Гэр бүл төлөвлөлт, ханиа зөв сонгохын тухайд гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжилтай ярилцлаа.
Доктор Т.Намжил “Хуримлахаас өмнө их чухал асуудал байна. Яагаад би чамтай гэр бүл үүсгэх болов гэдгийг эхнэр, нөхөр болж байгаа хоёр хүн дор дороо бодох хэрэгтэй. Гэрлэсний дараа юу болох вэ? Үр хүүхэдтэй болно. Амьдралын асуудлыг төлөвлөх чухал. Давхар асуудал үүсдэг гэдгийг гэр бүл болох гэж байгаа залуучууд баярлахын зэрэгцээ бодох хэрэгтэй. Заяаны хань гэдэг насан туршдаа ханилах асуудал. Түр зуурын зөрөөд өнгөрөх асуудал биш” хэмээн ярьсан юм.
“ХАНЬ БОЛОХ ХҮНЭЭ УЙЛУУЛ, ДУУЛУУЛ, БАЯРЛУУЛ. ДАРАА НЬ СОНГО”
Янз бүрийн арга барилаар ханилах гэж буй хүнээ үзэж, турших хэрэгтэй. Цаг хугацаа шаардах ч найзалж, нөхөрлөж, хамт байж, хол байж үзэх хэрэгтэй тухай зөвлөсөн юм.
Тэрбээр “Манай өвгөдийн амьдралын туршлагаас 2-3 жил сайхан найзлаад, найзлах явцдаа туршчихдаг байсан. Тийм учраас ханилах хүнээ уурлуул, уйлуул, дуулуул, согтоо, юмаар дутаа, баярх. Янз бүрээр үз. Урвайх, унжийх асуудал гарах нь уу хар. Тэгж байж заяаны ханиа олж авна” гэж ярилаа.
Гэр бүл бүтээж, хань ижил сонгоход олон асуудал тулгардаг. Мэдлэг боловсрол, эд хөрөнгөний ялгаатай байдлын асуудал гэх мэт. Энэ бүх асуудлын шийдэл нь хоёр биеэ гэх сэтгэл, хамт байхад мэдрэгддэг мэдрэмж, хайр юм.
ЖИНХЭНЭ ХАЙР ЭРХ ТЭГШ, БИЕСЭЭ ХҮНДЭЛЖ, ХАРИЛЦААГ ЧУХАЛЧИЛДАГ
Амьдралын үндэс бол хайр. Хайр нь итгэлцэл дээр тулгуурлана. Итгэлцэл дээр тулгуурлаж, сэтгэл бий болдог. Олон янзын хайр бий. Дурлал хайрын хүрээнд 10 орчим төрлийн хайр байдаг. Түүнээс хамгийн чухал, жинхэнэ зөв хайр нь эрх тэгш, бие биеэ ойлгож, хүндэлдэг. Харилцааг чухалчилсан хайр юм.
ЗАЛУУЧУУДЫН ДУНД ХОЖУУ ГЭРЛЭЛТ ИХЭСЧ БАЙНА
“Сүүлийн үед залуучуудын дунд хожуу гэрлэлт их бий болсон. Үүний шалтгаан нь өөрийн гэсэн карьер, хөрөнгө, орон байртай болсныхоо дараа гэрлэнэ хэмээн хойшлуулсаар байдаг. 30 нас гараад гэрлэх нь хожуу гэрлэлтэд хамаардаг. Хүн хэдэн ч насандаа гэрлэж болно. Энэ бол хүний эрхийн асуудал. Гэхдээ хүнийн насанд хязгаар гэж бий. Хожуу гэрлэлтийн сөрөг тал нь орой хүүхэдтэй болно. Тиймээс олон хүүхэдтэй болох магадлал бага. Зарим тохиолдолд хүүхэдтэй болох боломжгүй болсон хойноо гэрлэх тохиолдол ч бий” хэмээн гэр бүл судлаач Т.Намжил ярилаа.
Үр хүүхэдтэйгээ сайхан, жаргаж амьдаръя гэвэл эртхэн гэрлэж, үр хүүхдээ өсгөж, бойжуулж, сайн сайхныг үзэх хэрэгтэй. Үхэхэд үр харам гэдэгчлэн бид хөгшрөөд, ямар нэг байдлаар хөдөлмөрийн чадвараа алдах, өвдөх зэрэг асуудал үүсэхэд үр хүүхдээс өөр ирэх хүн байхгүй. Үртэй хүн жаргалтай гэж тун үнэн үг билээ.
ЗАЛУУС ГЭРЛЭЛТИЙГ ХАРИУЦЛАГА ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
Монгол улсад 2020 оны байдлаар 14,252 хос гэрлэлтээ батлуулсан байна. Харамсалтай нь мөн энэ онд 3316 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Гэр бүл цуцлалтын тоог хамтран амьдарсан жилээр нь үзвэл,
- 10 ба түүнээс дээш жил амьдарсан 2142 гэр бүл,
- 7-9 жил хамт амьдарсан 467 гэр бүл,
- 4-6 жил хамт амьдарсан 373 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ.
Гэр бүл цуцлалтад нөлөөлдөг хүчин зүйлсэд гэр бүл төлөвлөлт ихээхэн байр суурь эзэлдэг. Гэр бүлээ зөв төлөвлөж, хань болох хүнээ таньж, мэдсэний дараа гэр бүл зохиох нь ирээдүйд гэр бүл салах, үр хөндөлт, хүүхэд өнчрөх зэрэг болзошгүй асуудлаас сэргийлдэг.
Залуус гэрлэлтийг жам ёсны хэрэгцээ, яваандаа болох л зүйл хэмээн хүлээн авдаг. Хэн нэгэнд дурлаж, хайрлаад, үерхлийн эхэн үедээ сэтгэл хөдлөлөөр хандаж, хүүхэдтэй болох, нэгнээ бүрэн таниагүй байхдаа гэр бүл зохиох зэргээр гэрлэлтэд хандах нь цөөнгүй. Гэр бүлийн амьдралыг эрүүл, тогтвортой, аз жаргалтай байлгахын тулд гэрлэлтэд хандах хандлагаа өөрчлөх шаардлагатай юм. Гэр бүл гэдэг нийгэмд болон тухайн хосуудад үнэ цэнтэй, үнэт зүйл нь байх ёстой” гэсэн юм.