"…Урлаг их хүнд ихийг өгдөг ч өршөөлгүй мэт хатуу дэгтэй. Гуниг зовлонгийн алинд нь ч тайзан дээр инээгээд зогсох "тушаал авсан дайчид” бол урлагийнхан.
Бид хөрөг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Энхнаранг урьж ярилцлаа. 2018 оноос хойш театрт ажиллаж буй тэрбээр урлагийн амьдралын гашуун атлаа гайхамшигт зүйлсийн талаар хуучилсан юм.
Зөвхөн сонгодог урлагт төвлөрөлгүй, нийтийн дууны салбарт хүч үзэж буй энэ бүсгүй энэ ондоо багтааж хит дуунуудтай болохоор төлөвлөж байна.
–Сайн байна уу? Манай үзэгчдэд та өөрийгөө танилцуулаач?
–Сайн байцгаана уу? Ганболдын Энхнаран гэдэг. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин байна. 2011 онд СУИС-ийг төгсөөд, Москвагийн Гнесиных урлагийн академийг 2017 онд төгсөж ирсэн. 2018 оноос хойш театртаа ажиллаж байгаа.
–УДБЭТ–ын гоцлол дуучин байна гэдэг амаргүй даваа байх тийм үү? Хариуцлагын хувьд.
–Дуурийн театрын гоцлол дуучин байна гэдэг маш өндөр түвшний, мэргэшсэн байдал шаарддаг. Дуулна, хажуугаар нь жүжиглэнэ. Бүх зүйл амьдаар тоглогддог учраас алдаа гаргах эрхгүй байдаг. Ямар нэгэн тохиолдлоор үгээ мартах, эсвэл хөдөлгөөнөө мартах үед, түүнийг бусдад мэдэгдүүлэхгүйн тулд яах ёстойгоо мэдэх ухаан хэрэгтэй. Тайзан дээр гуниг зовлон бүх зүйлээ мартаад, муухай харагдах эрхгүй. Унтах хүртлээ гоё сайхан байх ёстой гэж боддог.
–Урлагийнхан бүгдээрээ л тань шиг бодолтой байдаг байх. Үргэлж гоё байна гэдэг зарим үед залхмаар зүйл шиг санагддаг уу?
–Хүн л юм чинь уйлна, уурлана. Энэ бүхний цаана олны танил хүн өөрийнхөөрөө байх ёсгүй ч юм шиг. Хааяа бачуурах зүйлс тохиолдож л байсан.
–Урлагийн амьдрал хатуу гэдэг шүү дээ. Та үүнийг мэдэрсэн үү? Яагаад хатуу гэдэг юм бэ?
–Үүнийг ярихын тулд аав ээж хоёрыгоо ярих хэрэгтэй болов уу. Манай аав ээж хоёр огт хүн ялгаж харьцдаггүй хүмүүс. Хүн ямар ч байж болно. Хүн гэдэг үүднээс нь л харьцдаг байсан. Энэ хүмүүжлийг нь би амьдрал дээрээ хэрэгжүүлдэг. “За” бол “за”. “Чадахгүй” бол “чадахгүй”.
25 нас хүртлээ аавтайгаа амьдарсан. Тэр хүртлээ ухаан суугаагүй ч юм уу. Аав ээж хоёрыгоо мөнх юм шиг боддог байсан. Москвад байхдаа ардын дууны уралдаанд орох гээд тохирсон байсан юм. Манай аавын бие муу байсан.Тэр үед ах намайг, “битгий дуул” гээд л байсан юм. Би нэгэнт хэлсэн болохоор тохирчхоод цуцалж чадаагүй. Тэр үед аав минь өнгөрсөн. Ах маань надад хэлж чадаагүй. Одоо тэр бичлэгээ харахаар их л хөөрхөн инээчихсэн байдаг. Юугаа ч мэдэхгүй. Тэр мэдээг хэлсэн байсан ч надад дуулахаас өөр ямар ч гарц байгаагүй.
Ямар ч байсан аав маань, “Миний охин гадаадад сурч байгаа” гээд бахархалтай ярьж байгааг нь олон сонсож байсан. Хорвоогийн “мөнх бус” хүнийг хэзээ ч ялгадаггүй юм билээ. Ганц үлдсэн ээжийгээ өөрийнхөө чадах чинээгээр, аль болох л гоё байлгахыг хүсдэг. Монголд ирээд маш олон зохиолын дуу дуулсан. Тэр дундаа ээжийн тухай дуу их дууллаа. Яг энэ дууг ээждээ зориулъя гэсэн дуу огт дуулаагүй. Тэгэхээр би бүх зүйлээ зориулж, өөрийн хөлс, олсон мөнгөөрөө ээждээ зориулж гоё дуу хийсэн байгаа. Удахгүй хоолойны бичлэгэнд ороод ээждээ бэлэг барих гэж байгаа.
–Нийтийн дуу хэзээнээс дуулсан бэ?
–Жаахан байхаасаа л нийтийн дуу хамаагүй дуулдаг байсан болохоор амьдралтай их ойрхон байдаг. Хүнд хүрэх нь ойрхон гэсэн үг. Ээждээ зориулж дуулахад их гоё хүлээж авдаг. Итали хэлэн дээр “Ээж ээ” гээд дуулбал хүлээж авах нь ялгаатай шүү дээ. Монголчууддаа ойрхон дуу дуулах дуртай. Энэ жилдээ багтаж хоёр сайхан хит дуутай болъё гэж төлөвлөөд байгаа.
–Сүүлийн үед дууны тэмцээн уралдаанд оролцов уу?
–Намар “Вьетнамд тавтай морил” сэдэвт олон улсын дууны уралдаан болсон. Би өөрийгөө Вьетнамаар дуулчихна гэж огт бодож байгаагүй. Тэндээс тэргүүн байр эзэлсэн. Сүүлийн үеийн амжилт гэвэл энэ байна даа.
–Таны цаашдын зорилго мөрөөдөл юу байна?
–Би одоо бол сайхан ээж болохыг хүсэж байна. Амар тайван гэр бүлийн аз жаргал. Өнөөдрийг хүртэл, “би энэ хүнтэй суувал сайхан амьдарна” гэж бодсон хүн гарч ирээгүй. Хүн амьдралдаа нэг хийх сонголтоо маш зөв хийх ёстой. Гол нь миний сэтгэлийг дүүргэдэг байх хэрэгтэй. Би тэр хүний хажууд байхдаа аз жаргалыг мэдэрдэг байх л хангалттай.
–Баярлалаа. Баяр наадмын дугаар учраас та манай үзэгч уншигчдад наадамтай холбоотой дурсамжаа хуваалцаач?
–Миний хувьд Төв аймгийн Сэргэлэн сумынх. Жаахан байхдаа морь унадаг байсан. Жаахан хүүхэд морио манаад аавтайгаа хээр хонодог. Амжилт гаргаж байгаагүй ээ. Нэг сунгаанд уралдаж байгаад, гэнэт айгаад, хажуугаар явж байсан ах руу, “намайг бариад аваарай” гээд л. Өөрөө уралдаж байгаа шүү дээ. Ямар ч байсан хурдан зогсох гээд л. Юун уралдах. Тэгээд л хөөрхий морио зогсоогоод ирж байсан. Аав намайг загнаагүй. Нийт ард түмэндээ Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн мэнд дэвшүүлье. Та бүхэн минь сайхан наадаарай. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байгаарай гэж хэлье.
–Баярлалаа.