"Монгол улсын иргэдийн дийлэнх нь идэх хоолоо ч хүчрэхгүй болтлоо доройтлоо. 2020 оны парламентын сонгуульд бид хариуцлагагүй хандсаны гороор өнөөдөр хариуцлага нэхэх улс төрчид парламентад алга" гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна.
Бид "МЭК" судалгааны төвийн захирал, судлаач Л.Золбаатартай уулзаж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь хэр оновчтой эсэхийг тодрууллаа. Түүний хувьд хариуцлага хүлээдэг парламенттай болохын тулд үүнийг бүрдүүлэх уялдаа холбоог харж сонголтоо хийх ёстойг хэлсэн юм.
Тэрбээр, “Эдийн засгийн байдал иргэний хувьд, хүнд хэцүү байвал хэн үүн дээр хариуцлага хүлээх вэ гэдэг уялдаа холбоог харж парламентын сонгуульд оролцох хэрэгтэй. Амьдрал болохгүй байна. Амьдрал хэцүү байна гэдгийн шалтгааныг одоо засаг барьж байгаа МАН-тай уях уу үгүй юу? Уяж байгаа нь хэр бодит уяж байна гэдэг чухал. Мэдээж хэрэг ковид, ОХУ, Украины дайны асуудал манай эдийн засагт хүндээр тусаж байна. Гэсэн ч Монголын парламентын гишүүд шууд хариуцлага хүлээх олон асуудал байгаа шүү дээ. Эдийн засаг хэцүү, үнийн өсөлтийн асуудал гээд. Ийм нөхцөлд гэрийн тэжээмэл амьтны хуулийн төсөл яриад, түүнийгээ сэвж цаг үрэх шаардлагатай ч юм уу үгүй ч юм уу. Бодох л асуудал.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчлөх санал гараад байгаа. Холимог тогтолцоо бол одоогийн нөхцөлд хамгийн зөв, боломжит шийдэл болж таарна. Их хурлын гишүүдийн тоог нэмэх мөн л зөв шийдэл. Энэ бол 1990-ээд оны эхээр гарсан 76 гэдэг тоо шүү дээ. Түүнээс хойш хүн ам хичнээн нэмэгдсэн. Тоог нэмснээр нэг гишүүнээс хамаарах хамаарал буурах юм. Харин түүнтэй холбоотой зардлаа барьж болно.
2020 оны парламентын сонгуулиар ялсан, залуу гэж нэрлэгдэж байгаа улс төрчид том улс төрд орж ирээд амжилтгүй байсан түүхээс харахад, сонголт хийхдээ зөвхөн насыг нь харж болохгүй юм гэдгийг анзаарах хэрэгтэй. МАН залуусыг түлхүү дэмжсэн. Ялалт байгуулсан олон залуу байгаа. Дурдвал Г.Амартүвшинг ХУД-ийн сонгогчдын 42 хувь нь дахиж сонгохгүй гэсэн байгаа юм. Дэмжиж байгаа 10 хувь байна. 49-50 хувь нь “мэдэхгүй” гэж байгаа. Том улс төрд азаар орж ирээд, хоёр жилийн дараа түүнийг дэмжиж байгаа нь, дэмжихгүй байгаагаас дөрөв дахин бага болж байгаа юм.
Х.Ганхуягийг БГД-ийн иргэдийн 13 хувь нь дэмжиж байгаа. Эсрэг нь 50 хувь байна. Том улс төрд гарсны дараа нөгөө хүний маань ярьдаг яриа, гаргаж буй санал иргэдийн амьдралаас тасраад эхэлсэн. Эдийн засаг хүнд байхад ийм зүйлийг иргэд яасан ч эерэгээр хүлээж авахгүй” гэсэн юм.
Уншигч та бүхэнд МЭК судалгааны төвөөс гаргасан “Сонгогчид өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийг дахин сонгох эсэх байдал” судалгааны хэсгээс хүргэе.