Монголчууд хошуу малынхаа үс ноосыг, хөөвөр хялгасыг нүүдлийн аж ахуйд тохирсон гар аргаар боловсруулан ахуй амьдралынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлсээр ирсэн уламжлалтай. Хаврын сүүл, зуны эхэн үед хонь мал өвс ногоонд цадаад ирэхээр үс ноос нь хөндийрч эхэлдэг. Энэ үеэр адуу дэллэх, үхэр хөөвөрлөх, тэмээ зогдорлох, хонь ноослох, ямаа самнах ажил өрнөдөг.
Эдгээрийн дотор хонь ноослох нь их онцлогтой. Монголчууд хонины ноосыг жилд 2 удаа авах бөгөөд зуны эхэн сард авсныг “уртын ноос”, намар авсныг “ахрын ноос” гэдэг. Хонины нас хүйс харгалзалгүй, хүч тэвээрэг сайтайгаас нь эхлэн ноослох ба уртын ноосыг хайчлан авдаг. Эм хонь, хурганаас бусдынх нь ахрын ноосыг авдаг. Энэ нь ирэх өвлийн хүйтэнд малаа бүрэн мэнд оруулахтай холбоотой. Шинэ ногоо идсэн хонины ноос хөндийрөхдөө амархан байдаг тул хавар ногооны гарц сайтай нутаг усанд бууж, хонь малаа ногоонд цатгадаг. Ноос авах өдрөө товлон туслуулах нутаг усны хүмүүст хэл дуулгана. Нутгийн хүмүүс хайч, хонины хөлийн боолт зэрэг хэрэгтэй хэрэгслээ өөрсдөө авчирч ажилд тусалдаг байна.
Сонгож тогтсон өдөр нь цаг агаар муу байвал нэг хонины ноосонд хайч хүргэн ноосноос нь бага зэрэг аваад түүнээс хойш ахин өдөр товлохгүйгээр ноосоо хяргадаг. Туслах хүмүүсийг ирэхээс өмнө гэрийн эзэн эхэлж хайч хүргэн хяргасан байх бөгөөд туслахаар ирсэн хүмүүс “Халдах хайч хурц, хагд унгас хөвсгөр буй за”, “хайч хурц, хайчилсан хонь мянга түм хүрч байг”, “Тоо нь бум түм хүрч, тоос нь огторгуйд хүрч байг” хэмээсэн ерөөлийн үг хэлнэ. Хариуд нь “ам өлзийтэй болог, ерөөл оршиг” гэх мэтээр талархдаг.
Энэ талаар Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн малчин А.Түвшинсанаа "Мал таргалаад өмнөх жилийнх нь энэ жилээс урд жилийнхээ ноос үс нь өвөлдөө өөрийгөө хуяглаад дааруулахгүйн тулд зуданд тэсвэртэй байхын тулд ноостой болчхож байгаа юм. Зунд нь авахгүй бол давхар ноостой энэ ноос нь салахгүй байж байгаад дахиад доороос нь ноос ургаад давхар ноостой болдог. Намар цагт хайрдаг.
Хонь бол ноосыг нь авна, их ашиг шим ихтэй, хотондоо тогтвортой, өвөл даарахгүй. Дан ямаа бол гүйгээд тогтдоггүй. Хоньтой хамт бэлчвэл тогтвортой, хариулахад амар болдог. Ногооны малыг салхины өөдөөс сөргөөж бэлчээгээд буцаагаад салхины уруу хөлөргөж малыг таргалуулдаг. Тийм учраас зах руу нь ургаж нөөс нь хөндийрдөг. Арьс, ноос хосрынх нь заагаар уртсаад хөндийрчихсөн байдаг. Ноосноос нь ахралдаж хяргана" гэв.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Хотод байгаа залуучуудад уриалж хэлэхэд мал ахуйгаа, газар усаа хайрладаг, зугаалсан газраа элдвийн хогоо хаядаггүй, байгалиа сүйтгэдэггүй баймаар байна. Би энэ нэгийг гээд хаяж байгаа ч гэсэн олон машин явж байгаа болгохоор бүгд нэг нэгийг хаяад байхаар замбараагүй их ундааны сав, гялгар уут янз бүрийн хог хотонд хийсэж ирдэг. Зам дээрээс хог салхиар хийсээд хийсээд манайхны гол ус, малын бэлчээр лүү ороод ирдэг.
Бид малынхаа бэлчээрлэдэг газрыг жилдээ нэг удаа цэвэрлэдэг. Ямарваа нэг юмыг хайрлаж байх юм бол тэр зүйлээс өгөөж ирдэг. Нутаг усаа хайрлаж, нутаг ус минь сайхан байна, баян хангай минь сайхан байна гэх юм бол өгөөжөө өгч хур тунадас хайрлаж, мал ахуй таргалаад сайхан болно" хэмээн хэллээ.
Хөдөө талаар аялахдаа иргэд та бүхэн хогоо бүү хаяарай!