Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр иргэд хоногийн хэрэглээгээ танаж байна. Мах авч дийлэхгүй учраас яс бөөндөж авч, шөл гаргаж ууж байгаа тухайгаа Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нэгэн иргэн ярьсан юм.
Танай хөргөгчид ямар ямар хүнсний бүтээгдэхүүн байгаа вэ?
“Бид яс худалдаж аваад, шөлийг нь буцалгаж уудаг. Хэсэг хэсэгт хуваагаад, түүнийгээ хөргөгчинд хийнэ. Нэг тогоо шөлөнд атгахан яс хийгээд идэх жишээтэй”.
“Өнөөдөр уг нь ясанд явсан. Дандаа чөмөгтэй яснууд байна.
Хөлдөөгчинд сүүл, булуу, чөмөгний яс байна. Ясаа чанаад кальци гаргаж ууна.
Настай бид ийм л хоол идэж амьдарч байна даа”.
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн ядуурлын индексийн судалгаагаар Монголд гурван хүн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой буюу ядуу гэсэн ангилалд багтаж байна. Өнөөдөр хагас кг махны үнэ 7 мянгад хүрч, инфляци 15 хувь даваад байна.
Үргэлжлүүлэн бид Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн хүнсний дэлгүүрийн худалдагчтай ярилцлаа. Энэ дэлгүүрт зөвхөн энэ сард гэхэд л 10 гаруй хүн, 500 мянган төгрөгийн зээл тавьсан байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдан авах чадвар буурснаар дэлгүүрийн орлого буурч байгаа тухай худалдагч ярьсан юм.
“Бараа бүтээгдэхүүний үнэ маш өндөр байна. Хүмүүс өргөн хэрэглээний бараа л авдаг болсон. Мах, гурил, ногоо, талх, саван, 00 цаас зэрэг шаардлагатай зүйлсээ л авдаг болсон. Манай дэлгүүрт зургаан сард зээл авсан 10 гаруй хүн байна. Үнийн дүнг бодоод үзвэл 400-500 мянга орчим төгрөгийн зээл байгаа. Зээлээ төлөх хугацааны хувьд цалинтай хүмүүс цалингаа буухаар төлдөг. Тогтсон ажилгүй зарим хүн хугацаандаа төлөхгүй байх тохиолдол цөөнгүй.
Өмнөх жилүүдтэй харьцуулбал иргэд зээл тавих нь ихэссэн” гэв.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.