Монгол хүн малаа зөв зүсэлж гэмээ нь ахуй соёл, уламжлал, үүх түүхээ ухаж, үнэ цэнээ мэдэрнэ. Бид Төв аймгийн Өгөөмөр галын уяач Н.Лхагвабаатартай уулзан таван хошуу малаа, тэр дундаа адуугаа хэрхэн зөв зүслэх талаар мэдээллийг бэлтгэлээ.
Монгол морины үндсэн зүс нь 40 гаруй байдаг ба дотор нь ангилан ялгавал 500-600 болдог байна. Зөвхөн хээр морийг хар хээр, шар хээр, бор хээр зэргээр олон янзаар ангилан ялгана.
Монгол адуу унаган ганц л зүстэй байсан ба тэр нь хээр зүсмийн морь. Гэтэл тэр нь бор өнгөтэй байдаг. Бор өнгөтэй адууг ямар учраас "хээр" гэж нэрлэдэг шалтгаан нь монголчууд эртнээс аливаа юманд арга билгийн ухаанаар хандаж ирсэнтэй холбоотой аж.
Анх зэрлэг адууг хээр талаас барьж ирэн гаршуулсан болохоор бэлгэшээж хээр адуу гэж нэрлэсэн гэж үздэг. Амьдрал ахуйдаа ашиглан тэжээгээд ирэхэд олон янзын зүстэй болсон. Заримыг нь өнгөөр нь нэрлэдэг. Хар бол хар морь, цагаан бол цагаан морь гэх мэт. Мөн зүйрлэж нэрлэдэг. Зээртэй адилхан адуу гараад ирэхэд нь зээрд адуу, хулантай адилхан гараад ирэхэд хул адуу гэх мэтээр зүсэлнэ.
Зарим адууг цээрлэж зүсэлсэн байдгийн нэг нь цагаан адууг бор зүстэй гэдэг. Бөөгийн шашинд цагаан өнгийг шүтдэг, тэнгэрийн унаа цагаан байдаг гэж үздэг тул цээрлэж "бор" гэж дууддаг ажээ.
Мөн уяач Н.Лхагвабаатар ярихдаа, "Суурингийн хүүхдүүд малын зүсээ мэдэхгүй байна. Үхэр байхад хүртэл мэдэхгүй л байна шүү дээ. Тэр байтугай үхрийг “жов” гээд хөөж байгаа юм. Хэлвэл ад болно. Суурингийн хүүхдийн хажууд энд морь унаж байгаа хүүхэд жинхэнэ Монголоороо явж байгаа. Сууринд байгаа хүүхдүүд бол Монгол ёс заншлаа гээсэн гэж боддог. Монгол хүн байж хонь туугаад ир гэхэд наанаас нь цааш нь хөөнө.
Том хүмүүс хүртэл морин дээр сууя гэж яриад байгаа юм. Сууна гэж юу гэсэн үг юм. Мордъё гэнэ шүү дээ. Бид өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэхийн тулд өөрсдөө сайн мэдэж, үр удамдаа зааж үлдээх учиртай гэж боддог" гэсэн юм.
Дэлгэрэнгүйг дээрх видеоноос хүлээн авна уу