Тайвань, БНХАУ, АНУ харилцаа хурцадсан энэ үед зах зээл, олон улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэх, бид юунд бэлэн байх ёстой талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Ц.Амартай ярилцлаа.
Ярилцлагаа олон улсын нөхцөл байдлаас эхэлье. АНУ, БНХАУ-ын харилцаа хурцадснаас болж олон улсын зах зээлд өнөөдрийн байдлаар түүхий эд, зэсийн үнэ унаж байна. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна гэж та дүгнэж байна вэ?
Н.Пелосигийн айлчлалын дараагаас дэлхий эдийн засгийн суурь болсон хоёр орны харилцаа муудна гэдэг нь эдийн засагт том хямрал үүсэхэд нөлөөлж болзошгүй байна. Эдийн засагчид, геополитик судлаачид, олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагууд дэлхийн эдийн засаг улс төрийн тогтворгүй байдлаас болж гажих вий гэсэн эмээлттэй дүгнэлтүүдийг гаргаж байна.
ДЭЛХИЙ ДАЯАР ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ УЛАМ ДААМЖИРЧ БОЛЗОШГҮЙ
Эдийн засгийн хямрал түүхий эдийн зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ?
Төмрийн хүдэр, зэс зэрэг бүтээгдэхүүний үнийн уналт нь эдийн засгаа сэргээхээр маш их санхүүжилт гаргасан Засгийн газруудад эрсдэл дагуулж, хурцадмал байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, худалдан авалтад нь нөлөөлөх эрсдэл бий болсон. Одоогоор зэсийн үнэ унаж байгаа хэдий ч аж үйлдвэр сэргээд ирвэл буцаад хэвэндээ орох магадлалтай. Хятадын “0 ковид бодлого” -ын хаалттай үед БНХАУ- ын эдийн засаг хасах өсөлттэй буюу өсөлтгүй гарлаа. Энэ онд 5,5 хувиар өснө гэсэн хүлээлттэй байгаа уг нь. Төлөвлөгөөндөө хүрэхийн тулд Хятад улс эдийн засгаа сэргээх бодлого гарган ирэх нь ойлгомжтой. “0 ковидын бодлого” хэдий хүртэл үргэлжлэх вэ гэдэг нь бидэнд маш чухал. Магадгүй арваннэгдүгээр сард болох Хятадын томоохон хурлын дараа өндөрлөж магадгүй. Үүний дараа тэдний зүгээс эдийн засгаа сэргээх гэсэн хөрөнгө оруулалтууд эрчимтэй нэмэгдэнэ.
АНУ, БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ХЭЛЭЛЦЭЭРҮҮД ҮР ДҮНТЭЙ БАЙСАН
Трамп ерөнхийлөгчийн үед Хятад, АНУ-ын “худалдааны дайн” хурцдаж байсан. Жо Байден гарч ирээд харьцангуй намжсан ч эргээд хүйтрэх шинжтэй боллоо. Энэ талаар?
АНУ, БНХАУ-ын хоорондын “Худалдааны дайн” хэлэлцээрт хүрэх, хэлэлцээрийн хүрээнд үр дүнтэй хэлэлцээрүүд хийж байсан. Гэвч “Ковид”-ын үед нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдан, түүнээс болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эхэлсэн. Үнэ нэмэгдэж байгаа үед тарифын хориг орж ирнэ гэдэг нь ард иргэдэд нь хүндээр туссан. Тарифын хоригийг бууруулах байр сууриасаа Хятад улстай хэлэлцээрийн ширээнд сууж эхэлсэн. Хэрвээ одоо байгаа нөхцөл байдал хурцадвал хоёр орны харилцаа нэлээн хүйтэрч магадгүй.
Хятад улс хоёр улирал дамжин, 0 ковидтой байлаа. Энэ нь хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Эхний хагаст хасах өсөлт рүү орох шахсан. Тэгсэн хэдий ч үйлдвэрүүд ажиллаж, экспорт гардгаараа гарч байгаа. “Ковид”-ын дараах эдийн засгийн сэргэлт илүү хурдан байж, богино хугацаанд өснө. Худалдан авалт нэмэгдэнэ. АНУ нь “Энэтхэг, Номхон далайн түнш” гэсэн бодлогыг гаргаж ирсэн. Энэ бодлогын хүрээнд Трампын засаг захиргааны үед холбоотнуудтайгаа сайн хамтарч ажиллаж байгаагүй. Харин одоо энэ харилцаа өргөжин, тэлж байна. Энэ холбоо нь Хятадын өсөн дэвжиж байгаа эдийн засгийг холбоотнуудтайгаа нэгдэн сөрөн зогсох гэсэн стратеги байгаа юм.
Манай улсад Хятадын “0 ковид” бодлого хэрхэн нөлөөлж байна вэ? Бид эдийн засгийн хувьд юунд бэлэн байх хэрэгтэй вэ?
“0 ковид хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Гэвч олон улсын геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед улс орнууд стратегийн нөөцөө бүрдүүлдэг журамтай. Стратегийн нөөцөд шатахуун, эрчим хүчний нөөц, байгалийн хий, газрын тос, хүнс зэрэг орно. ОХУ, Украйнтай холбоотой Ойрх Дорно, Төв Азийн орнууд хүнсний асуудалд орж эхэлж байна. Үүнээс үүдэн инфляцын суурь нөлөөлөл хүнс нэлээд байр суурийг эзэлж байна.
АЛТНЫ ОЛБОРЛОЛТОО НЭМЭГДҮҮЛЖ, ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Эдийн засгийн гадаад хүчин зүйл манай улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж эхэллээ. Эдийн засаг савлагаатай энэ үед төрөөс бодлогоор юунд анхаарах шаардлагатай вэ?
Манай орны хувьд хүнсний дотоодын нөөцөө бүрэн хангах хэмжээнд хүрэх ёстой. Дотоодын баримтлах бодлого дээр санал дээшлүүлбэл хамгийн түрүүнд хүнсний нөөцийн агуулахуудыг сайн барих хэрэгтэй. Хүнс дөрвөн улиралд нэг түвшний үнэтэй байх нь зохистой. Хэрэв тэгж чадвал өрхийн орлого хуримтлуулах боломжийг өсгөнө. Тэгвэл бид инфляцтай тодорхой хэмжээнд тэмцэх арга бий болно гэж хэлж болно.
Энэ цаг үед алтны экспорт чухал. Хөрөнгө оруулагчдын хувьд улс төр тогтворгүй байгаа нөхцөлд алт өөрөө аюулгүй байдлын хөрөнгө оруулалт болдог. Тиймээс манай улсын зүгээс алтны экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ шаардлага гадаад валютын нөөцөө бүрдүүлж, эдийн засгийн аюулгүй байдлын суурийг бэхжүүлж өгнө гэсэн үг. Манай улс шатахууны хувьд хараат байдалтай. Одоо байгаа шатахууны үйлдвэрлэлийг хурдан ашиглалтад оруулах, бусад нөөцийн савуудыг бий болгох гэсэн алхмуудыг хийх нь үр дүнтэй.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛ АЛТ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТЭД ТӨВЛӨРЧ БАЙНА
Хямд эрчим хүчтэй газар аж үйлдвэр сэргэхэд таатай байдаг. Тиймээс маш хурдан санхүүжилтийг нь шийдээд өгчихвөл энэ төслүүд манай улсын эдийн засгийг асар хурдан сэргээнэ. Хөрөнгө оруулалтын хувьд алт, газрын ховор элемент дээр илүүтэй хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хоёр луу чиглэсэн уул уурхайн чиглэлийн хөрөнгө оруулалтууд явагдаж байна.
Ярилцсанд баярлалаа.