“Хөрөг” нэвтрүүлэг энэ удаа Улсын их баяр наадмыг тохиолдуулан Төв аймгийн алдарч уяач Ц.Алтангэрэлийг онцоллоо. Монгол хүн морь унаж өсөөд, уяж өтөлдөг хэмээн ярих тэрбээр таван настайгаасаа морь унаж эхэлжээ. Харин өнөөдөр тэр аавынхаа эрдмийг залгаж морь уяхын дээр үр хүүхдүүддээ өв уламжлалаа өвлүүлэхээр зорьж буй юм.
-Сайн байна уу? Та сайхан наадаж байна уу? Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Би Төв аймгийн алдарт уяач Ц.Алтангэрэл гэдэг хүн байна. Таван настайгаасаа морь унаж сураад л, “Айдсын даваа”-гаар 7-8 давсан. Мориноос хасагдаад ирэхээр аавыгаа дагаж морь уяад, 2005 оноос гардаж уялаа даа. Би аймгаас 4-5 айраг, Гиннест нэг морь оруулсан. Бүсэд найм есөөр ганц хоёр морь давхиулсан. Бүсэд арай айрагдаагүй. Ийм л хүн байна даа.
-Гиннест оруулсан мориныхоо талаар яриач? Сэтгэл нь их хөдөлсөн байх.
-Гиннест оруулсан миний хул морь бол манай унаган морь юм. 19 настайдаа гиннест айрагдаж байсан. Морь айрагдаад ирэхэд л омогшил төрнө шүү дээ. Нүдэндээ доголон нулимстай мориныхоо хөлсийг хусаад гүйх шиг сайхан зүйл үгүй. Монголын түүх Монгол адуутай салшгүй холбоотой шүү дээ. Маш их сэтгэл хөдөлсөн.
-Монгол адууны онцлогийг та манай үзэгчдэд хэлж өгөөч?
-Чингис хаан Монгол морьтой л дэлхийг дайлаар мордож байсан болохоос, эрлийз адуутай мордож байгаагүй. Эрлийз адуу яах вэ. Түргэн нь түргэн. Хурдан сайхан. Тэсвэр хатуужлаараа Монгол адууг хэзээ ч гүйцэхгүй.
Би 3000 адуутай, мөн дүүтэйгээ хамт оторт Хөлөн буйр явж байсан юм. Тэгэхэд хүмүүс 3000 адуу хараад айдаг болсон юм билээ. Дээр үед бол 3000 адуу гэдэг дээд байлаа шүү дээ. Өвөр Монгол залуу хүртэл ирээд, “Хэй.. Гоё юм аа. Би ийм зүйл үзээгүй шүү дээ” гээд нулимс дуслуулаад хөдөлж байсан. Сүүлийн хөтөлгөөд морьтой явж байгаа нь мань мэтээр л өнгөрч байгаа байх. Түүнээс хойш мотоцикл энэ тэр гээд янз бүрийн зүйл гараад ирсэн.
-Морь эдэлдэг хүн гэж үлдэх нь үү?
-Одоо морь эдэлдэг хүн гэж байхаа байлаа. Уях гэж байгаа хэдэн морио л эдэлнэ үү гэхээс яг эрэлд морь унаад явдаг хүн гэж байхгүй боллоо. Номхон морь ховордож, хүүхэд унадаг морь гэж байхгүй боллоо л гэсэн үг. Уяа морьд гээд л энхрийлсэн хэдэн морьд. Тийм л боллоо. Уг нь Монгол хүн мориноосоо бууж болохгүй юм сан.
-Монгол хүн мориноосоо бууж болохгүй гээд та их сайхан хэллээ. Энэ талаар дэлгэрүүлээч?
-Монголчууд хүүхэд байхаасаа авхуулаад морь унаж өссөн. Сүүлд нь морь уяж өтлөөд хорвоогоос хальдаг жамтай байлаа. Гэтэл одоо хүүхдүүдээр морь унуулахаа байсан байна. Морь унахаар л үхэх гэж байгаа юм шиг. Үхдэг л гэсэн ойлголттой болжээ. Ингэхээр л буруудчихаж байгаа юм. Энэ уудам талыг морьтойгоо л туулах ёстой.
МОРИНЫХОО ЗҮСИЙГ Ч МЭДЭХГҮЙ "УЯАЧ" НЭРТЭЙ ХҮН ИХ БОЛСОН
-Сүүлийн үед хүмүүс мөнгөтэй хүн морь уядаг гэдэг ойлголттой болжээ. Үүн дээр та ямар байх суурьтай байна вэ?
-Өөрөө яг голлож уяад цолоо авсан хүнийг уяач гэнэ үү гэхээс, хүнээр уяулчхаад цол авдаг зүйл бол уяач хүний хийх ажил биш. Ийм зүйл их болж байна даа. Түүнийг би нэг их ойшоодоггүй юм аа. Өөрөө гардаж уяад, хажууд нь манахдаа манаад, нойртой бол нойртой, нойргүй бол нойргүй хононо. Уртын сунгаанаас хойш уяач гэдэг хүнд унтах эрх байдаггүй шүү дээ. Бүтэн жилийн хөдөлмөр гуравхан өдөрт гарна. Уяач гэдэг гуравхан өдрийн төлөө жил гаруй зорьж байгаа хүмүүс. Хурдан морьтой атлаа мориныхоо зүсийг мэдэхгүй хүн их байна. Тэгчхээд уяач гээд байдаг.
-Энэ жил та наадамд яаж оролцох гэж байна даа?
– Манай Өгөөмөр галын гурван уяанд улсад уралдуулах дөрвөн их насны морь байна. Аль дөмгийг нь аваачиж мордуулна аа.
-Адуу малнаас хол залуус их байна шүү дээ. Эдгээр хүүхэд залууст та Монгол наадмын, тэр дундаа адууны талаар юу хэлэх вэ?
-Монгол наадам гэдэг Монгол морио, Монгол эр хүн уяна, Монгол хүүхдүүд унана. Өв соёлоо үргэлжлүүлж байгаа хэрэг. Адуутай холбогдсон хүн, хүүхэд ялгаагүй хүнээс үг дуулж сурна. Хүнтэй харьцаж сурна. Морь уяагүй бол Ц.Алтангэрэл гэдэг хүнийг хэн ч танихгүй. Их гоё зүйл бол ерөөсөө л морь уях.
Нэг лам хэлсэн гэсэн шүү дээ. Хийморийн сан тавиулъя гэсэн чинь, “Соёолон морь уя” гэсэн гэж. Ийм л хийморьтой амьтан юм. Нодилон жил наадам хүлээж хүлээж, би Ховдод очиж уралдсан. Гэхдээ яах вэ. Морь арай айрагдаагүй. Гэхдээ сайхан давхисан. Морь уралдуулж байгаа хүнд хүүхэд, морь нь мэнд байх л янзын гоё шүү дээ.
-Үзэгчдэд хандаж хэлэх зүйл байна уу?
-Монгол улсын 100, 101 жил цуг тохиож байгаа. Монголын ард түмэн бүгдээрээ сайхан наадацгаагаарай. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, морьны цагаан босоо хийморь бүгдийг ивээж яваг гэж ерөөе.