Баян-Өлгий аймгийн “Сүлд” биеийн тамир, спорт хорооны харваач, Урианхай сурын “Дархан мэргэн” М.Батгэрэлтэй Урианхай сурын онцлог, ач холбогдлын тухай ярилцлаа.
-Та сайхан наадаж байна уу?
Сайхан наадаж байна.
-Та Урианхай сурын харваагаар хэчнээн жил хичээллэж байна вэ?
Урианхай сураар хэчнээн жил хичээллэсэн гэхэд хэцүү. Бараг ухаан орсон цагаасаа Урианхай сур харваж эхэлсэн. 1993 оноос хойш спорт болгон хичээллэж байна.
-Урианхай сурын харвааны онцлог, давуу тал нь юу вэ?
Урианхай сурын харвааны онцлог давуу тал нь дандаа эрчүүд харвадаг. Хатуу нум, эрчтэй хүнд сумаар харвадаг. Хүнд бай онож, цааш гаргадаг болохоор эмэгтэй хүн харвах боломж бага. Эрийн наадам гэдэг утгаараа эрчүүд харвадаг.
-Урианхай сурын харваагаар хичээллэснээр хүнд ямар чадвар суудаг вэ?
Спортоор хичээллэж байгаа учир эрүүл мэнд бүх талаараа эрүүл чийрэг, мундаг хүмүүжилтэй болно.
-Урианхай сурын харвааг үр хүүхдүүд, хойч үедээ уламжлуулдаг гоё соёлтой шүү дээ. Та өөрийн хүүхдүүддээ уламжлуулж байна уу?
Би гурван хүүтэй. Гурвуулаа үндэсний сурын харваагаар хичээллэдэг. Нэг хүү маань байт сураар хичээллэдэг. Байт суран спортын мастер. Үндэсний суран спортын дэд мастер. Урианхай сураар спортын мастер цолтой нэг хүү бий. Том хүү маань мундаг харвадаг.
Бага хүү маань 2018 оны үндэсний сурын хүүхдийн харвааны улсын аварга болж байсан.
Би 1998 оны баяр, наадмаас хойш наадмын харвааг таслаагүй. 1998 онд анх оролцохдоо үндэсний Халх сураар улсад түрүүлж байсан. Түүнээс хойш Урианхай сурын харваанд гурван удаа баяр наадмын харваанд түрүүлж, Буриад сурын харваанд хоёр удаа түрүүлсэн. Гурван сураар ижил тэгш хичээллэж, өөрийн шавь нар болон хүүхдүүдээ ижилхэн гурван сураар хичээллүүлж байна.
СУРЫН ХАРВААГААР ХИЧЭЭЛЛЭХ ЗАЛУУС НЭМЭГДСЭЭР БАЙНА
Сүүлийн үед сурын спортод залуус маш ихээр орж байна. Урианхай, Буриад, Халх гэлтгүй. Энэ спорт хүнд хэрэгтэй, ашигтай, биеийн хөгжил, хүмүүжилд мундаг нөлөөлнө. Харваан дээр байгаа мэргэд, ахмадууд маш гоё зөвлөгөө өгч, ядаж хүнтэй харилцах, мэндлэхээс эхлээд залуус маань мундаг соёлтой болж байгаад маш их баяртай байна. Энэ ерөөсөө л энэ спортын мөн чанар юм уу даа.
Урианхайчууд цагаан сарын шинийн гурванаас эхлээд айл бүр сур харвуулдаг уламжлалтай. Бидний хувьд хүүхэд байхаас л энэ харваа байсаар байсан. Урианхай ард түмэнд сур мэдэхгүй хүн бараг байхгүй. Яагаад гэвэл гэр оронд нь цагаан сараар харваж байна. Үргэлжлүүлээд нөгөө айлууд нь харваж байна. Хаврын гурван сарыг сур харвасаар дуусгадаг ард түмэн дээ, манай Урианхай ард түмэн.
-Сур харваад, байгаа оносны дараа танд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрдөг вэ?
Байг онохын тулд хүний бүх л мэдрэмж, тэвчээр тэр бүхэн бүрэлдсэний дараа сум гарна. Би яг өөрийнхөө бүх техник, шаардлагатай зүйлсийг бүрэн хийсний дараа гарч байгаа сумандаа итгэлтэй байна. Миний сум тусах нь тодорхой. Жаахан алдаатай гаргасан сум “энэ яах бол” гэж бодно. Урианхай сурыг та нар ажиглаад хараарай. Очиж тусч байгаа сурын хүч, цаашаа өнхрөөд гарч байгаа сурыг харахаар ямар ч эрх хүн бахархам. Үнэхээр өөртөө бахархмаар гоё мэдрэмж Урианхай сур үнэхээр гайхалтай.
Төрийн наадам шүү дээ. Эрийн гурван наадмын нэг болсон Урианхай сурын харваанд түрүүлнэ гэдэг бол тэр өдрийн аз, од нь гийсэн, бэлтгэл ханасан их гоё үед хүн түрүүлнэ. Түрүүлсэн тэр мэдрэмжээ үгээр хэлэх аргагүй. Монголд бол олимп. Эрийн гурван наадмын олимп. Энэ олимпод түрүүлнэ гэдэг гайхамшиг.
Наадам Монгол хүн бүрийг огшоосон сайхан агшин байдаг. Монгол хүний салшгүй гоё мэдрэмж.
Монголын ард түмэнд 100, 101 жилийг хамтад нь тэмдэглэж байгаа. Энэ ойдоо бүгдээрээ элгээрээ энх амгалан, сайхан наадахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
-Ярилцсанд баярлалаа.