Бид нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг онцолж ярилцлаа. Эрүүл мэндийн тогтолцооны асуудлаас үүдэн ээжийгээ алдаж байсан оюутан хүү өнөөдөр ХСҮТ-ийн ерөнхий захиралаар ажиллаж, өөрийн мэдэрсэн хүнд хэцүү зүйлээ бусдад үзүүлэхгүйн тулд тогтолцооны асуудалд сайн өөрчлөлт авчрахаар зорьж байна. Түүнтэй бид энэ асуудлаас гадна эмч хүний эрхэм үүргийн талаар ч ярилцсан юм.
-Урилга хүлээн авсан танд баярлалаа. Өнгөрсөн жил тантай уулзаж байхад ХСҮТ-ийн тогтолцоог өөрчлөх талаар ярьж байсан. Гурван жилийн хугацаанд ямар өөрчлөлт хийв ээ?
-2019 оноос энэ ажилдаа орсон. Анх ажилд орохдоо ажилтнуудынхаа өмнө нэг зүйлийг хэлж байсан юм. “ХСҮТ-өөс гарахдаа би хийсэн зүйлтэй, нүүр бардам инээгээд, хүндлэл хүлээгээд гараад явах юм сан” гэж. Түүнийхээ төлөө ажиллаж байна. Тэр нь юу гэхээр өөрийнхөө төлөө биш, хүмүүсийн төлөө. Үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хамт олныхоо төлөө. Түүний гол зорилго бол аюулгүй, чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх явдал. Дээр нь санхүүгийн дарамт, элдэв авлигал болон хүндрэлгүй болгохыг зорьж байна. Намайг ажлаа авч байхад авлигалын асуудал их байсан. Хоёрдугаарт ажилтнуудын цалин, нийгмийн хамгааллыг дээшлүүлнэ гэж зорьсон. Хийж чаддаг хүн нь цалингаа авдаг. Хийж чадсаныхаа хэрээр урамшууллаа авдаг тийм тогтолцоо руу орно гэж хэлсэн. Яг үүний төлөө ажиллаж байна. Тодорхой амжилтад хүрч байна.
БИ ТОГТОЛЦООНЫ АСУУДЛААС ҮҮДЭН ЭЭЖИЙГЭЭ АЛДСАН
-Бага ч гэсэн сайн өөрчлөлт авчирч байгаад баярлалаа. Та сая хэллээ бусдын төлөө ажиллана гэж. Үүний шалтгааныг тайлбарлаач?
-Эрүүл мэндийн салбарт ажиллаад 30 гаруй жил боллоо. Анх СЭМҮТ-д асрагчаар ажиллаж байсан юм. Тэгээд л АҮШУИС-д орсон. Би эмч болно гэж боддоггүй байсан. Мэдээ ч үгүй. Цаанаасаа нэг ийм дуудлагатай. “Багш аа би Анагаахын хуваарь авчихлаа” гээд ороод ирсэн. Багш нар гайхаад, “Чи чинь физик, математикаар явахгүй байсан юм уу” гээд л. “Үгүй ээ би үүнийг яагаад ч юм сонгочихлоо” гээд сонгочихсон. Тэгээд л эмч болсон. Сайн эмч болно гэж өөртөө тангарагласан үе нь бол миний ээжтэй холбоотой. Миний ээж намайг дөнгөж Анагаахад ороод 1-2 сар болоход нас барсан юм. Гуравдугаар эмнэлэгт мухар олгойн хагалгаанд ороод шарх анихгүй байсаар байгаад нас барсан. Тэр үед би юм мэддэггүй байсан учраас, гэр хороололд шарх нь ангархай байхад гаргачихсан. Эдгэхгүй болохоор нь би цэвэрлэдэг. Яагаад эдгээгүй талаар бодоод байхад, эмнэлгийн дотоод халдвар, шарх л байсан юм билээ. Одоо байсан бол би өөлөөд, тийм зүйлээр нас барахгүй байсан. Тэр үед эрүүл мэндийн тогтолцоо тийм л байсан. Тийм ч учраас үүнийг бид заавал өөрчлөх ёстой гээд өөртөө тангараг өргөсөн. Ээж шигээ олон хүнд туслах ёстой гэсэн тийм бодол байдаг.
“ЭМЧ ХҮН МАШИН БОЛЖ БОЛОХГҮЙ”
-Бусдын төлөө ажиллана гэсэн бодол тээх шалтгаан нь таны ээж байжээ. Тухайн үед амаргүй даваа байсан байх?
-Хүнд байсан. Эрчимтийн өрөөнд ээжтэйгээ салах ёс гүйцэтгэх зэрэг тэр олон зүйл хүнд зураглал болоод үлддэг. Яг үүгээр би эмнэлэгт байгаа хүмүүсийг хардаг. Тийм ч учраас эмч ажилтнууддаа юу гэж хэлдэг гэхээр, “Хүний зовлонд цадаж болохгүй шүү” гэдэг. Бид өдөр бүр зовлон хардаг. Тэр маань энгийн юм шиг болох вий гэхээс айдаг. Бид машин болж болохгүй.
-Хорт хавдраараа тэргүүлдэг гээд л яриад байдаг. Одоо бүр чихний хажуугаар урсдаг, байх ёстой зүйл шиг болжээ. Яагаад ийм байдалд хүрчхэв ээ?
-Бид дэлхий дээр өвчлөлөөрөө нэг их айхтар тэргүүлээгүй ч гэсэн өвчилсөн хүмүүсээ нас баруулаад байгаа юм. Нас баралт, олон хавдраараа дэлхийд нэгдүгээрт байна. Энэ бол харамсалтай зүйл. Хавдар үргэлж байгаад байгаа учраас засгийн газар, удирдлагын түвшинд хавдраар хүн өвчилж л байдаг юм шиг бодож эхэлж байна. Тийм байх ёсгүй. Өвчлөл 75 буурах боломж бий. Харамсалтай нь бид үүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Шинжлэх ухаанаас хоцорч болохгүй. Тогтолцоо байх ёстой байтал байхгүй. Дэлхийн жишгээр хавдрын хяналтын тогтолцоо сүлжээг нь бий болгоё гээд хичээгээд ажиллаж байна. Одоогоор тийм сайн үр дүнд хүрэхгүй явж байна. Яагаад гэвэл үүнд маш сайн дэмжлэг хэрэгтэй.
ЭМЧ ХҮН ЗУРГААН ДАЛАВЧАА АШИГЛАХ ЁСТОЙ
-Дэмжлэг гэснээс эмч нарын цалин урамшууллыг хэрхэн нэмсэн бэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Энэ хугацаанд ХСҮТ ажилтнуудынхаа цалинг үе шаттайгаар нэмсэн. Өнөөдөр гэхэд бид хагас жилийн урамшуулал өглөө. Хэзээ нэг эмч 16 сая төгрөгийн урамшуулал авч байсан юм. Хэзээ сувилагч зургаан сая төгрөгийн урамшуулал авч байсан юм. Ийм зүйл байгаагүй. Одоо энэ тогтолцоог бий болгож байгаа юм. Нэгэн зарчим бий. Анагаахыг хүн төгсөхдөө зургаан төрлийн далавчтай төгсдөг. Эмч буюу мэргэжлийн гэдэг нэгдүгээрт. Хүнтэй хамран ажиллагч, сэтгэл судлаач, нийгмийн эрүүл мэндийг өмгөөлөн хамгаалагч гэх мэт. Бид ганцхан эмч гэдэг далавчаа л яриад байдаг. Цалин орлогыг нь нэмснээр урт хугацаандаа манай эмч мэргэжилтнүүд зургаан далавчаа нээнэ гэж итгэж байна.
ХЭН Ч АЛДАХ ЭРХТЭЙ ЭМЧ ХҮН БАГА Л АЛДАХ ЁСТОЙ
-Уг нь ямар ч хүн алдах эрхтэй л дээ. Гэхдээ эмч хүнд алдах эрх бий юу?
-Хэн ч алдах эрхтэй л дээ. Гэхдээ эмч хүн аль болох бага л алдах хэрэгтэй. Алдсаны үр дүнд хүний амьдрал хохирдог. Би өнгөрсөн жил Турк явсан. Их сургууль болон хувийн эмнэлгүүдээр орсон юм. Их сургуулийн хоёр эмнэлгээр ороход сургалтын төвтэй. Тэр эмнэлгийн сургалтын төв нь манай улсын эмнэлгийн мэс заслын өрөөнөөс гоё. Элэг тайрах, бүдүүн гэдэсний хагалгаанд орохын өмнө хиймэл орчинд олон удаа хийсэн байх ёстой. Тэнд хөргөгч нь дүүрэн гахай, хүний эрхтэн, хиймэл эрхтэн байгаа. Гэтэл манай улсад тийм зүйл байхгүй шүү дээ. Яаж байна гэхээр шинэ төгссөн эмч, эмчээ дагаад л хүний бие дээр шууд орж байгаа юм. Надад их харамсал төрсөн. Тийм ч учраас Хавдар2 шинэ төвийг байгуулахдаа, сувлихуйн болон мэргэжлийн төвтэй эмнэлэг хажуудаа хийе, эмч нь дадлагаа хийгээд шалгалтаа өгсний дараа хүн рүү гээ ордог энэ системийг бий болгох ёстой. Манай эмч нар хөөрхий бор зүрхээрээ яваа юм. Үүнийг ажлаа өгөхдөө эхлүүлсэн, хийсэн, чадвал үр дүнд хүрсэн байх байх гэж бодож байна.
-Баярлалаа танд өөр хэлж яримаар байгаа зүйл бий юу?
-Ричард хаан хэлсэн байдаг юм. “Өөрийг чинь үзэн ядаж байгаа ч ард түмнийхээ төлөө тулалдах эр зоригтой бай” гэж. Түүн шиг би ч гэсэн өөрийнхөө байгаа байгууллага дээрээ шинэчлэл хийнэ гэж бодож байгаа даа.