“Үжин Парфумс” брэндийн үүсгэн байгуулагч Б.Ану-Үжинтэй үнэртэй усыг хэрхэн зөв сонгох, хадгалах, хэрэглэх тухай ярилцлаа.
Үнэртэй ус худалдаж авахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?
Мэдээж эхлээд үнэрлэнэ. Биеийнхээ хамгийн дулаан цэгт үнэртэй усаа цацна. Цусны эргэлт сайтай учир гарын бугуй, хүзүүний хажуу, өвдөгний ар гэх мэт. Үнэртэй усыг цусны эргэлтийн төвд цацвал удаан тогтдог. Үнэр нь өөрчлөгдөхгүй үнэртдэг. Миний хувьд арьсан дээр цацахаас илүү конус шилэнд цацаж үнэрлэдэг. Бид үнэртэй ус авахдаа тестер цаас ашигладаг. Цаасыг модоор хийдэг. Мод өөрийн гэсэн үнэртэй. Тиймээс цаасанд үнэртэй усыг цацаж үнэрлэх үед үнэртэй ус өөрийн шинж чанараа алдаж байдаг. Арьс, цаасанд үнэртэхээс илүү шилэнд үнэртэх хэрэгтэй. Тэр дундаа конус шил хамгийн тохиромжтой.
Мөн үнэртэй ус авах үедээ цацаад шууд худалдаж авах биш цацсаныхаа дараа дэлгүүрээрээ яваад, кофе үнэрлээд, уугаад, чихэр идэх зэрэг өөр зүйлд сатаарч байгаад 30 минутын дараа дахиад үнэртвэл жинхэнэ суурь үнэр нь үнэртэнэ.
Үнэртэй ус авахдаа конус шилэнд цацаж үнэртээд, 30 минутын дараа дахин үнэртээд худалдаж аваарай.
Үнэртэй усыг хэрхэн зөв хэрэглэх вэ?
Үнэртэй усны хэрэглээ төрлөөсөө шалтгаална.
- Eau de Cologne 2-3 цаг
- Toilette 3-4 цаг
- Eau de Farfume 4-6 цаг
- Farfume 6-8 цагийн хугацаанд үнэрээ барьдаг.
Энэ давтамжаар үнэртэй усаа сэргээж хэрэглэх нь зөв. Хүмүүс давтамжийг нь мэддэггүй учраас үнэртэй усаа сэргээдэггүй. Эсвэл ойр ойрхон сэргээгээд, хэт ихдүүлдэг.
Үүнээс бага цагаар үнэрээ барьдаг үнэртэй уснууд ч байгаа. Хамгийн багадаа 2-3 цагийн давтамжтай үнэртэй усаа сэргээж болно. Түүнээс 30 минут тутамд цацаад л эсвэл нэг цацахдаа бүх газартаа цацах нь буруу. Хаа хамаагүй олон газар цацахгүй, үнэрийг нь удаан барих газартаа цацвал илүү удаан барина.
Мөн Eau de орсон нь нэрмэл ус агуулсан, арай зөөлөн, тогтоц багатай. Харин дан Farfume төрөл нь ус ороогүй, хурц, хүчтэй, удаан тогтоцтой байдаг.
Үнэртэй усаа хаана цацвал илүү удаан үнэрээ хадгалах вэ?
Би үсэндээ цацдаг. Үсэндээ цацвал ард явж байгаа хүнд үнэртдэг. Үс үнэрийг маш удаан барьдаг. Мөн шилэн хүзүү, бидний хамгийн сайн мэдэх чихний хоёр тал, бугуй, хөхний голд, бэлхүүсний дээд хэсэг, өвдөгний ар, шилбэний арын хэсэг. Энэ хэсгүүдэд үнэртэй ус цацвал удаан тогтдог. Учир нь цусны эргэлт явагдаж байдаг.
Хадгалах нөхцөл ямар байх ёстой вэ?
Үнэртэй усыг харанхуй орчинд хадгалах ёстой. Үнэртэй ус нот буюу тосноос бүрддэг. Тос нь гэрэлтэй, гэгээтэй, салхитай, хүйтэн, халуунд өөрчлөлт ордог. Заримдаа тунадас үүсэх, ширгэх, тэлэх, халах, уурших зэргээр өөрчлөгдөнө. Үнэртэй усыг ямар нэг өөрчлөлтгүй, өөрийн цэвэр үнэрээр нь байлгая гэвэл нэгдүгээрт саванд нь хадгалах ёстой. Хоёрдугаарт нарны тусгалаас хол хадгална.
Ямар ч үнэртэй усыг таваас дээш жил хэрэглээд хэрэггүй. Аль болох бага граммтай ус аваад, зөв хадгалж, зөв давтамжийн дагуу, зөв газраа цацах хэрэгтэй.
Мөн ихэнх хүн үнэртэй усаа хувцас руугаа цацдаг. Дараа нь дахиад нөгөө хувцас руугаа өөр үнэртэй ус цацах алдаа их гаргадаг. Тийм тохиолдолд хоёр өөр төрлийн үнэр холилдоод, юу үнэртээд байгаа нь ойлгогддоггүй.
Үнэртэй ус нь тухайн хүнийг илэрхийлэх нэг илэрхийлэл. Гоё үнэртэй гоё байдаг. Өөрийгөө зөв илэрхийлье гэвэл өөрт тохиорсон үнэртэй усыг олоорой.
Өөрийн дуртай үнэрээ хэрхэн олох вэ гэж их асуудаг. Frantica /https://www.fragrantica.mn/ / гэдэг үнэртэй усны сайт байдаг. Энд Монгол хэлээр үнэртэй усны тухай маш олон мэдээлэл байдаг. Өөрийн дуртай үнэрийг олохын тулд сайн хайж, судлаарай.
Үнэртний соёлыг ойлгож, таалж чадвал тэр тансаг хэрэглээ болно.