Аялал жуулчлалын салбар хөгжих, жуулчдын тоог нэмэхэд дотоодын агаарын тээврийн компаниудын баримталж байгаа бодлого, билетийн үнэ чухал нөлөөтэй байдаг. МИАТ компанийн билетийн үнэ олон улсын жишиг үнээс 25 хувиар өндөр байна гэсэн судалгаа бий. “БИЗНЕС ӨРӨГ” нэвтрүүлэг энэ удаа Ковидыг олон тэрбумын алдагдалтай давж гарсан “МИАТ ТӨХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг урьж ярилцлаа.
Зочин хөтлөгч:
- ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан
- Аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч С.Амгаланбат
“Ковид”-ын үед хамгийн их өртсөн салбар бол агаарын тээврийн салбар. Алдагдлаа нөхөх, өр төлбөрөө барагдуулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
МИАТ гэлтгүй агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ихэнх бизнес ковидын хоёр жилийн хугацаанд маш хүнд цаг үеийг туулж өнгөрлөө. Бид 2020, 2021 онд дарааллаад алдагдалтай ажилласан. 2019 онд 35 тэрбумын ашигтай ажилласан компани 2020 онд 52 тэрбумын алдагдалтай, 2021 онд жилийн эцсийн үлдэгдлээрээ 11 тэрбумын алдагдалтай гарсан. Намайг ажил авч байх үед хүлээгдэж байгаа гүйцэтгэл мөн 52 дээр алдагдалтай байхаар байсан. Тухайн үед маш их ачаалал, дарамт тулсан. Арай ч давж гараагүй л байна.
Ачаа тээвэр, карго нислэг эхлүүлсэн. Энэ үйлчилгээгээ зөвхөн Монгол руу гэхгүй, олон улсын чиглэлээр нэмэх боломжтой юу?
Дэлхий даяар ковидын нөхцөл байдалтай, улсууд хилээ хаасантай холбогдуулан ачаа тээврийн хэрэгцээ өндөр байсан. Үүнтэй холбоотойгоор манайх онгоцнуудынхаа зорчигчийн суудлуудыг аваад, нийт дөрвөн онгоцонд карго зөвшөөрлийн хүсэлт явуулж, каргогоор нисгэж эхэлсэн. Үүнийг бүдүүлгээр хэлвэл монголчлох аргачлал. Бид зориулалтын контейнер байхгүй, суудлаа авсан зайндаа хүний аргаар ачигчдаа оруулаад, таарсан хэмжээнд нь ачаагаа бэлдээд л, оруулаад, баглаад явж байсан. Энэ ачаа тээврийн дийлэнх нь БНХАУ-аас Европын чиглэлүүд рүү Гуанжу-Парис, Гуанжу-Франкфурт, Казахстан зэрэг чиглэлүүд рүү нэлээн их ачаа зөөсөн. Агаарын тээврийн ачаа тээвэрт транзит карго дээр.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанаас бид ямар туршлагатай болсон гэхээр МИАТ компани ачаа тээврийг зорчигч тээврээс нь салгаад, дангаар нь хийх боломжтой юм байна. Цаашдаа онгоцны ачаа тээврийн үйлчилгээг авч хэрэгжүүлж явъя гэдэг өөрчлөлт орууллаа. Эхний ачаа тээврийн зориулалттай онгоцыг хүлээж авахад бэлэн болсон байна. Бид гэрээгээ хийчихсэн. Энэ сард манай онгоц ирэх байх.
ЗАРДЛУУДАА ХЭМНЭЖ, ОРЛОГОО НЭМЖ ЧАДВАЛ БИЛЕТИЙН ҮНЭ БУУРНА
Өнгөрсөн сард Засгийн газрын нөөц сангаас МИАТ компанийн Франкфурт чиглэлийн нислэгт зориулж 4.7 тэрбум төгрөг татаас өгсөн. Энэ мөнгөөр яг юу хийх вэ? Франкфуртын билетийн үнэ буух уу?
Билетийн үнэ бууруулах асуудлыг бүр ул сууриар нь ярих нь зүйтэй. Манайд билетийн үнэ өндөр байдаг нь үнэн. Үнийг буулгахад хамгийн гол нөлөөлөлх зүйл нь зардал бууруулах шаардлага байгаа. Бид эхний ээлжинд зардал бууруулах үйл ажиллагааг үе шаттайгаар, эрчимтэй хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн жилийн байдлаар, ковидын үед МИАТ компанийн мөнгөн урсгалын алдагдал сардаа 2-3 тэрбум төгрөг байсан. Үйлдвэрлэлийн болон аж ахуйн зардал хэмнэх зэрэг 58 төрлийн ажил хэрэгжүүлсэн. Төрийн хэмнэлтийн хууль гарах үед бид бэлэн байсан. Машин тэрэг, ус ундааны хэрэглээгээ бүгдийг нь зогсоосон. Үйлдвэрлэлийн хувьд дугуйны нөхөөсийг үйлдвэрлэгчээс заасан зөвлөмжийн дагуу зургаан удаа ретрет хийх ёстой гэдгийг бид дөрвөөр хийдэг байсан бол зургаагаар нь явна. Энэ нь сарын 70 орчим мянган доллар хэмнэх жишээтэй. Ингэснээр бид сарын мөнгөн урсгалын алдагдал буюу хоёр орчим тэрбум төгрөгийг байхгүй болгож, эргээд ашигтай гарч байгаа. Өнгөрсөн хугацаанд МИАТ компани зардал хэмнэснээр өвлийн улиралд бид анх удаа нэмэхтэй гарсан. Энэ нь бидний хувьд том үзүүлэлт. Бид зардал мөнгөө бууруулж байж энэ билетийн үнийг үе шаттайгаар бууруулах ажил хийнэ. Билетийн үнийг бууруулна гэдэг нь бид өсгөөд байгаа гэсэн үг биш. МИАТ компанийн үндсэн үйл ажиллагааны бүх төлбөр гадаад валютаар явагддаг. Бид дандаа гадны орнууд руу нисэж байгаа. Навигацийн төлбөр, эйрпортуудын төлбөр, хөөрөх буух төлбөр, гаднаас авч байгаа шатахуунууд бүгд доллараар хэмжигддэг. Зөвхөн манайх гэлтүй Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад агаарын тээврүүд бүгд билетийн тарифаа доллараар тогтоодог. Долларын үнэ ханшийн зөрүүгээр өсөөд байгаа нь Монгол зорчигдоос авч байгаа төгрөгийн хэмжээ өснө. 2011 оноос хойш МИАТ компани тарифт өөрчлөлт оруулаагүй. Нэмэгдүүлээгүй.
Компанийн нийт зардлын 30 хувийг эзэлдэг шатахууны зардлыг бууруулах арга хэмжээ авсан. Дундын зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчтэй шууд харилцахаар болсон. Онгоцынхоо түрээсийг тодорхой хэмжээнд бууруулчихлаа. Хоёр онгоцны сар бүр тогтмол гардаг 300 мянга орчим доллар хэмнэж байна. Засгийн газраас олгосон татаасын хувьд жуулчны улиралд Франкфуртын чиглэлийн нислэгийн тоог нэмэх зорилготойгоор олгосон. Одоо Франкфурт руу долоо хоногт таван удаа нисэж байна.
Агаарын тээврийн салбарт төр МИАТ- аа хамгаалсан бодлого хэрэгжүүлдэг. МИАТ төрийн “нөөлөгт” эрхэлж ажилладаг гэсэн яриа бий. Олон улсын олон авиа компаниуд орж ирвэл та бүхэн өрсөлдөөнд бэлэн үү?
Бид өрсөлдөөнд бэлэн. Энэ салбарт өрсөлдөөн бий болж байж хэрэглэгч хожно. Бид энэ ширүүн өрсөлдөөнд аюулгүй ажиллагаа, билетийн үнэ, үйлчилгээ гээд гурван гол зүйл дээр фокуслаж ажиллаж амжилттай өрсөлдөнө.
Аюулгүй ажиллагаа маш чухал. Үүн дээр хэмнэнэ гэж байхгүй. Олон улсын стандартаа мөрдөөд явна. Үйлчилгээний хувьд бидэнд сайжруулах зүйл олон байгаа. Тикет захиалах хялбар байдал, ажилтнуудын харилцаа хандлага, хоол гээд. Хэрэглэгчдийн эргэлтийг нэмэгдүүлэхэд хүртэл жижиг гэлтгүй бүтээгдэхүүн үйлчилгээ нэмж ажиллаж байна. Жишээ нь бид өнгөрсөн гуравдугаар сард Cash & Miles үйлчилгээ нэвтрүүлсэн. Энэ үйлчилгээ өмнө нь МИАТ компанид байсан. Mile оноо цуглуулдаг лояалти программ. Манайхаар ниссэн үйлчлүүлэгч оноогоо цуглуулсаар тодорхой хэмжээнд хүрэхэд нь нэг чиглэлд үнэгүй билет авдаг систем ажиллаж байсан. Түүнийг шинэчлээд жишээлбэл, Номинд бид худалдан авалт хийх бүртээ карт уншуулаад оноо цуглуулдаг. Дараагийн худалдан авалт дээрээ оноогоо хасуулаад, үнийн дүнгээсээ хасуулдаг. Бид тэр хэлбэр лүү шилжсэн. Мөн Store pay-ээр билетийн үнээ хувааж төлдөг болж байна.
МИАТ КОМПАНИ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУСГАЙ ТАРИФ ГАРГАСАН
Аялал жуулчлалын салбар хөгжихөд МИАТ-ийн билетийн үнэ “тушаа” болдог гэж ярьдаг. Ер нь аялал жуулчлалын салбарынхантайгаа та бүхэн хоорондоо хэр уялдаатай ажилладаг вэ? Жуулчин татах хамтарсан томоохон ажлууд хэрэгжүүлээд, түүнд нь тохирсон үнийн уян хатан нөхцөл гаргах боломж байдаг уу?
Энэ тал дээр би үгүйсгэхгүй. Агаарийн тээврийн үнэ өндөр байвал жуулчид ирэх нь бага байна. Гэхдээ жуулчид их байвал агаарын тээврийн үнэ хямдарна. Бид энэ асуудал дээр маргаад суулгүй хамтрах ёстой л гэж үзэж байна. Манай компании нээлттэй байх зарчим баримталж байгаа. Үүний дагуу МИАТ компани аялал жуулчлалын тусгай үнийн тариф гаргасан. Үүнийг нийт аялал жуулчлалын холбоогоор дамжуулаад аялал жуулчлалын тур, оператор компаниуддаа хүргэсэн. Олон нийтэд бас нээлттэй зарласан. 10 буюу түүнээс дээш хүнтэй групп жуулчид шууд ирээд хямдруулаад авах боломжтой. Заавар зуучлалын компани шаардлагагүй.
Өмнө нь групп үнийн тариф байсан. Гэхдээ ийм онцгой тариф байгаагүй. Жишээлбэл, манай групп үнийн тарифаар 10 хүн Сөүл рүү ирж очиход 502 мянган вон болно. Энэ нь Монгол мөнгөөр 1,2 сая төгрөг. Асар хямдхан үнэ. Франкфуртын нислэгийн бид тусгай нислэгээр 800 еврогоор гаргасан. 2,4 сая төгрөг. Энэ бас хямд үнэ. Энэ үнийн тарифыг ашиглаад явах асуудлыг аялал жуулчлалынхан авч ашиглаж байгаа. Агаарын тээвэрлэгчийн хувьд бид маш их өндөр маржинтай байдаггүй. Агаарын тээвэрлэгчдийн ашиг хамгийн ихдээ таван хувь л байдаг. Дэлхий даяар л энэ зарчмаар ажилладаг. Энэ салбарт эргэлддэг мөнгө нь их учраас эргэлтээ их байлгах тал дээр л анхаардаг гэсэн үг.
Таван хувь байдаг гэхээр бид нэг нислэгт гаргаж байгаа үнийн дүнгээс ихдээ л таван хувийн ашиг олдог. Манай ихэнх нислэг алдагдалтай гардаг. Алдагдалтай гарахад улирлын чанар нөлөөлнө. Өнөөдөр бид таван онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Зуны улиралд Монголын цаг агаараас үүдэн зун урин дулаан үед л жуулчид их ирдэг. Энэ жуулчдыг дэмжих зорилгоор таван онгоц аваад тавьчихдаг. Өвөл нь онгоц хийх ажилгүй, хоосон зогсоод байдаг. Тэгэхээр алдагдалтай гараад эхэлнэ. Үүний балансыг зохицуулж тааруулах хэрэгтэй.
ЗӨВХӨН НИСЛЭГ ГЭХГҮЙГЭЭР БИД НЭМЭЛТ ОРЛОГО ОЛОХ БҮХ БОЛОМЖИЙГ АШИГЛАЖ БАЙНА
Компанийн зардлыг бууруулахад анхаарч ажиллаж байгаа ч зөв. Нөгөө талдаа нэмэлт орлого олох, бизнесээ өргөжүүлэхийн тулд юу хийж байна вэ?
Би гурван төрлийн зүйлд маш их фокуслаж ажиллая гэж бодож байна. Нэгдүгээрт, аюулгүй ажиллагаа зайлшгүй. Хоёрдугаарт нь, тизний үнэ. Гуравдугаарт, үйлчилгээ. Ингэж байж бид өрсөлдөөнд бэлэн байх ёстой. Нэмэлт орлого олох нэлээн олон төрлийн ажлууд, карго нислэг хийж байна. Цаашлаад үйл ажиллагаа амжилттай явбал магадгүй ирэх жилүүдэд дараа дараагийн карго онгоцуудыг оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Зургаан онгоцтой болж байгаа гэсэн үг үү?
Тийм одоо зургаан онгоцтой болно гэсэн үг. Энэ карго бизнес модель шинээр нэмэгдэж орж ирж байгаа хэсэг. Магадгүй энэ хөгжөөд ирвэл тусдаа компани байх ёстой юм болов уу гэдэг бодол байна. Бид хаана ямар терминал дээр каргог ямар систем ашиглаж хийх вэ. Онгоцны нислэгийн чиглэлүүд рүү нетворк дээрээ яаж хаб болгож, Монгол улсыг хаб болгох уу, цаашлаад транзит каргог хөгжүүлэхэд бидний бас нэг давуу орлого болно. Энэ каргоноос олж байгаа орлогоосоо бид зорчигчийн үнэ хямдруулах боломжтой юм байна гэж би харж байна. Хоёрдугаарт, зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээс гадна МИАТ компанийн бас нэг үйлчилгээ нь агаарын хөлгийн засвар үйлчилгээ, газрын үйлчилгээ гэж бийэ. Бид Монгол улс руу нислэг үйлдэж байгаа дотоодын болон гадаадын агаарын тээвэрлэгчдээ засварын, газрын үйлчилгээ үзүүлж байна. Энэ бизнесээ бид улам хөгжүүлэх хэрэгтэй. Олон улсад гаргая гэж зорьж байна. Дунд буюу урт хугацаандаа МИАТ-ийн газрын үйлчилгээ олон улсад үйлчилгээ үзүүлдэг франчайз болмоор байна.
Газрын үйлчилгээ гэж юу вэ? Засвар үйлчилгээнээс тусдаа юу?
Тусдаа. Ground handling буюу онгоц газардсан үед хийдэг үйлчилгээг хэлж байгаа юм. Энэ нь юу гэхээр онгоц буугаад ирэхэд бид зорчигчийн ачаа тээшийг тусгай тоног төхөөрөмжөөр зөөгөөд манай ачигч нарт нэрмээн дээр нь тавьж байршуулдаг. Манай ямар давуу тал байна вэ гэхээр МИАТ компани 65 жилийн түүхтэй, олон улсын агаарын тээврийн холбооны гишүүн. ISO буюу олон улсын агаарын тээврийн холбооны аудитоор аудитлагдсан. Хоёр жилд нэг удаа аудитоо шинэчлэдэг. Үүнээс гадна газрын үйлчилгээнд ISO буюу зөвхөн газрын үйлчилгээ үзүүлдэг компаниудад зориулсан олон улсын аудит байдаг. Энэ аудитыг бид өнгөрсөн дөрөвдүгээр сард хийлгэлээ. Аюулгүй ажиллагаанд тавьдаг стандартыг хэрэгжүүлдэг буюу ISO -ийн гэрчилгээтэй байгууллагаар үйлчилгээгээ авахыг хүсдэг.
ХУВИЙН ОНГОЦ БАЙВАЛ ЯМАР Ч НӨХЦӨЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛДОГ
Олон улсын ихэнх агаарын тээврийн компаниуд бүх онгоцоо түрээслэдэг. Гэтэл манай МИАТ шиг жижиг, дүү агаарын тээврийн компани онгоц худалдаж авлаа гэдэг шүүмжлэл явдаг. Онгоц худалдаж авахын давуу тал нь юу вэ. Түрээсээ олон хуваагаад төлж байсан нь бизнесийн хувьд ашигтай биш үү?
Та бүхэн харж байгаачлан Орос, Украины цэргийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор эйрфлот компани бүх нислэгээ зогсоолоо. Яагаад гэвэл эйрфлотын 500 орчим онгоц бүгд түрээсийнх. Түрээсийн онгоц авч ашиглана гэдэг нь тухайн онгоцыг шинэ дээр нь, залуу байх үед нь аваад, түрээсээр ашиглаж байгаад хугацаа нь дуусахаар буцаагаад өгдөг. Энэ нь аутсорсонг хийж байгаа аргачлал. Энэ аргачлал үүсээд, дэлхий нийтийн жишиг болчихсон. Манай компани нэг онгоц эзэмшиж байна. Энэ нь 2013 онд худалдаж авсан Боинго 767 300ER гэдэг онгоц.
Би онгоц худалдаж авахыг буруутгадаггүй. Бид аваад ашиглах нь зөв. Хамгийн гол нь тухайн үед авч байсан онгоц маань 767 маркын Боинго онгоц байгаа юм. Энэ нь үйлдвэрлэлийн хувьд төгсгөл хэсэг нь байсан. Энэ онгоцыг манайхаас хойш 10 гаруйг үйлдвэрлээд зогсоосон. Дахиж үйлдвэрлээгүй. 767 онгоцыг бид үйл ажиллагаандаа авч ашиглаж байгаа нь цаашдаа энэ онгоцны зах зээл дэх үнэ буурна. Яагаад гэвэл үүнийг дахиж үйлдвэрлэхээ больсон. Хэрэглээнээс гарч байна. Энэ онгоцыг аваад бид 10 жил болох гэж байна. Тухайн үеийн Засгийн газар, удирдлагууд гаргасан шийдвэрийг би энд буруутгаад суух утгагүй байх. Жаахан өөлөөд хэлэвэл арай өөр төрлийн онгоц байхгүй яг тэр 67 байсан нь жаахан тийм.
Бид дахиад шинээр онгоц худалдаж авах шаардлага гарвал, одоо яг ид үйлдвэрлэгдэж байгаа, ирээдүйд 20-30 орчим жил дахиад үйлдвэрлэл нь зогсхооргүй ашиглагдах онгоц авах хэрэгтэй. Ядаж л зах зээлийн үнэ нь унахгүй.
Магадгүй дараа нь түрээслэх боломжтой.
Эргээд бид зарахад хэрэгтэй.
Бас нэг сайн талыг нь харвад саяын ковидын нөхцөл байдлын үед эсвэл Орос, Украины асуудал шиг ийм асуудал гарсан үед өөрийн онгоцоо нисгэх боломжтой болно. Түрээсийн онгоцыг эзэмшигч нь явуулахгүй байх нь.
“МИАТ”-ЫН ИНЖЕНЕРҮҮД УР ЧАДВАРАА ЭКСПОРТОЛЖ БАЙНА
Одоо Солонгосын хоёр онгоцонд засвар үйлчилгээ хийж байгаа юм байна. Жилдээ хэчнээн онгоцонд засвар үйлчилгээ хийдэг вэ?
Тухайн жилээс шалтгаалан ойролцоогоор жилд 10 гаруй онгоцонд засвар, үйлчилгээ хийдэг. Хэр эрэлттэй байна гэдгээс хамаарна. Бид онгоцны үйлчилгээг авахдаа гаднын airline-уудтай тендерт оролцож авдаг. Үнийн саналаа өгнө. Үнээрээ өрсөлдөнө. Хэдий хугацаанд ямар үйлчилгээ хийх, манай инженер техникийн ажилтны сертификат нь ямар байх зэрэг бүх материалуудаа apply хийдэг. T way компанийн 737 маркийн онгоц манайд хүнд хэлбэрийн засвар яг одоо ороод дуусаж байна. Араас нь дараагийн 37 орох гээд хүлээж байна. Бид T way компанийн тендерт орж шалгараад, гэрээгээ байгуулаад, гэрээний хүрээнд энэ онгоцны засвар үйлчилгээг хийж байна.
Засвар үйлчилгээний ажилтнуудаа хаана бэлдэж байгаа вэ?
Бид ихэнх ажилчдаа агаарын хөлгийн засвар үйлчилгээ, инженер техникийн чиглэлээрээ Монголд болон гадаадад өөрсдийн зардлаар сурч төгссөн хүүхдүүдийг авч сургадаг. Тухайн 737 онгоцны typing гэрчилгээ авахад нь бид сургалтад нь явуулаад, гэрчилгээг нь авхуулаад, тэр хүн энэ онгоцны яг тухайн хөдөлгүүр дээр ажиллах эрхийг аваад, инженерийн зэргээ нэмэгдүүлдэг.
Ярилцлагын дэлгэрэнгүйг дээрх нэвтрүүлгээс үзнэ үү.