Монгол улсын иргэн байсныхаа төлөө, итгэл үнэмшлээрээ шударга бус зүйлийг эсэргүүцсэнийхээ төлөө яллагдагчаар татагдаж, амьдралынхаа алтан цаг хугацааг алдсан иргэн Д.Мөнхбат манай нэвтрүүлэгт оролцлоо. Түүний хувьд цагдаа, шүүхийн байгууллагын алдаатай тогтолцоо хийгээд нэг жил зургаан сарын хугацаанд алдсан, ойлгосон зүйлсийнхээ талаар хуваалцсан юм.
-Нэвтрүүлгийн урилга хүлээн авсан танд баярлалаа. Нэг жил хагасын хугацаанд “яллагдагч” болж явсан байна. Энэ бүх зүйл хэзээ, хаанаас эхлэв ээ?
–Жил зургаан сарын хугацаанд хууль цагдаа прокурор гэсэн тойрог үүслээ. Яг юунаас эхэлсэн гэхээр, миний хийсэн үйлдэлд зөрчлийн хэрэг болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс бүх зүйл эхэлсэн. Цар тахлын үед 21 хоногийн хорио гэж байсан шүү дээ. Энэ хорионы үеэр эрүүл ирсэн хүмүүс халдвартай голомтод очин өвчин аваад хохирч байсан. 11 дүгээр сарын 10-ны өдөр энд өвчний голомт байна. Эрүүл ирсэн хүмүүс өвчин аваад байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэр мэдээллээр халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг, ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан гээд зөрчлийн хуулиар яллагдагчаар татсан. Зөрчлийн хэрэг дээр ялсан. Эрүүгийн хэрэг дээр надад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж прокурорын тогтоол гарсан. Ард иргэдийг төөрөгдүүлсэн гэж байгаа юм.
-Таны хувьд яллагдагчаар татаж байгаа эдгээр хуулийн заалтууд хэр үндэслэлтэй санагдсан бэ?
-Яг төөрөлдсөн ард иргэд нь хаана байгаа юм, мэдэхгүй. Хэн хэнийг хаанаас төөрөгдүүлээд байгаа юм гэдэг дээр хуулийн харьцангуй хэрэглээ гарч байгаа юм. Хэн гомдол мэдүүлсэн юм гэхээр, ямар нэгэн иргэн хохироод гомдол мэдүүлээгүй. Цагдаагийн албан хаагч нь гомдол мэдүүлсэн байдаг. Ингээд харахаар цагдаа гэдэг ямар үйл ажиллагаатай хүмүүс юм. Зүгээр байгаа иргэнтэйгээ ялтан шиг харьцаад, “чи гэмт хэрэгтэн, чи болохгүй байна. Яадаг муу яллагдагч вэ” гээд жил зургаан сар явах шаардлага байхгүй. Бидэнд дутагдаад байгаа зүйл бол шат шатны ойлголцол.
-Шүүх цагдаагаар явж байх энэ хугацаанд танд дарамт, шахалт үзүүлж байсан тохиолдол бий юу?
-“Чи л Монголд өвчин тараасан” ч гэнэ үү. Ямар ч үндэслэлгүй дайрах тохиолдол байсан. Миний хийсэн үйлдэлд тулгатай дүгнэлт хийх биш хувь хүн рүү дайрсан зүйл их ирж л байсан гэсэн үг. Намайг 12 дугаар сарын 30-нд эмнэлгээс гарахад л шууд цагдаа нар ирээд аваад явсан. Өвчин тусаад биеийн байдал хүнд байхад онлайнаар мэдүүлэг авсан. Бас ч болоогүй хөл муу ээжийг минь цагдаа нар дуудаж мэдүүлэг авсан байсан. Эдгээр зүйлс бол хангалттай дарамт болсон гэж болно.
СЭТГЭЛ ЗҮЙГЭЭРЭЭ НААДУУЛЖ ЖОКЕР ШИГ Л БОЛСОН
-Сэтгэл санааны байдал хүнд байсан байх. Шударга бус зүйлийн төлөө үг хэлснээрээ та юу юу алдсан бэ?
-Би энэ явдлаас хэдхэн сарын өмнө гадаадад хөдөлмөр эрхлээд маш тайван амьдарч байсан. Ирээд өвчин тусаж байгаа юм. “Энэ өрөөрүү ор” гээд л халдвартай өрөө рүү оруулчихсан. Гарч ирээд л цагдаагийн байгууллагатай зууралдаад, арай гэж учир нь олдох гээд эдгэрээд явж байтал дахиад өөр хэргээр цагдаагийн байгууллагаас дуудаж байгаа юм. Ажилгүй боллоо, сэтгэл санаагаар уналаа, өвчин тусаад ямар олиг байх вэ. Хүнд байсан. Гэсэн ч худлаа зүйл яриагүй учраас харамсал төрдөггүй.
Миний хувьд энэ хугацаанд маш олон боломжуудаа алдсан. Том төслүүд дээр хамтарч ажиллах боломжтой байсан. Тэр бүхэн маань нурсан. Зүгээр сэтгэлзүйгээр тоглож байгаа юм. Жокер шиг л болсон. Инээх үү, уйлах уу аль нь ч биш. Жил зургаан сар яллагдагч гэсэн нэрийн доор байхад санхүүгийн олон асуудалтай тулгарсан. Энэ бүх дарамтыг туулсны дараа би буруугүй болж таарлаа. “Буруутай буруутай” гэж байснаа, “Өө чи өршөөгдөх үү, чи буруугүй” гэдэг ч юм уу. Өршөөлийн хуулинд хамруулна ч гэж байх шиг. Үнэндээ утгагүй.
ЗАЛУУС АСУУДАЛ СӨХӨӨД ХАЯХ БИШ НЭГ ХЭСЭГ НЬ БОЛЖ ҮР ДҮН ГАРГАДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Та мэдүүлэг өгч, байцаагдсан энэ хугацаандаа шүүх, цагдаагийн байгууллагын тогтолцооны талаар юу анзаарсан бэ? Хэр шударга уялдаа холбоотой байна вэ?
-Миний анзаарснаар зөвхөн Монгол болон Оросод эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх үйл явц дунд шүүхээс, гэм буруутайг нь нотолтол мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь яг юу гэсэн үг юм бэ. Утгагүй тогтолцоо. Нөгөө талаас иргэд бид өөрсдөө хуулийн ойлголтгүй. Хувийн итгэл үнэмшлээр шударга бус тогтолцоог ялгаж салгадаг байх хэрэгтэй. Ямар нэгэн иргэнд хувийн итгэл үнэмшил төрж байвал зогсоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зөв. Асуудал дэвшүүлээд зогсох биш, асуудлынхаа нэг хэсэг, шийдэл нь болох хэрэгтэй. Ингэснээрээ бид хүсээд байгаа хөгжил рүүгээ жаахан ч гэсэн ойртоно.
“Болохгүй байна” гэж баахан самбар барьж орилоод, энд тэнд лайв хийж чарлаад л. Яг үнэндээ өнгөн хэлбэр дээрээ л тэмцэл болохоос гүн рүү орж чадахгүй. Миний энэ үйлдэл олон нийтэд иргэн ялсан гэдэг их бага хэмжээний жишиг тогтоох юм болов уу гэж харж байгаа. Энэ мэт жижиг жишгүүд явсаар байгаад босго болно гэж боддог.
-Таны хувьд цаг хугацаа, сэтгэл санаа, санхүү гээд их хэмжээний хохирол амсжээ. Нэхэмжлэл гаргасан байсан шүү дээ. Энэ талаараа яриач?
-Энэ үйл явдлаас болж үүссэн хохирлоо нэхэмжлээд ХУД-ийн Иргэний шүүхэд хандсан байгаа. Иргэний шүүх хүлээж аваад шүүх хурал товлосон. Анхан шатны шүүх хурал товлогдоод түүн дээрээ ялалт байгуулсан байгаа.
КОМЕДИ БОЛ ҮГЭЭ ХЭЛЭХ “ИРГЭНИЙ ИНДЭР”
-Ингэхэд хэзээнээс комедиан болсон бэ? Яагаад энэ салбарт орох болов оо?
-Комедиан болтол мийм хийсэн шүү дээ. Анх энэ салбар луу орсон шалтгаан нь юу гэхээр, би сая хэлсэн сэтгэл санааны хямралд орчихсон үе байлаа. Тэр үед би зөөлөн дулаан орчин хайж эхэлсэн. Ярих талбар гэх юм уу. Тэгээд UB комедийн тайзан дээр ярьж эхэлсэн. Би комедиг иргэний индэр, шударга шүүмжлэл өрнүүлэх талбар хардаг. Ингэж явсаар үг ямар хүчтэй гэдгийг мэдэрсэн. Гол нь үнэн байх хэрэгтэй. Үнэн хэзээд ялдаг. Үнэн өвтгөдөг. Үнэн эцэстээ тороод л үлддэг шүү дээ. Комеди бол үзэл санааны давлагаа юм байна гэдгийг ойлгосон доо.
-Та их зүйлээ алдсан ч эргүүлээд авах зүйл байсан бололтой. Тийм үү?
-Алдсан зүйлээ нөхөөд олоод авчихсан гэж боддог. Магадгүй энэ нь комедиан болох зам ч байж болно. Өөр гэвэл сайхан өмгөөлөгч, хуульч найзуудтай боллоо. Огт танихгүй хүн санаа тавиад л. Сэтгэлтэй хүмүүстэй таарлаа. Алдах юм аа алдсан, авах юм аа авсан. Тиймээс явах ёстой замаараа л явсан гэж ойлгож байгаа.
-Комедигоос юу авах юм бэ? гээд л агуулга хайдаг хүмүүс бий шүү дээ. Үүнд тайлбар өгөөч?
-Юу авахаа үзэгч өөрөөсөө асуух хэрэгтэй. Мэдээж шүүмж хэрэгтэй. Гол нь үндэслэл. Бидний хувьд юунд ч баригддаггүй. Задгай сэтгэдэг. Хүн ер нь сонсохыг хүссэн зүйлээ л олж сонсдог шүү дээ.
ҮЗЭЛ САНАА Л ҮЛДЭНЭ, ҮНЭНЧ БАЙХ НЬ ЧУХАЛ
-Таны хувьд өнөөдрийн нийгэм, улс төрд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Учиргүй дээшээ, “томчууд”-ыг шүүмжлээд байдаггүй. “Та нарын ажил болохгүй байна. Та нар муу байна” гэх шаардлагагүй. Сая залуусын жагсаал боллоо. Жагсаал дээр тулгатай шаардлага дэвшүүлж байгаа хүн байгаагүй. “Үнээ буулга, тэрийгээ ингэ, энийгээ тэг” гэсэн л хүмүүс. Үүнийг чинь нэг хүн гарч ирээд, “үнэ буулгалаа, бензинээ ингэлээ” гэх зүйл биш. Магадгүй ирээдүйн бид тэдгээр хүмүүсийн байранд оччихсон худлаа яриад, хулгай хийгээд явж байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр залуучууд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. Нэг их алсаас хайх шаардлага байхгүй. Өдөр тутамдаа өөртөө үнэнч байх хэрэгтэй. Үзэл бодолдоо үнэнч байх хэрэгтэй. Юу үлдэх юм, үзэл санаа л үлдэнэ.
-Танд үзэгчдэдээ хандаж хэлэхийг хүссэн зүйл байна уу?
– Бид гуравхан саяулаа. Жижигхэн улсад амьдарч байж нэгнийхээ дээр гарах гээд, доош нь хийх гээд байх… Яг үнэндээ өргөн сэтгэвэл ингэх ямар ч шаардлагагүй. Бид энэ дэлхий дээр ирсэн зүгээр л зочид шүү дээ. Үсрээд л 70-80 жил амьдраад явна. Машин тэрэг, байр байдал хамаагүй. Ийм жижигхэн зүйлд баригдаж, яагаад бужигналдан алалцаад байгааг ойлгохгүй байна.
-Баярлалаа