд татварын систем нь АНУ шиг хувь хүний татварын системтэй юу, эсвэл нийгмийн даатгалаа төлөөд явдаг уу? Татварын систем нь ямар вэ?
Өөрөөрөө жишээ авбал, энд бүх хүн адилхан. Ажил хийдэг бол нийгмийн даатгал, татвар төлнө. Татвар нь авч байгаа цалин, орлогоос хамаарна. 20-50 хувийг авдаг. Үүнээс зайлах ямар ч арга байхгүй. Жишээлбэл, би өнөөдөр 100 төгрөгийн цалин авахад, 40 төгрөгийг нь улсын татварт өгнө. 10 хувийг нь нийгмийн даатгалдаа өгөөд, өөр 10 хувийг нь тэтгэврийн мөнгөнд төлдөг. Ингээд гар дээр ирэх мөнгө арай бага.
Улсын эдийн засаг яаж хүчтэй байх вэ. Татвараар л хүчтэй байна. Тиймээс татварын зөв бодлого танилцуулж, бага биш, их биш, иргэдийнхээ цалинд тулгуурласан зөв татварын системтэй байж, тэр мөнгөө зөв зарцуулбал, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарыг татвараас санхүүжүүлэх ёстой.
"Хаа байсан Монголоос ирээд уйгагүй сурч, ажиллаад Англид 180 орчим зөвлөх эмч нарыг чиглүүлэн хариуцаж ажиллаж байгаагаараа бахархдаг. Монгол хүмүүс чадалтай гэдгийг олон зүйл дээр харж байсан"
Та Англид ирээд олон жил болсон. Сурах зүйлээ сураад, маш их туршлага хуримтлуулсан. Монгол руугаа буцъя гэсэн бодол байна уу?
Одоохондоо тийм бодолгүй байна. Одоо надад дахиад арваад жил ажиллах шаардлага байгаа. Учир нь энд тэтгэврийн нас их өндөр. Монголд хүмүүсийг 60 хүрээгүй байхад л тэтгэвэрт гаргаж байна. Үнэхээр харамсалтай. Яг хийдэг, бүтээдэг, чаддаг, сурч мэдсэн туршлагатай насанд нь тэтгэвэрт гаргаж байна. Энд 68 наснаас өмнө тэтгэвэрт гарах боломжгүй.
Энэ улсад тодорхой мэргэжлийн мэргэжилтэн болтлоо хүн маш олон жил сурдаг. Ажиллаад, ажлын туршлага хуримтлуулсан хүмүүсээ удаан байлгах сонирхолтой. Энд надтай ажилладаг 75 хүртэлх насны хүмүүс байна. Тэтгэвэрт гаръя гэхэд л дахиад нэг, хоёр жил ажиллаач гэдэг. Яагаад гэвэл тэр их туршлагыг үнэлж байна шүү дээ. Тийм туршлагатай хүмүүс зөвхөн үндсэн ажлаа хийхээс гадна их, дээд сургууль, өөр бусад газрууд таны мэргэжлийн мэдлэг, туршлага манайд хэрэгтэй байна. Энэ чиглэлээрээ манайд ажиллаач. Бид танд гэрээ өгье гэдэг хүсэлт тавиад ирдэг.
Хоёрдугаарт, би хоёр хүүтэй. Бага хүү энд байдаг. Манай хүү эмийн мэргэжилтэн. Жаахан байхдаа энд ирсэн. Том хүү маань мөн адил Англид өссөн. Монгол буцсан. Одоогоор Монгол буцъя гэсэн төлөвлөгөө байхгүй. Нутгаа саналгүй яах вэ. Жилдээ хоёр удаа очдог.
Би Монголдоо нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургууль, Багшийн дээд сургуулийн орос хэлний ангийг төгссөн. Төгсөөд сургуульдаа дөрвөн жил багшилсан. Дараа нь тухайн үеийн Шинжлэх ухаан технологийн улсын хороонд орос хэлний мэргэжилтнээр ажилласан. Их дээд сургуулиудад орос хэлийг заах хөтөлбөрийг боловсруулдаг ажил хийж байлаа. Тухайн үед хүүхдүүд орос хэл биш англи хэлийг үзэж эхлэх сонирхолтой байна гээд 2500 орос хэлний багш нар ажилгүй болох эрсдэл гарч байв. Тэр үед нь судалгаа хийж эдгээр багш нарыг хэрхэн яаж англи хэлний багшаар бэлтгэх вэ гэдэг саналыг Засгийн газарт тавьж төсөв батлуулаад багш бэлтгэх гурван жилийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг хариуцан хийж байв.
Та энд нийгмийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байхдаа хамгийн их сорилттой байсан, бахархах том төсөл нь юу байсан бэ?
Хэцүү, сорилт давсан ажил бол хамгийн анх зөвлөх эмчийнхээ ажлыг аваад, би эмч хүн биш. Ихэнх надтай ажилладаг хүмүүс эмч. Тэр эмч нартай ажиллаж байхад би тухайн өвчнийг ойлгохын тулд илүү цаг зарж, илүү унших хэрэгтэй. Тэр нь Англи хэл дээр. Энэ бүх хүн Англи хэлтэй. Энэ үед л нэлээн бэрхшээлтэй байсан.
Миний хувьд энэ улсын бодлогыг ойлгох нь анх чухал байсан. Олон улсын чиглэл, хөгжингүй барууны орнуудын нийгмийн эрүүл мэндийн бодлого чиглэл хаашаа явж байна. Тэр нь Англи улсад хэрхэн нөлөөлөх. Бодлого чиглэл гэхээр 20-30 жилийн алсын харааг ярьж байна. Тэр бодлого чиглэл өнөөдөр Англи улсад хэрхэн нөлөөлөх вэ, Англи улсын бодлого чиглэл миний ажиллаж байгаа мужийн хүн амд яаж нөлөөлөх вэ гэдгийг ойлгож, өөрсдөдөө уялдуулж, хэрэгжүүлэх асуудалд нэлээн хугацаа зарж, уншиж ойлгож, учрыг нь олж байсан. Үүнд би доод тал нь 2-3 жил зарцуулсан. Энэ үед нэлээн сорилт болж, миний мэдлэг чадварыг шалгасан ажил байсан.
Бахархах зүйл юу гэхээр би их олон зүйл хийдэг. Би эмч биш. Нийгмийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байгаа хүмүүсийг харахад 80 хувь нь эмч хүмүүс байдаг. Миний ажилладаг зүүн эрэгт 180 орчим зөвлөх эмч ажилладаг. Би тэр хүмүүсийн боловсролыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн даргаар таван жил орчим ажилласан. Үүнд би өөрөөрөө бахархаж байсан. Хаа байсан Монголоос ирээд, Англи хэл бол миний гурав дахь хэл. Тийм нөхцөлд 180 хүний мэргэжил дээшлүүлэх салбарыг тэргүүлээд, сургалтын хөтөлбөрийг нь боловсруулаад, тэр хүмүүст сургалт явуулаад явж байгаадаа өөрөөрөө бахархаж байсан.
Учир нь манай Монголчууд маш чадалтай. Бид нэг ажил хийнэ гэсэн бол цаг зав бүх зүйлээ зориулдаг. Ар гэрээ орхиод ч хамаагүй ард нь гардаг. Үр дүн сайтай ажиллаж чаддаг.
Энэ үеийг өөрөөрөө бахархууштай, өөрийгөө овоо шүү гэж бодсон үе гэж хэлж болно.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.